Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны II хуралдаан нийт гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд эхэллээ. Хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гишүүдэд шинэ оны мэнд хүргээд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал,Ардчилсан намын цаашид баримтлах бодлогын талаар дурдав. Тэрбээр “Өнөөгийн эрх баригч МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж улайрч байна. Монгол Улсын Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг хангасан чухал баримт бичиг. Гэтэл Ерөнхийлөгчийг нэр төдий болгох, улс төрийн тогтворгүй байдал бий болгох хуулийн төсөл болголоо. Энэ мэтчилэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгааг Ардчилсан нам тууштай эсэргүүцнэ гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэлээ.
Үүнээс гадна өнөөгийн эрх баригчид 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, ОУВС-нд орохын тулд долоон төрлийн татвар нэмсэн нь ард түмний нуруунд хүнд ачаа үүрүүлж, дундаж орлоготой иргэдийг ядуучуудын эгнээнд нэмж, жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнаа халж, үйл ажиллагаагаа хумих нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлов.
Мөн “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлттэй холбоотой. Эрх баригчид эдийн засгийн ийм таатай нөхцөлд ажиллаж чадахгүй байгаа нь МАН-д улс орныг удирдах чадавх байхгүй гэдгийг нотлон харуулж байна. 2012-2016 онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байсан. Тухайн үед бид ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэх бус тодорхой бодлого гаргаж, зөв ажилласан. Харин МАН ямар ч бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байна. Улс орны ийм хүнд үед бид хуралдаж буй нь ач холбогдолтой юм. Энэ үед Ардчилсан нам хэрхэн ажиллаж вэ, ард түмний нуруун дээрх хүнд ачааг яаж багасгах вэ. Бид үүнд чиглэсэн бодлого гаргаж, цаашид Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсон хүчирхэг улс төрийн нам болж, эв нэгдэлтэй зангидсан гар шиг ажиллах ёстой” хэмээв.
Үүний дараа Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдэд үнэмлэх гардууллаа. Мөн Үзэл баримтлалын төслийг АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд танилцуулав. Тус төсөлд үзэл баримтлалын хамрах хүрээг хөгжлийн үзэл, төрийн тогтолцооны үзэл, үндэсний эдийн засгийн цогцолбор үзэл, иргэдээ дээдлэн хүндэлж тэдний төлөө үйлчлэх үзэл, найрсаг найдвартай ухаалаг гадаад харилцааны үзэл зэрэг найман хэсгээр томъёолжээ. Үзэл баримтлалын төслийн талаарх мэдээллийг www.shinechlel.mn хаягаар үзэж болох юм байна.
Хуралдаанаар 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журам, Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, Үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ