Онцлох үйл явдал: Солонгосын хойгийн хямрал ​​​​​​​ | News.MN

Онцлох үйл явдал: Солонгосын хойгийн хямрал ​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал: Солонгосын хойгийн хямрал ​​​​​​​

NEWS AGENCY онцолсон ОЛОН УЛСЫН 5 чухал үйл явдлын нэг


Хойд Солонгос ямар ч хамаагүй аргаар цөмийн зэвсэгтэй улс болохоор зүтгэж Солонгосын хойгт хямрал авчирсан гэж АНУ болон барууныхан үздэг.  Харин дэлхийн улс орнууд, тэр дундаа хөрш орнууд энэ хямралаас муугаар бодоход цөмийн дайн дэгдэж болзошгүй гэж эмээж байгаа билээ.

Дэлхийн хамгийн халуун цэг болоод байгаа Солонгосын хойгийн хямрал 2017 онд хэрхэн хурцадсаныг эргэн сөхье.

 

 

ХОЙД СОЛОНГОС ЯАГААД ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БОЛОХООР УЛАЙРЧ БАЙНА ВЭ? 

Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Солонгосын хойг хойд, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, коммунист үзэл баримтлалтай Хойд Солонгост Сталины хэв маягийн дэглэм тогтсон юм.

Зөвлөлт системийн үеийн коммунист дэглэм нуран унахад дэлхийн улс орнуудаас харилцаагаа тасалж, улам бүр ганцаардсан энэ улсын удирдагчид цөмийн зэвсэгтэй болох нь улс орноо батлан хамгаалах цорын ганц найдвартай арга гэж итгэх болсон билээ.

ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БОЛОХОД ПХЕНЬЯН ХЭР ОЙРХОН ОЧСОН БЭ?

Хойд Солонгос асар их хөнөөлтэй устөрөгчийн бөмбөгийн туршилт нь тун амжилттай болсон гэж мэдэгдсэн.  Цөмийн бөмбөгөөс хэд дахин хүчтэй, хөнөөлтэй устөрөгчийн бөмбөгөөр алсын тусгалт пуужинг цэнэглэх боломжтой.

Хойд Солонгосын улсын мэдээллийн хэрэгслээр устөрөгчийн бөмбөгийн туршилт гайхалтай амжилттай болсон талаар мэдээлсний дараа олон улсын цөмийн шинжээчид  үүнийг анхааралдаа авахыг эрх баригчдад уриалсан. АНУ-ын тагнуулын ажилтнуудын мэдээ Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгийг ашиглах чадамжтайг баталсан.

Пхеньян АНУ-ыг өөрийн номер нэг дайсанд тооцож, АНУ-ын хэдэн мянган цэрэг байрлаж буй өмнөд Солонгос, Японыг онилон хэд хэдэн пуужин харвасан юм.

ХОЙД СОЛОНГОСЫН ЦӨМИЙН ХИЙРХЛИЙГ ЗОГСООХ ЯМАР ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАСАН БЭ?

Пхеньяны эрх баригчтай яриа хэлэлцээ хийх удаа дараагийн оролдлогууд ямар ч амжилт олоогүй бөгөөд 2017 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тушаалаар баллистик пуужингийн туршилтууд явагдсан. Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуг НҮБ шат дараатай эдийн засгийн хатуу арга хэмжээгээр барьсан. Пхеньяд хориг тавихыг эсэргүүцэж ирсэн Хятад ч мөн эдийн засгийн хориг тавьж, дипломатын шугамаар шахалт үзүүлж эхэлсэн юм.

ДЭЛХИЙН III ДАЙН БОЛОХ УУ?

Солонгосын хойг дахь хямрал олон жил үргэлжилж байгаа боловч 2017 он бол хямралыг туйлд нь хүртэл хурцатгасан жил байлаа.

Хойд Солонгос өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын Гуам арал болон Японы арлын дээгүүр пуужин хөөргөж,  цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгосон нь олон улсын харилцаанд таагүй нөхцөл байдлыг авчирсан юм.

Хойд Солонгосын пуужингийн туршилтыг өдөөн хатгалт гэж үзсэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн улс болон холбоотнуудаа хамгаалахын тулд цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн.

Солонгосын хойгт дайн дэгдэх тухай төсөөлөхөд ч бэрх.  Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриа гарч байгаа юм.  Үнэхээр дайн дэгдвэл дэлхийн дэгийг өөрчилж, олон улсын харилцаанд урьд хожид байгаагүй тодорхойгүй, аймшигтай нөхцөл байдлыг авчирна гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Хамгийн аймшигтай нь олон сая хүний амь насаар үнэлэгдэх аюултай энэ дайны төгсгөл нь зарим орны хувьд төгсгөл ч болж мэдэх юм.

АНУ ХОЙД СОЛОНГОСЫГ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ УЛС БОЛОХЫГ ЯАГААД ЗӨВШӨӨРӨХГҮЙ ВЭ?

АНУ цөмийн зэвсэгтэй байхад бусад улс орон яагаад цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэж хэмээн зарим хүмүүс ярьдаг.  Хойд Солонгос болон бусад улсад цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөх нь амиа хорлохтой адил гэж үздэг АНУ-д ингэж үзэх гурван шалтгаан бий гэнэ.

Нэг дэх шалтгаан бол Хойд Солонгос дэлхийн улс орнуудын нэгдсэн “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай” олон улсын гэрээг зөрчсөн. Нөгөө нэг шалтгаан нь цөмийн зэвсгийн аюул, гамшиг хэмжээлшгүй.  1945 онд Японы Хирошима, Нагасаки хотод хаясан цөмийн бөмбөгийн жишээнээс дэлхий нийтээр хор хөнөөлийг нь харсан. Цөмийн дайн хүн төрөлхтнийг даяар нь хөнөөх аюултай.

Харин гуравдахь шалтгаан бол алан хядагчид цөмийн зэвсэг бүтээхэд ашигладаг материалыг гараас гарт дамжуулан худалдаалах нь өнгөрсөн хугацаанд улам нэмэгдэж, хяналтаас гарсан гэхэд хилсдэхгүй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийн мэдээлснээр тус байгууллага жилд цөмийн түлшний материалын хууль бус худалдааны тухай 150-200 орчим мэдээлэл авдаг байна. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-Гүржийн хилээр баяжуулсан их хэмжээний уран хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилсан билээ.

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ХЯМРАЛЫГ ДИПЛОМАТ АРГА ЗАМААР АРИЛГАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хойд Солонгосын цөмийн технологи ямар шатанд хүрснийг тодорхойлох боломжгүй юм.

Пхеньянтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар огт яриа хэлэлцээ хийгээгүй гэвэл худлаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн яриа хэлэлцээ болсон ч ихэнх нь мухардлаар дууссан юм. Ганц хоёр хэлэлцээ амжилттай болсон ч хэрэгжээгүй билээ.

Вашингтоны төлөөлөгчид Пхеньяны эрх баригчтай хэлэлцээрийн ширээнд суухыг зөвшөөрлөө гэхэд гол зорилго нь юу байх нь ойлгомжгүй юм. Хойд Солонгосын эдийн засгийг царцаах уу, эсвэл цөмийн хөтөлбөрийг зогсоох юм уу? Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоохыг зөвшөөрсөн тохиолдолд АНУ хариуд нь дипломат ямар арга хэмжээ авах вэ? Харин Хойд Солонгосын удирдагчтай хэл амаа ололцох нь  өөр асуудал билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-30 99.203.15.104

Харин гуравдахь шалтгаан бол алан хядагчид цөмийн з****г бүтээхэд ашигладаг материалыг гараас гарт дамжуулан худалдаалах нь өнгөрсөн хугацаанд улам нэмэгдэж, хяналтаас гарсан гэхэд хилсдэхгүй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийн мэдээлснээр тус байгууллага жилд цөмийн түлшний материалын хууль бус худалдааны тухай 150-200 орчим мэдээлэл авдаг байна. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-Гүржийн хилээр баяжуулсан их хэмжээний уран хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж