Тайландын 34 настай Пудит Киттитхрадилок гэгч эр шүүхээс 13275 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэрбээр богино хугацаанд хөрөнгө оруулалтыг өсгөж өгнө хэмээн өндөр ашиг амлаж, “Понци схем”-ээр санхүүгийн луйвар хийснийхээ шийтгэлд дээрх ял сонссон байна.
Түүний байгуулсан компанид 40 мянга орчим хүн нийт 160 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.
Шүүхээс түүнийг хууль бусаар мөнгө зээлэх, зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж, 2653 луйврын хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоожээ. Гэмт этгээд гэм буруугаа хүлээж, уучлал гуйсны ачаар ялаа хөнгөрүүлж, 6637 жил зургаан сар хорих ял болгож чадсан байна.
Пудит лекц, уулзалт, арга хэмжээ зохион байгуулж, ирсэн хүмүүст үл хөдлөх хөрөнгө, гоо сайхан, хуучин автомашины экспорт зэрэг салбар салбарын бизнест хөрөнгө оруулахыг ятгадаг байжээ. Тайландын Bangkok Post сонинд мэдээлснээр тэрбээр хөрөнгө оруулсан хүмүүст өндөр дүнтэй хүү амлаж, шинэ гишүүдийг татан оролцуулснаар бүр ч их ашиг хүртэх боломжтой гэж ухуулдаг байна. Ямар ч пирамид схемийн адилаар сүүлд элссэн хөрөнгө оруулагчийн мөнгөнөөс эхнийхэд хуваарилах замаар луйврын үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байжээ.
Пудит өнгөрсөн наймдугаар сараас хойш Банкокийн шоронд хоригдсон бөгөөд шүүх хэргийг шийдэх хүртэл батлан даалтад гаргахыг хориглосон байжээ.
Шүүхээс Пудитэд хорих ял оноосноос гадна түүний байгуулсан хоёр компанид тус бүр 20 сая ам.долларын торгууль ногдуулсан байна. Түүнчлэн Пудитыг нийт 2653 хохирогчид жилийн 7.5 хувийн хүүтэй 17 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шүүхээс үүрэгджээ.
С.ЦЭЛМЭГ