Газрын тос тээвэрлэсэн хөлгийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

Газрын тос тээвэрлэсэн хөлгийг саатуулжээ

Газрын тос тээвэрлэсэн хөлгийг саатуулжээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчиж, өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгос руу хууль бусаар газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн байж болзошгүй хөлгийг олзолсон гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ.

Хонконгт бүртгэлтэй Лайтхаус Уинмор хөлөг нууцаар 600 тонн боловсруулын газрын тосны бүтээгдэхүүнийг Хойд Солонгосын хөлөг онгоцонд шилжүүлсэн гэж албаны хүн мэдэгдсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньян руу ямар ч төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг хөлөг онгоцоос нөгөөд шилжүүлэхийг бүрэн хориглосон юм.

АНУ-ын зүгээс Хойд Солонгос руу газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхийг Хятад улс зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Харин Хятад үүнийг няцаасаар байгаа юм.

Лайтхаус Уинмор хөлөг боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн ачихаар аравдугаар сарын 11-нд Өмнөд Солонгосын Ё-сү боомтоор нэвтэрч, дөрөв хоногийн дараа Тайвань руу хөдөлсөн байна. Гэвч Тайвань руу явахын оронд аравдугаар сарын 19-нд олон улс дундын далайн орон зайд Хойд Солонгосын нэг хөлөг онгоц, гурван жижиг усан онгоц руу газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачсан гэх албаны хүний мэдээллийг “Йонхап” агентлаг дамжуулжээ.

Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс есдүгээр сарын 11-нд баталсан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг зөрчсөн үйлдэл юм.

“Нью-Йорк Таймс”-ын мэдээлснээр хөлөг онгоц дамжуулан бараа, бүтээгдэхүүн шилжүүлэн ачиж буй дүрсийг АНУ-ын хиймэл дагуулаас ирүүлсэн гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна. Гэхдээ дээрх мэдээлэлд Лайтхаус Уинмор хөлгийн тухай дурдаагүй байжээ.

Лайтхаус Уинмор хөлгийг арваннэгдүгээр сард Ё-сү боомтод эргэн ирэх үед Өмнөд Солонгосын тал саатуулсан байна.

Хөлөг онгоц Хонконгийн далбаатай боловч Тайванийн Billions Bunker Group корпораци түрээсээр ашиглаж байжээ. Үүнд Хятад холбоотой эсэхийг шууд тогтоох боломжгүй юм.

Тайванийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дурдагдсан компани нь Тайваньд үйл ажиллагаа явуулдаггүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ компанийн эзэн, удирдлагын шатны хүмүүс нь Тайванийн иргэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж