Хүүхэд гал алдсаны улмаас барилга галд автжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

Хүүхэд гал алдсаны улмаас барилга галд автжээ

Хүүхэд гал алдсаны улмаас барилга галд автжээ

АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт орон сууны барилгад гал гарч, 12 хүний амь үрэгджээ. Нас барсан хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхдүүд байсан аж.

Эцэг, эх нь гурван настай хүүгээ хараа хяналтгүй орхисны улмаас хүү гал тогооны хийн зуухаар тоглож байгаад гал алдсан гэж албаны хүн мэдээлсэн байна. Гал гарч эхэлмэгц хүүгийн ээж хоёр хүүхдээ аваад гэрээсээ гарч зугтжээ. Гэвч хаалгаа хаалгүй орхисон учир гал үүдний өрөө, орцны шатаар дамжин, маш богино хугацаанд нийт байраар тархсан байна.

Орон нутгийн цагаар пүрэв гаригт гарсан гал тус хотын хэмжээнд сүүлийн 25 жилд хамгийн олон хүний аминд хүрсэн галын осол гэж албаны хүн тэмдэглэсэн байна.

Амиа алдсан хүмүүсийн дунд нэг, хоёр ба долоон настай гурван охин, мөн бага насны хүү үрэгдсэн, одоогоор хүүг хэн болохыг тогтоож амжаагүй байгаа ажээ.

Албаны хүмүүс амь үрэгдсэн хүмүүсийн нэр, нас зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хараахан зарлаагүй байна.

Галын үеэр 20 хүн байрнаас зугтаж гарсан, мөн 12 хүнийг гал сөнөөгчид шатаж буй байрнаас аварч гаргажээ.

Онцгой байдлын 170 аврагч, гал сөнөөгч ажиллаж, галыг унтраасан байна.

Гал гарсан орон сууц нь 20 гаруй айлтай, 100 гаруй жилийн өмнө баригдсан барилга байжээ.

 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж