84 насандаа гавьяат малчин болсон Л.Боргарьд

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

84 насандаа гавьяат малчин болсон Л.Боргарьд

84 насандаа гавьяат малчин болсон Л.Боргарьд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын өдөр/2017.12.29/ Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд шагнагдсан. 2010 онд аймгийн сайн малчин цолыг хүртэж, 2014 онд улсын сайн малчин болсон тэрээр энэ жил гавьяат малчин цолоор энгэрээ мялаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртэх үеэр гавьяат малчин Л.Боргарьдтай цөөн хором ярилцсанаа хүргэе. 

-Юуны өмнө та манай уншигчдад баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр сэтгэл өндөр байна. Монгол төрийн энэ хүндтэй шагналыг олон алдартнуудын хамт авлаа. Төрийнхөө ордонд ирээд Ерөнхийлөгчөөсөө шагналаа гардаж авах хувьтай байжээ. Өдгөө нас сүүдэр 84 хүрч байгаа ч гэсэн малаа дагасан ачийг минь төр маань мялаалаа. Би зургаан настайгаасаа аав, ээжийгээ даган малын дэргэд өссөн ч өдгөө ч малынхаа дэргэдээс холдоогүй явна.

-Та малаа өсгөн үржүүлэх арга туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Өөрийнхөө ажил хөдөлмөрийг малдаа зориулж, олон жил мал дагалаа. Нутгийн зунжлага сайхан болоод ирэхээр мал аяндаа сайн тарга тэвээрэг авдаг. Малчин болно гэдэг бол бас нэг тэвчээр байдаг. Өглөө эртлэн босохоос эхлээд малчин хүний ажил эхэлнэ. Би бусдын адил малаа малласан. Өөрийн малаа 1000-д хүргэсэн удаа бий. Одоо 600 гаруй малтай. Төр засгаас олон удаа намайг шагнаж байлаа. Энэ жил бүр их сэтгэл өндөр байна. Мал дагасан олон жилийн хөдөлмөрөө эргээд харахад сайхан байна. Нутаг ус, хань ижил, үр хүүхэд, нутгийн ард түмний минь сэтгэл намайг үргэлж өөдрөг байлгадаг.   Бага балчир наснаасаа мал дагасан болохоор өтөл болсон ч малынхаа дэргэдээс холдож чаддаггүй юм байна. Т

-Таны хүүхдүүдээс малчин хүүхэд бий юу?

-Би найман хүүхэдтэй. Хоёр хүү маань малаа маллаад сайхан амьдарч байна. Мөн охидуудаас минь ч гэсэн мал дагасан нь бий. Малынхаа үр шимийг хүртээд үр хүүхдүүд минь сайхан аж төрөн амьдарч байна. 

-Сүхбаатар аймгийн Онгон нутгийн бахархлаас хэлэхгүй юу?

-Сүхбаатар аймагт байгалийн сайхан олон газар бий. Насаараа Онгон суманд амьдарсан малчин бий нутгийнхаа сайн сайхныг магтан ярих дуртай. Нутаг минь тал хээр хосолсон үнэхээр сайхан зүйл их бий. Мал аж ахуй эрхлэн явуулахад тун сайн зохицсон. Ийм л сайхан нутаг усанд төрж өсөөд нутгаа амьдарлаа. Өнөөдөр ийм сайхан шагналыг Төрийн ордонд аваад сэтгэл өндөр байна. Нутгийн ард түмэн болон нийт монголчууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд цол, одон медалиар шагнах ёслолын арга хэмжээний үеэр гавьяат малчин Л.Боргарьд онцгойлон талархсан юм. Тэрбээр Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн аавынхаа нэрийг ажил хөдөлмөрийн амжилтаараа өндөрт өргөж, 15 настайгаасаа мал маллан Монгол Улсын сайн малчин, манлай малчнаар удаа дараа шалгарч, нүүдэлчин ардын малч ухаан, өв уламжлалыг хадгалан өдий хүргэж буй таны зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цол олгож байгаа юм. Мал, малчин хоёр бол монгол ахуй, уламжлал, соёл, эх оронч сэтгэлийн суурь бөгөөд үүнийг хадгалж тээж, мал сүргээ арвижуулан өсгөж ирсэн бүх малчдадаа баярлаж, талархаж байна.” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж