Хөлбөмбөгийн од Жорж Веа Либерийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мягмар гаригт болсон сонгуулийн саналын 98.1 хувийг тоолж дуусахад Жорж Веа сонгогчдын 61.5 хувийн санал авч, ялалт байгуулсныг сонгуулийн хороо мэдээлжээ. Түүний өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч Жозеф Боакай 38.5 хувийн саналаар ялагдал хүлээжээ.
Сонгуулийн дүн гарч, Жорж Веа ялалт байгуулсныг зарлахад Либерийн нийслэл Монровиа хотод сонгогчид гудамжинд баярлаж хөөрөн бүжиглэж эхэлсэн байна.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг зарласны дараа Жорж Веа твиттер хуудсандаа "Либерийн иргэд ээ, би та бүхний баярлаж, талархаж байгааг харж, бас үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна. Энэ улс оронд өөрчлөлт ирлээ” хэмээн мэдэгджээ.
Жорж Веа Европын хамгийн шилдэг хөлбөмбөгийн клубууд болох Парис Сэйн-Жермейн, АС Миланд тоглож байснаас гадна зодог тайлахын өмнө Английн Челси, Манчестер Юнайтед багт мөн хэсэг хугацаанд тоглож байсан билээ.
Жорж Веа бол “Ballon D’Or” шагнал хүртэж, Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан Африк гаралтай цорын ганц тоглогч юм.
2002 онд зодог тайлсны дараа улс төрч болсон Жорж Веа одоо Либерийн парламентын сенатор ажээ. Түүний тоглож байсан Парис Сэйн-Жермейн клубын тамирчид түүнд твиттер хуудсаар дамжуулан баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: BBC