Жил бүрийн төгсгөлд Монголын хөлбөмбөгчид жилийн хамгийн том тэмцээнийхээ мөнгөн шагналыг гардаж, цаг хугацаа, бэлтгэл сургуулилт, зүтгэлээ зориулсан спортынхоо үр шимийг хүртдэг болсон нь Монголын багийн спортын хамгийн том баяр гэж болохоор үйл явдал юм.
Хөлбөмбөгийн “Хүрхрээ” лигийн шилдэг багууд өчигдөр 40, 30, 20 сая, шилдэг тоглогчид тус бүр 2 сая төгрөгийн үнэлэмжит мөнгөн шагналаа гардав.
Спорт хөгжүүлэх чухал хөшүүрэг мэдээж санхүүгийн нөхцөл байдаг. Ялангуяа хүний олонтой багийн спортыг урагшлуулахад энэ асуудал үргэлж эмзэг сэдэв байсаар ирсэн.
Монголд багийн спортыг дэмжих бодлого, тэр байтугай зарлиг хүртэл байдаг ч үнэндээ бол спорт тоглоомын хэдэн төрлүүд холбооны менежмент, спортод сэтгэлтэй бизнесмэнүүдийн сэтгэл, зүтгэл дээр тогтож байгаа.
Үндэсний үйлдвэрлэгч, компаниуд эдийн засгийн хувьд эрсдэл үүрэн, багийн спортыг дэмжиж байгаа ийм тохиолдлуудын нэг нь хөлбөмбөгийн лигийн аваргын шагналыг 100 сая төгрөгт хүргэсэн “Арвайн үндэс” компанийн зориг юм. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Яг үнэндээ хөлбөмбөгийн спортыг дэмжсэнээрээ ивээн тэтгэгч байгууллагын бүтээгдэхүүний борлуулалт өсч нэмэгдээд, сүйд болдог нь юу л бол. Тэр тусмаа Монголын нөхцөл. Спортод элэгтэй олон компанийн жишгээс харахад энэ бүх санхүүгийн дэмжлэгүүдээ нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн тамирчдаа дэмжих сайн санааны үүднээс өгч иржээ. Тиймээс спортыг, ялангуяа багийн спортыг дэмжиж, хөгжүүлж, тамирчдыг бодитоор урамшуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч, компаниудад ядаж талархлаа илэрхийлж байх нь зөв соёл гэж бодож байна. Монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөг сонирхогчдын өмнөөс ‘Арвайн үндэс’ үндэсний үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлье.
ХӨЛБӨМБӨГТ ХӨГЖИЛ АВЧИРСАН ХҮРХРЭЭ ЛИГ
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд шалгарсан байр бүр шагналтайгаараа онцлогтой жил байлаа.
‘Хүрхрээ’ Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Алтан жолоо” групп, ‘Арвайн үндэс’ компани гурав дахь жилдээ хамтран ажиллаж, лигийн аварга багуудад 100 сая төгрөгийн шагналаа олгосон юм. “Хүрхрээ” нэрээр гурав дахь жилдээ зохиогдсон үндэсний дээд лигийн цомын эзнээр 42 оноотойгоор “Эрчим” баг дарааллан аваргалж 40саяын эзэн болж, 2-р байрыг “Улаанбаатар сити”, 3-р байрыг Атлетик 220 багууд тус тус эзэлсэн билээ.
Б.БАЯСАХ