“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. НОМЫГ зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь түүний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хүн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хүний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Түүнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хүн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Тавдугаар бүлэг
ЖЯ БАО ЮЙ ЗҮҮДЭНДЭЭ САНСРЫН ОРНЫГ ТОЙРЧ, ЖИН ХУАНЬ ДАГИНА ЭГШИГЛЭЛЭЭР
УЛААН АСРЫГ ХӨГЖИМДӨВ
Түрүүчийн бүлэгт, нэгэнтээ Шюэ овогтны эх, хөвгүүн Рун фүгийнд ирж суусан зэргийг их төлөв тоочсон тул энэ бүлэгт мөчидхөн Өгүүлэх нь: Линь Дай Юй, Рун фүгийнд ирснээс хойш Жя Мү түүнийг туйлын ихээр энэрэн хайрлаад унтаж хэвтэх, идэж уух, босох суухыг нь хүртэл цөмийг Бао Юйтэй адил болгож, Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь гурван зээ охиноо дараа нь оруулжээ. Дай Юй, Бао Юй хоёр бол бусад хүнтэй адилгүй. Өдөр болбол хамт явж, сууж, үдэш болбол цугтаа амарч, унтаад үнэхээр үг санаа нийлж утсан холбоо, ухааны хэлхээ бий болж ижилдэн дасжээ. Тэгтэл санаандгүй гэнэт нэгэн Шюэ Бао Чай гарч ирэв. Түүний нас нь хэдийгээр олон эгч биш боловч овор дүр төв шулуун, өнгө зүс гоо төгөлдөр тул хүн бүхэн Дай Юйгээс давуу гэнэ. Энэ Бао Чайгийн зан ааль уудам талбиу, хувиа даасан шинжтэй. Дай Юйн адил сэхээрэн бардамнаж, эгэл доордыг хялайн харахгүй тул тэдний сэтгэлийг өөртөө татаж чаддаг учир тэдгээр шивэгчин охидын олонх нь Бао Чайтай ойртон дотночилно. Тийнхүү Дай Юйн дотор баахан аятай тавтай болсон боловч Бао Чай харин үүнийг огт мэдэрсэнгүй.
Тэр Бао Юй бол хараахан бага учир төрөлх зан чанар нь төлөвшөөгүй этгээд сонин. Эгч, дүү, ах нараа нэгэн адилаар үзэж хол ойр, илүү дутуу гэж ялгадаггүй. Одоо Дай Юйтэй хамт Жя Мугийн өрөөнд цуг байгаа учир эгч дүү нараа бодвол илүүхэн идээшчээ. Идээших тусмаа дотно санагдана. Дотно санагдвал санаандгүй мушгираан гарч эндүүрэл гомдол үүсэх нь зайлшгүй бөлгөө. Энэ өдөр юунаас болсныг мэдэхгүй. Хоолны тухай баахан зөрөлдөхөд Дай Юй ганцаараа өрөөндөө сууж зөндөө уйлав. Бао Юй өөрийнхөө үгийг таалагдсангүй гэж гэмшин, дэргэд нь очиж буруугаа хүлээсэнд цаадах нь яваандаа тайвшрав.
Зүүн хүрээний Нин Фүгийн цэцгийн хүрээлэнд тэргүүлэгч цэцэг бадран дэлгэрсэнд Жя Жэний эхнэр Ёу хатан архин найр базааж, Жя Му, Шин Фүрэнь, Ван Фүрэнь нарыг урьж, цэцэг сонирхуулъя гээд Жинь Рун эр эм хоёрыг дагуулан заларч ирэв. Жя Мү нар өглөөний хоолны дараа тэнд ирцгээж, анхилам үнэр хурсан хүрээлэнд зугаацан эхлээд цай, дараа нь архи ууцгаав. Энэ бол Нин, Рун хоёр ордны гэр бүлийн хурим төдий тул өөр зүйлийн бичиж тэмдэглэмээр шинэ сонин учиргүй болой. Гагцхүү Бао Юй энэ үеэр алжаан зүдэрч үдийн нойр авъя гэсэнд Жя Мү: “зарц охиныг дуудаж, аргадаж жаахан унтуулаад эргүүлж авчир” гэв. Тэгэхэд Жинь Рунгийн бэр Чинь авхай яаран урагш гарч: “Буурай Тайтай минь санаа бүү зов. Манай энд Бао хоёрдугаар авгад зэхсэн өрөө бий. Надад тушаавал боллоо” гээд бас Бао Юйгийн хөхүүлэх, шивэгчинд хандаж: “Эмгэд эгч нараа Бао хоёрдугаар авгыг урьж, намайг дагаж иртүгэй” гэв. Энэ Чинь авхай бол туйлын лавдуун төлөв хүн болохыг Жя Мү хэдийнээс мэднэ. Тэрбээр зөөлөн булбарай, ганган хээнцэр төрсөн бөгөөд учир явдал үйлдэхэд ялдам найрамдуу, олонд тоогдсон хүн тул Бао Юйг тэр аваачиж төвхнүүлнэ гэсэнд Жя Мугийн сэтгэл амрав.
Тэр үес Чинь авхай хэсэг хүн дагуулж, дээд байрны дотор өрөөнд аваачсанд, Бао Юй толгойгоо өргөж харвал дээд талд нэг зураг өлгөөтэй байв. Хүний үзэмж нь хэдийгээр сайхан боловч ганцхан “Загалмай шатаасан үлгэр”1-г зурсан тул дотроо баахан дургүйцэв. Тэгтэл бас нэг хос уянгад:
Ертөнцийн хэргийг илтэд ухваас эрдэм мэдлэг мөн
Ердийн занг нэвт мэдвээс утга уянга болой гэжээ.
Бао Юй түүнийг амандаа уншаад: “энэ өрөөний засал чимэглэл уран гоё, тохилог сайхан боловч энэ зураг энд байж болохгүй, хурдхан гарга, хурдан гарга” гэж яаран хэлэв. Чинь авхай инээн: “Энд байвал муу юу. Үүнийг хаана аваачих вэ, эсвэл манай гэрт авааччих” гэсэнд Бао Юй толгой дохин инээмсэглэв. Энэ үед нэг эмгэн: “Авга эцэг нь, ач бэрийн суудаг гэрт очиж унтах ёс хаана байна вэ” гэсэнд Чинь авхай инээж: “Үүний уцаарлахаас айхгүй э. Алийн болгон энэ олон юмыг цээрлэх вэ. Чи түрүү сард миний дүү ирсэнийг үзээгүй юү. Тэр хэдийгээр Бао хоёрдугаар авгатай нас чацуу боловч “Хоёулыг хамт зогсоовол харин тэр нь өндөр байж мэднэ” гэв.
Бао Юй: “Би яагаад түүнийг олж харсангүй вэ, чи түүнийг аваад ир. Би нэг харъя” гэсэнд олноороо инээлдэж: “Хорь гучин газар алс байгаа хүнийг яаж авчрах вэ, уулзах өдөр мундахгүй” гэцгээв. Тэгээд бүгдээр ийн ярилцсаар Чинь авхайн өрөөнд ирэв. Өрөөнд ортол нэг их сайхан үнэр сэнгэнэж, Бао Юй тэрхэн зуурт нүдээ сээмийлгэн: “Яасан сайхан үнэр вэ” гэв. Тэртээх хаяанд Мин улсын Тан Бохугийн зурсан “Хайтан цэцэг хавар нойрмоглосон зургийг”2 өлгөж хоёр талд нь Сүн улсын эрдэмтэн Чин Тайшюйгийн бичсэн хос уянга байна. Түүнд бичсэн нь:
Хаврын жаварт бие жихүүцэн зүүднээс сэрэхүйеэ
Хамарт зохист сархдын үнэр ханхлан айсуй гэжээ.
Урт ширээн дээр эртний Ү ЗөТянь 3 гэрт байсан эрдэнийн толийг тавьж, хажууд нь Хан улсын Жао Фэйянь хатны4 дээр нь зогсож бүжиглэсэн алтан тэвшийг тавиад дотор нь Тан улсын Ань Лүшань5 Тай Жэнь хатны хөхийг цохиж шархдуулсан тэрхүү гадилын жимсийг өржээ. Дээд талд нь Сүн улсын Шөү Чан гүнжийн6 Хан Ян Тянь харшид хэрэглэж байсан эрдэнийн хэвтрийг засаж Тун Чан гүнжийн хийсэн хэлхмэл сувдан хөшгийг7 өлгөжээ. Бао Юй энэ бүхнийг хараад инээмсэглэн: “Энд сайн. Энд сайн” гэсэнд Чинь авхай инээж: “Миний энэ гэрт бараг сахиулсан боловч сууж болно” гээд өөрийн гараар сайхан хүн Ши Шыгийн биеэ угаахад нөмөрсөн сиймгэр торгон хөнжлийг дэлгэн Хун Нянгийн8 дэрлэж байсан угалзтай дэрийг засаж тавьсанд хөхүүл эх нь Бао Юйг арчилж хэвтүүлээд сэмхэн гарч одоцгоов. Харин Ши Рэнь Чин Вэнь, Шө Юэ, Чю Вэнь зэрэг дөрвөн шивэгчин үлдэж хань болоход Чинь авхай гадаа саравчинд муур хэрэлдүүлэхгүйг хичээ гэж захив. Бао Юй нүд анимагц зүүрмэглэж унттал Чинь авхай бусдыгаа дагуулж яваа мэт өмнө нь хэрэн тэнэж явсаар нэг газарт хүрэв. Харвал, далайн эргээр ургадаг улаан хэрс өвс, хашийн яндар, ногоон ой, тунгалаг горхи үзэгдэвч хүн амьтны мөр алга. Тоос тортог үл хүрэх газар ажээ. Бао Юй зүүдэн дотроо баярлаж: “Энэ газар үнэн бахдалтай ажээ. Би хэрэв нэг насаа энд өнгөрөөж болохоор бол өдөр бүр эцэг эх болон багшаар замчлуулснаас хол дээр болно” гэхчилэн бодож байтал уулын цаанаас гэнэт нэг хүний дуу сонсогдов.
Хаврын зүүд үүлийг дагаж замхран
Хайлах цэцэг усыг дагаж урсана.
Охид, хөвгүүдэд өгүүлж сануулах нь
Учиргүй уйтгарлалыг эрээд яах юм бэ,
Бао Юй сонсвол нэгэн хүүхний дуу байсан бөгөөд аялгуу эгшиг нь замхрахаас өмнө тэртээгээс хэдийн нэг гоё хүн гарч ирэв. Харваас нахилзан танхилзаад эгэл хүнээс огт өөр байв.
Түүний тухай дараах магтууд өгүүлсэн нь:
Удын хүрээлэнгээс өнөөхөн гарч, цэцгийн гэрээс саяхан ирэв. Хэрж хэсэж явсан газарт, хүрээ хашааны модонд шувуу хийрхэж, хүрч очиход, саравчинд сүүдэр нүүдэллэжээ. Номын баринтаг хийсэхүйеэ, цэцэг, заарын үнэр анхилж, Лянхуан хормой дэрвэлзэхүйеэ, чимэг заслын дуун хангинанам. Жуумалзсан хонхорхой нь, хаврын тоор мэт, хөвхөлзсөн гэзэгт хаш, болор ярайна. Улаан уруул нь үзмийн интоор адил. Анарын шүднээс хүжис анхилна. Чилгэрхэн биеийн найган ганхахад, салхи хуйларч цас бүжиглэн, сувд танын гэрэлтэн туяарахад нугас ногоорч галуу шаралнам. Цэцгийн дундуур гарч орохуйяа гомдох ч мэт, баярлах ч мэт. Нуурын дээгүүр эргэцэн дугуйрахуйяа нисэх ч адил, дүүлэх ч адил. Эрвээхэйн хөмсгөө зангидахуйяа өгүүлэх гээд дуун үгүй. Цэвэрхэн хөлөө өргөсхийхүйеэ зогсох гээд мөн алхана. Бахархалтайяа сайхан хүний ариун цогцос мөс мэт тунгалаг хаш мэт булбарай. Гайхалтайяа сайхан хүний хээнцэр хувцас утга уянгыг гялбуулан гэрэлтүүлнэ. Хайрлалтай сайхан хүний төлөв байдлыг хүжээр шууж, хашаар сийлжээ. Зүйрлэлтэй сайхан хүний зан ааль байдал гарди нисэн, луу бүжиглэнэ. Түүний чанар нь ямар вэ гэвэл, хаврын тэргүүлэгч цэцэг, цасанд дэлгэрсэн мэт. Түүний цэвэр нь ямар вэ гэвэл, намрын улаан цахирмаа харганад хучигдсан адил. Түүний намуун зөөлөн нь ямар вэ гэвэл хөндий зайд ургасан нарс мэт. Түүний гоо сайхан нь ямар вэ гэвэл, тунгалаг нуурт туяа цацарсан адил. Түүний эрдэм нь ямар вэ гэвэл, уянгын тэнгист луу шумбасан адил. Түүний цог золбоо нь ямар вэ гэвэл, хүйтэн мөрөн голд саран живсэн адил. Холд Ши Шыг ичээж ойрт Ван Чянг9 гутаана. Ямар газар мэндэлчихэв. Аль газраас ирчихэв? Хэрэв хурим дуусгаад эргэж ирсэн аршийн нуурын10 хосгүй дагина биш аваас, лавтайяа лимбэ хөгжмөөр удирдан аваачсан Батын ордны11 зүйрлэгдэшгүй хувилгаан бөлгөө!
Бао Юйг харахад, нэгэн дагина байсан тул баярлахдаа, гараа ханцуйлаад, инээн өгүүлсэн нь: Дагина эгчийг хаанаас ирээд, хаашаа явсныг мэдээгүй. Миний бие тэр газар хаана байгааг бас мэдэхгүй тул жаахан дагуулж явахыг хүсэн гуйна гэсэнд мөнөөх дагина
-Би бол гаслант тэнгэр, гунигт далайд оршигч. Хаврын хутаг уул, хамгийг ивээгч агуйн их сансрын арилсан орны зэрэглээн цэцэн дагина гэгч байна. Хүний ертөнцийн амрагийн хэлхээ, янагийн сэжмийг атгаж, эрийн гомдол, эмийн тачаалыг хамаарна. Одоо үед хээнцэр нүгэлтэнгүүд энэ газар хурж цугларсан тул энд ирж, янаг хайрын үрийг тарина. Өнөөдөр чамтай уулзсан нь гэнэтийн учир биш. Энэ нутаг бол миний суудаг газраас их холгүй. Би бол юмгүй хүн. Гагцхүү өөрөө түүсэн ариун цай нэг данх, гараараа нэрсэн амтат архи хэдэн ваар, бүжиг жүжигт нааддаг хэдэн дууч эхнэр, шинээр зохиосон “Улаан асрын зүүдэн” номын аршийн шүлэглэл арван хоёр аялгуу бий. Намайг дагаж явж үзнэ үү гэжээ.
Бао Юй тэсгэлгүй баярлан дэвхэрч, Чинь авхайг ч мартаад, мөнөөх дагиныг дагаад нэг газар очжээ. Өмнө талд нь чулуун цамхаг хөндөлдөж, дээр нь “Их сансарын арилсан орон” хэмээх том үсгүүд хоёр талд нь хос уянга бичсэн харагдана.
Худлыг үнэн болгоход, үнэн бас худал
Хоосныг бий болгоход, бий болсон нь бас хоосон… гэжээ.
Чулуун цамхгийг тойрон гарвал нэг ордны хаалга харагдана. Дээд талд нь бас хөндлөнгөөр “Нүглийн далай, нисванисын тэнгэр” хэмээн бичиж, хажууд нь хос уянгыг дурайлгажээ.
Хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийд
Хөөрхийеэ эрт эдүгээгийн янагийн сэтгэл мохошгүй
Хүсэлт хөвгүүд, заналт охидын өөр зуураа
Хүсэл хангалтын өр төлөөс барагдашгүй… гэжээ.
Түүнийг уншаад Бао Юй юуныг “Эрт эдүгээгийн янагийн сэтгэл” гэж, бас юуг “Хүсэл хангалтын өр төлөөс” гэдгийг мэдэхгүй тул одооноос л заалгаж суръя гэж дотроо бодоод, гажуу солгой зүйл санаснаа элэг зүрхэндээ шингээв. Дагиныг дагаж явсаар хоёр дахь хаалганд орвол, хоёр талын жигүүрийн харшид хаяг бичиг болон хос уянга байна. Нэгэн амиар түүнийг үзэж барахын аргагүй тул энд тэндээс харвал “Дурлалын шуналтны захиргаа”, “Гомдол барилдлагын захиргаа”, “Өглөөний энэрэл шаналлын захиргаа”, “Үдшийн уйллын захиргаа”, “Хаврын уярлын захиргаа”, “Намрын ганихралын захиргаа” гэж бичсэн илэрхийлэл үзэгдэнэ. Бао Юй би аймшиггүйгээр хувилгаан дагинатаныг зүдрээх нь. “Намайг дагуулж энэ захиргаануудыг үзүүлбэл болох уу” гэж дагинаас асуув.
-Эндхийн энэ захиргаануудад хорвоо ертөнцийн хамаг охид, хүүхнүүдийн өнгөрсөн ба ирээдүйг тэмдэглэсэн данс дэвтрүүд хадгалагдаж байдаг юм. Чи бол эгэл биет, усан нүдтэн учир урьдчилан мэдвэл зохихгүй гэж дагина хариулав. Түүний хэлэхийг сонсоод Бао Юй мохсонгүй, дахиад гуйв.
-Тийм бол чи, даруй энэ нэг захиргаанд ороод баахан баястугай гэж дагина хэлсэнд Бао Юй тэсгэлгүй баярлаж, толгой өргөн заасан захиргаанд орж үзвэл “Нимгэн заяаны захиргаа” хэмээх гурван үг байх бөгөөд хоёр талын хос уянгад ийн бичжээ.
Хаврын хорсол, намрын эмгэнэлийг цөм өөрсдөө эрэв
Хуарын өнгө, сарны туяаг хэний төлөө дэлгэрүүлнэ вэ!
Бао Юй уншаад шагшин гайхав. Хаалга руу орвол, цаасаар битүүмжилсэн арван хэдэн хорго байх бөгөөд тийм, ийм муж гэсэн нэрс бичсэн байв. Тэгээд өөрийн нутгийнхаа битүүмжийг олж үзье гэж бодоод тэртээх нэгэн хоргыг татвал, “Жинь Лингийн арван хоёр сүйхтэний гол дэвтэр” гэсэн том үсэг харагдав.
-Юунд “Жинь Лингийн арван хоёр сүйхтэний гол дэвтэр” гэж нэрлэсэн юм бэ? гэж Бао Юй асуусанд өнөөх дагина,
-Энэ бол даруй танай нутгийн арван хоёр охь манлай охидын дэвтэр болно. Тэгээд гол дэвтэр гэсэн юм гэж хариулав.
-Ердийн байдлаараа бол Лингийн газар асар уудам гэдэг юм. Юунд арван хоёрхон охин байхав даа. Одоо ганцхан манай гэрт л гэхэд, дээр, дорын хэдэн зуун охин байна гэж Бао Юйг хэлэхэд, зэргэлгээн цэцэн Жин Хуань дагина инээмсэглэн:
-Нэг мужид хэчнээн олон охин байсан ч тэдний дотроос зөвхөн чухал, чухлыг нь сонгож дансалдаг юм. Тэр хоёр талын нь хоргонд бол бас таслагчдын данс бий. Бусад үлдсэн ерийн нэг аргацаагчдад бол данс дэвтэр байхгүй гэж хэлэв.
Бао Юй сонирхон сонирхсоор дараах хоргыг нээв. Тэгтэл түүнд “Жинь Лингийн арван хоёр сүйхтэний ээлжит дэд дэвтэр” гэж бичжээ. Түүнээс нэг дэвтрийг авч үзвэл, тэргүүн хуудсанд нь нэгэн зураг аятай юм байв. Тэр нь хүн амьтных ч биш, уул усных ч биш, зүгээр л бэх будгаар бялтаж эрээчсэн, цаас дүүрэн бараан үүл, будан манан төдий юм байна. Ар талд нь хэдэн мөр үсгээр ийн өгүүлжээ.
Арилсан саран тохиолдохуйяа бэрх
Ариун үүлс саринахуйяа бэрх
Бодол нь тэнгэрээс өндөр
Бие нь хүнээс дор
Хээнцэр зан, цовоолог байдал нь хүний атааг хөдөлгөнө
Өлзий хутгийн торгогдох нь ховлогдон муулагдахаас болж
Үлэмж сэтгэлт агь нь хоосноор тана эрдэнэ санана
Бао Юй үүнийг уншаад ухааныг нь олсонгүй. Ахиулан харвал нэгэн багц цэцэг, нэг уранхай чигийрсыг12 зурж, бас хэдэн үг бичсэн байв.
Хэрэггүй талаар эелдэг зөөлөн найрамдуу явбал
Хий хоосноор гавираа, цахирмаа цэцэгтэй адил гэнэ.
Бахдалтайяа ший жүжигчний хувь ивгээл байж
Бага гүнж барилдлагагүйг хэн харин сананам
/Ши Рэнь/
Бао Юй уншаад ямар утгатайг нь бас л ухаарсангүй. Мөнөөх дэвтрийг байсан газар нь буцааж тавиад, дэд дэвтрийн хоргыг нээж, дахиад нэгийг авч үзвэл, тэргүүн хуудсанд нь мөн л зураг байх бөгөөд түүнд нэг гавираа цэцэг зурж доод талд нь бяцхан нуур, түүний ус нь ширгэж шавар нь хатаад, түүнд ургаж байсан бадамцэцэг хувхайрч үндэс нь илжирчээ13 Ар талын нь бичигт өгүүлсэн нь:
Лянхуа цэцэгтэй үндэс нийлж нэг ишинд анхилсан ч
Насан туршидын хувь учрал нь үнэхээр туйлын уяралтай
Алс өөр хоёр газарт өнчин мод ургаснаас
Ариун сүнсийг эрхгүй эх нутагт нь буцаав
/Шань Лин/
Бао Юй бас л учрыг нь ойлгосонгүй. Дахиад л “Гол дэвтэр”-ийг авч үзэв. Тэргүүн хуудсанд нь, хоёр хэсэг үжирч муудсан мод, нэг овоо цасыг зурж, модны дээр нэгэн хашийн бүслүүр өлгөн, цасан дотор нэг алтан хатгуур хийжээ14. Бас дөрвөн мөр шүлэг байна.
Харамсалтайяа, суурийг зогсоогч эрдэм
Хайрханаа, унгирлыг шүлэглэгч авъяас
Хашийн бүслүүрийг шугайн дунд өлгөөд
Хатгуурыг харин цасан дотор булна
/Линь Дай Юй, Шюэ Бао Чай/15
Бао Юй уншаад уншаад бас л утга учрыг нь ухаж чадсангүй. Түүний учрыг лавлая гэж бодовч, тэрбээр тэнгэрийн нууцыг задруулахгүйг мэдэж, орхиё гэхээр мөн сэтгэл төвдөхгүй учир дахиад л цааш нь үзэв. Нэг хулхавч нуманд халуун орны амраа модны жимсийг өлгөснөөр зурж16 бас нэг бадаг дууны үгэнд ийн өгүүлжээ.
Хорин жил хараахан болохуйяа хувь заяа нь ялгарч
Хойт ордны гийгүүлсэн газарт анарын цэцэг дэлгэрнэ
Бага хавар, их хаврынхаа үзэмжийг бахдан атлаа17
Барс, туулай тохиолдох жилд нэгэн зүүд дуусна
/Жя Юань Чүнь/
Ар талд нь бас хоёр хүн цаасан шувуу нисгэж, их далайн дундах том онгоц дээр нэг хүүхэн нүүрээ даран уйлж байгаагаар зурж зургийн ард нь бас хэдэн мөр бичжээ.
Чадал хэдий ялгуум цуурхай, сэтгэл хэдий өндөр
Цөвүүн цагт тохиолдон төрснөөр заяа харин торгон
Цэлмэг өдөр мөрний хөвөөнд холыг харан уйлахуйяа
Чинээ мэдэх дорнын салхи нэгэн зүүднээс алс
/Тань Чүнь/
Зургийн ар талд, бас хэдэн хэсэг суман үүл, урсан өнгөрөх голын усыг зурж шүлэглэсэн ажээ.
Баян эрхэм төрсний ач юун
Балчир нялхад даруй эцэг эх нь нөгчинө
Ширтэхийн зуур наран баруунаа ташаад
Сиян жиян мөрөн урсан өнгөрч үүл саринана.
/Ши Шаньюнь/18
Ар талд нь, бас нэг хэсэг ариун хашийг балчиг шаварт унаснаар зурж түүнийг тодорхойлсон шүлэгт ийн өгүүлжээ.
Ариун болъё гээд хэзээ ариун болчино вэ
Амандаа хоосныг хэлээд хоосон болохуйяа бэрх19
Аяа юутай хайран алтан хаш мэт бие
Адаг сүүлдээ харин ч өмхий шаварт булагднам.
/Мяо Юй/
Өлөн чоно, үзэсгэлэнт охиныг хөөж барьж идэх гэж байгааг зурсан зургийн дор шад шүлэг бичсэн харагдана. Бао Юй сонирхон уншив.
Хүргэн нь болвоос Зүн шан уулын чоно20
Хүчин сүрийг олбол нэгэнт сөргүү аашилна
Хөөрхийеэ, гоёмсог өнгөт гэрийн хуар цэцэг мэт бие
Хүсэл нь, хоромхоноо хоосон зүүдэн болно
/Ин Чүнь/
Бас нэг зургийг сонирхон үзвэл, хуучин хийдийн дотор нэгэн үзэсгэлэнт охин, ганцаараа судар уншиж байхыг зурж шүлэглэсэн нь:
Гурван хаврын үзэмжийг тоолоод барахгүйг мэдэж21
Гоёмсог хувцсаа хоромхноор тайлж хуучин маягаар засна
Хайрхан хөөрхий, гоёмсог өнгөт гэрийн үүдний охин
Харин ганцаараа, зул асаасан бурханы хажууд хэвтнэм.
/Ши Чүнь/
Түүний дараа нь үргэлжилсэн мөсөн уул дээр нэгэн гарди шувуу сууж22 байгааг зурж нэг бадаг шүлэг хэлхсэн нь:
Эгэл шувуу ээлжгүй цөвүүн цагт ирээд23
Энэ биеийн эрдэм чадлыг хүн бүхэнд хайрласан ч
Эхэндээ итгэгдэж, дараа нь зэвүүцэгдэн, эцэст гээгдээд
Энсрэн уйлж ЖиньЛиндээ буцахын учир нэн гунигтай
/Ван ШиФөн/
Ар талд нь, хүн амьтангүй гацааны зэлүүд буудалд нэгэн үзэсгэлэнт хүүхэн утас нийтгэж байхыг зурж, түүний учрыг доорх шүлэгт өгүүлжээ.
Алдар нь буурвал баян эрхмийг бүү хэл
Айл мөхвөөс төрөл садныг нь бүү дурд
Тосгоны бүсгүйд санамсаргүй ач үзүүлснээр
Туслах хүнтэй аз тохиолоор амархаан уулзана
/Чяо Жө/
Шүлгийн ар талд, бас нэг тавагтай цахирмаа цэцгийн хажууд нэг гардийн малгай өнгөт мөрөвчтэй, гоо сайхан хүнийг зурж, дор нь ийн шүлэглэжээ.
Алим, тоор хаврын салхинд үрээ суулгаж дуусаад24
Адаг сүүлдээ, аль нь чухам сахлаг Цахирмаа мэт болдог бол
Ус, мөс мэт сайхнаараа хүний атааг хөдөлгөж
Учиргүй өөрөө бусдын доог домог болно.
/Ли Вань/
Мөнөөх шүлгийн ар талд бас өндөр байшинд нэг гоолиг эр боомилон үхэж байгааг зурж, түүндээ нэг бадаг шүлэг зориулжээ.
Хүслийн тэнгэр, хүслийн далай, хүслийн сэтгэлгээ гүн
Хүсэл хэрэвзээ нөхцөлдвөл үжид шалиг болно
Элдэв муухайг битгий цөмРун гээс гарлаа гэгтүн
Эвгүйдлийн эх, үүсэл нь үнэндээ Нинд бий.
/Чинь Көчин/25
Бао Юй цааш үзээд л баймаар байсан ч, мөнөөх дагина түүний төрөлхийн авьяас цэцэн сэргэлэн, зан сэтгэлгээ хурц цовоог мэдэх учир тэнгэрийн нууцыг задруулах болуузай гэж бодоод, даруй дэвтрийг хамхиж инээн:
-Хэрэггүй энд элдвийг өөчилж суугаад юү хийнэ. Харин би чамайг дагуулж сонин үзэсгэлэнтэй юм үзүүлье гэв.
Бао Юйгийн дотор бүрэн баран болж, санаандгүй дэвтрүүдийг орхиод Жин Хуанийг дагаж арын хашаанд оров. Харваас, шар маажинтай нуруу, сийлмэл саравчтай орд харшид сувдын орхиул хатгамал хөшигнүүд өлгөгдөн аршийн цэцгээс ариун амьсгаа анхилж, сонин өвсний сайхан үнэр сэнгэнэж байлаа. Үнэхээр,
Улаан үүдэнд гэрэл гялбалзаж, алт дэвссэн газар
Оюу ногоон цонхонд цас гялтганаж хашаар цогцолсон ордон байлаа.
Жин Хуань дагина инээж: “Тануус хурдан гарч ирж хүндэт зочныг угтагтүн” гэж хашгирав. Дагинын дууг сонсуут, үгийг нь дуусаагүй байхад лянхуан ханцуй намируулсан, урт дээл тунаруулсан хаврын цэцэг мэт ганган, намрын саран мэт тунгалаг хэдэн дагина гарч ирж угтав. Тэд Бао Юйг үзмэгцээ, Жин Гуаньд дургүйцсэн янз гарган,
-Бид ямар гэгч хүндэт зочин юм бол гэж яаран гарч ирлээ. Эгч та уг нь өнөөдөр энэ цагт улаан сувд охин дүүгийн амьд сүнс нь ирнэ гэсэн тул бид удаан хүлээлээ. Гэтэл юунд ийм болхи амьтан дагуулж ирж, манай охидын ариун цэвэр орныг бузарлана вэ гэцгээв.
Бао Юй ийм үг сонсоод айж, орох байх газаргүй болж, өөрийгөө хүн харах аргагүй бузар муухай амьтан юм гэж бодов. Энэ үед Жин Хуань дагина сандран Бао Юйн гарыг атгаж, олон дагинад хандаж,
-Та нар юмны учир мэдэхгүй байна. Би уг нь Рун фү-д очиж улаан сувдыг авчирна гээд Нин Гөфүгээр өнгөрөхдөө Нин, Рун хоёр гүнгийн гэгээн сүнстэй уулзахад, тэр хоёр надад “Манайх бол тулгуур төр тогтсон цагаас нааш гавьяа, алдар нэр нь ертөнцөд дуурсан, баян эрхэм үе улиран залгамжлаад нэгэнт зуун жил өнгөрчээ. Арга буюу эдүгээ тоо хэмжээ нэгэнт гүйцэж, хэлтэрхүйеэ бэрх болов. Мануусын үр ач нар хэдийгээр үй олон боловч амьдралыг залгамжилж болох хүн харин үгүй болчихжээ. Ганц омбол ач Бао Юй бол төрөлх чанар этгээд сонин, эрчил сэтгэлгээ нь элдвийн жигтэй. Хэдийгээр цэцэн хурц, цовоо нь овоо бүтэлтэй юм болмоор шиг боловч, арга буюу манайхны цаг түүх гүйцсэн тул түүнийг дагуулж зөв замд оруулах хүнгүйд зовнино. Завшаанаар хувилгаан дагина санамсаргүй хүрч ирсэн тул танд найдах нь, түүнийг дагуулан аваачиж, юуны урьд хүсэл тачаал, өнгө эгшиг зэрэг учрыг туулуулж, мунхгийг нь засаж өгөхийг хүснэм. Хэрэв түүнийг шуналын далайгаас гаргаж, зөв замд оруулж чадвал, даруй ах дүү бид хоёрын завшаан болно” гэсэн юм. Яг ингэж гуйсанд, миний энэрэх сэтгэл хөдлөөд сая түүнийг энд дагуулан авчирч урьдаар түүний гэрийн дээд, дунд, доорх гурван зэргийн охидын нэгэн насны хувь заяаны данс дэвтрийг нарийвчлан сонирхууллаа. Тэгэвч бас бүрэн сэхээрээгүй тул сая энэ газар авчирч тэдгээр өнгө дарс, хөг аялгууны зүүдийг нэгэнт туулуулбал хожим хэзээ нэгэн цагт сэхээрч мэднэ гэж бодсон юмаа гэж хэлэв.
Жин Хуань ингэж хэлээд Бао Юйг дагуулж гэрт оров. Агшин зуур нэгэн сайхан ариун үнэр ханхлав. Бао Юй энэ үнэрийг ямар юм болохыг мэдэхгүй тул тэсэлгүй асуух гэтэл Жин Хуань хүйтнээр инээгээд
-Энэ хүж бол тоост ертөнцөд үгүй тул чи яаж мэдэх вэ. Үүнийг олон нэрт уул, гайхамшигт оронд анх ургасан сонин өвсний шимийг авч эрдэнийн ой дахь сувдын модны тостой найруулан үйлджээ. Үүнийг үнэртэй бүхний дээж гэдэг юм гэж хэлэхэд Бао Юй өөрийн эрхгүй бахдав.
Олон дагиныг суудалд суумагц шивэгчингүүд цай барив. Бао Юй цайны ариун үнэр, сайхан амтнаас ер бусын эд болохыг мэдээд нэрийг нь асуувал Жин Хуань дагина
-Энэ цай бол хаврыг дэлгэрүүлэгч Фөн Чүнь шан уулын үнэрийг тавигч Чянь Шян дүн агуйд гардаг бөгөөд шидэт цэцгийн билигт навчин дахь үдшийн шүүдрээр цайлжээ. Нэрийг нь “Мянган цэцгийн хур” гэдэг юм гэлээ.
Бао Юй толгой дохиод бахдан хүртэв. Тэгээд гэр доторхийг ажиглавал, хаш хуур, эрдэнийн хөшиг, эртний зураг, одоогийн шүлэг цөм бүрэн байх бөгөөд нэн бахдалтай нь, цонхны доор их энтэй хоргой дэлгэж түүний дээр толины гэр, оо түрхүүр, энгэсэг будаг зэрэглэн тавьжээ. Хананд бас хос уянгыг өлгөсөн нь,
Аглаг сэлүүн зөн билигт газар
Атар тарган, онгон хур тэнгэр!гэжээ.
Бао Юй тэр бүхнийг хараад олон дагинын нэр овгийг асуувал, нэг нь, Чы Мөн нэрт шуналт зүүдний дар эх гэхэд нэг нь, Жун Чинь нэрт гүн сэтгэлт тойн, бас нэг нь Инь Чөү нэрт уярлыг хөдөлгөгч дагина, нөгөөх нь Дү Хэнь нэрт хорслыг тайлагч бодисадва гэхэд үнэхээр тус тусын номын цол нь хоорондоо адилгүй байв. Төдөлгүй бяцхан шивэгчингүүд ирж ширээ сандал засаж, архи дарс, идээ зууш өрснийг хэлбэл,
Амтат сархдыг шилний хэмд амсар тэгш бялхуулж
Ариун нанчдыг болор хундаганд мэлтэгнэтэл сөгнөв.
Архины үнэр этгээд сайхан анхилахад, Бао Юй мөн л тэссэнгүй архинуудыг асуувал Жин Хуань дагина,
-Энэ архийг зуун цэцгийн шим, түмэн модны шүүсийг нийлүүлж, дээр нь билигт гөрөөсний чөмөг, гарди, галбингаагийн сүүг нэмж нэрсэн тул нэрийг нь “Түмэн үнэртэний дээж” гэдэг юмаа гэлээ.
Сэтгэл нь хөдөлсөн Бао Юй ам хамхилгүй магтаж хүртэв. Архи уух зуур, арван хоёр бүжигчин охин ирж “Ямар аялгуу эгшиглүүлэх вэ” гэж асуусанд Жин Хуань “Шинэхэн зохиосон “Улаан асрын зүүдний” арван хоёр аялгууг дуулагтүн” гэв. Тэгтэл бүжигчин охид “За” гэцгээн зандан царгил хуурыг хөнгөхнөөр ташин цохиж, мөнгөн ятгаар алгуурхан чавхдаж “Замбутивийг тогтохуй үед…” гээд л дуулж эхлэв. Жин Гуань,
-Энэ эгшиглэл аялгуунд тоост ертөнцийн зохиосон туужит үлгэрийн эгшиглэлүүдийн адил заавал эр, эм, хөгшин залуу тоглогчид байх хэрэгтэй. Бас заавал өмнө, умардын есөн хүндхэний26 эгшгийг тааруулж тийм олон ёс дүрэм гэж байдаггүй. Харин нэг эгшиглэл болж л чадвал нэг хүний тухай гиншин уянгалсан ч хамаагүй. Эсвэл нэг учрын тухай мөрөөдсөн ч хамаагүй. Цөмийн хөгийг нийлүүлэн дуулж болно. Хэрэв хүйн доторх хүн биш бол түүний гайхамшгийг нь бас мэдэж чадахгүй. Бодвоос чи ч мөн энэ эгшиглэлийг бүрэн ойлгоход хэцүү. Хэрэв урьдаар түүний эх бичгийг үзэж, дараа нь дуулахыг сонсохгүй бол харин ч амт шимтгүй болно гээд гэдрэг харж, бяцхан шивэгчинд захиж “Улаан асрын зүүдний” эх бичгийг авчруулан Бао Юйд өгөв. Тэрбээр тосож аваад, нүдээрээ бичгийг үзэж, чихээрээ дуулахыг сонсвол, бүх юм тодорхой ажээ.
“УЛААН АСРЫН ЗҮҮДНИЙ ЭШЛЭЛ”
Галба, замбутивийг анх тогтохуй үед, хурьцлын үе ямар болов? Хүмүүс зөвхөн хүсэл тачаалын сэтгэл хөгжингүйн төлөө болой. Гачиг зовлонт тэнгэрийн уярал мөрөөдөлтэй өдөр, уйтгар бухимдалтай цагт, мунхаг сэтгэл юүгээ саатуулахыг шаардан, тиймийн тулд энэхүү алтыг эмгэнэн, хашийг гашуудсан27 “Улаан асрын зүүдэнийг” дуулна.
“НЭГЭН НАСНЫ СААТАЛ”
Хүн бүхэн алт, хашийг сайн барилдлагатай гэдэг. Би ганцаар мод чулууны урьдын болзоогоо санана28. Хоосноор ширтнэм. Өндөр ууланд нуугдсан арш мэт гялтганасан цасыг… хэзээд мартахгүй. Хорвоогийн гаднах хувилгаан рах мэт уйтгарт ойг29. Хөөрхий хүний орчлонд, сайнд бас муу байхыг сая итгэжээ. Хар үсээ хагалж халуун галд мөргөсөн атлаа харин ч сэтгэлийг тогтоохуйяа бэрх /Шюэ Бао Чай/.
“ДЭМИЙ Л ХӨМСГӨӨ ЗАНГИДАХ”
Нэгэн уудам цэцэрлэг дэх шидэт цоморлиг. Нэг нь хиргүй ариун хаш. Хэрэв гайхамшигт барилдлагагүй гэвэл энэ төрөлд заавал бас түүнтэй учралдана. Хэрэв гайхамшигт барилдлагатай гэвэл юуны учир санасан сэтгэл хоосон яриа болов. Нэг нь тавгүйгээр шүүрс алдаж, нөгөөх нь хов хоосноор элэг татагдана. Нэг нь усны доторх саран, нөгөөх нь толины доторх цэцэг. Хүний нүдэнд хэчнээн нулимс бий вэ гэж хавар, зун, намар, өвөлгүй байж дасна уу?
/Линь Дайюй/
Бао Юй энэ эгшиглэлийг сонсоод, эмх замбараа, эх адаггүй үүнийг чухам яагаад сайн гэснийг мэдээгүй боловч түүний эгшиг аялгуу нь харин хүний сүнсийг төөрүүлж, сүлдийг балартуулам энэлгээтэй урьхан байсан тул учир агуулгыг нь ч асуусангүй. Уг сурвалжийг нь ч эрсэнгүй. Үүнийг зөвхөн түр зуурын бухимдлаа тайлахын төдийд үзэв. Дахиад дорогш өгүүлсэнийг үзвэл,
“ОРШИЛ ҮГИЙГ ХОРСОХ”
Нэр төрийг хараахан сайн хэмээн баярлах атлаа орших газаргүй учир бас дахин эрэх нь хорсолтой. Нүдээ бүлтийлгэсээр түмэн хэргийг цөм таягдаж, хэсэн тэнэсээр ариун сүнс саринан замхарна. Нутаг, гэр орноо бараадъя гэтэл зам хол, уул өндөр тул зүүдээр ч гэсэн эцэг эхээ эрж сануулах нь. Охин чинь нэгэнт есөн булгийн дор оров. Эцэг минь ээ, эртхэн заавал биеэ сугалж хойш ухрах хэрэгтэй.
/Жя Юаньчүнь/
“ЭЛГЭН САДНЫ ХАГАЦАЛ”
Нэгэн дарвуул салхи баруун зүгт мянган газар аялж, элгэн садан гэр голомтоо цөмийг хаяж орхив. Эцсийн насаа уйлан гасалсаар хороожээ хэмээн охиноо битгий санаа хэмээн эцэг эхдээ сануулаад, эрт язгуураас мандаж, буурах цөм тогтсон атлаа нэгэнт салж нийлэхийг яахин хувьгүй гэнэ. Үүнээс хоёр газарт хуваагдан сууцгаана. Энхжил, амаржилаа хувь хувьдаа сайтар анхаарсугай. Охин чинь буцна. Битгий чангаагтүн.
/Тань Чүнь/
“ЦЭНГЭЛИЙН ДОТОРХ УЯРАЛ”
Хар бага насанд нь, харамсалтайяа эцэг эх нь наснаас нөгчжээ. Артай торго, энтэй магнагийн дунд, ардаг танхиар өссөнийг хэн мэдэв? Азтайяа төрөлхийн уужим бодлого, эрэмгий занг өвчүү цээжиндээ агуулж, охид хөвгүүдийн хүсэл дурлалд огоот санаа тавьсангүй. Зүйрлэвээс, үнэхээр арилсан сарны гэрэл хашийн ордныг гийгүүлсэн мэт. Хэрэвзээ, өнгө зүс, эрдэм чадалтай хүргэнтэй учраад өнө үүрд, өлзий мөнх амьдарсан бол улаан нялхын элж зүдэрч явснаа хонжоо гэж лавтай болно. Харамсалтай нь, эцсийн мөртөө үүл нь гуу жалганд саринаж, ус нь Шиян Жиянд ширгэжээ30. Энэ бол тоост ертөнцийн орчиж хөлбөрөх тоо хэмжээ тул дэмий л хоосон уярч гаслаад яах юм бэ!
/Ши Шян юнь/
“ЕРТӨНЦӨД БАГТАХУЙЯА БЭРХ”
Ааль зан цахирмаа мэт сайхан. Авьяас билиг арш мэт ариухан. Аяа юутай, төрөлхийн өнчин ганцаарыг хүн бүр гайхна. Чи зөвхөн махыг идэхэд шинхэг үнэртэж магнагийг өмсөхөд муухай санагдана гээд харин ч юунд сайныг сонгоход хүн улам өширхөж, санваарыг сахихад ертөнц цугаар зэвүүцэхийг мэдэхгүй болой. Харамсалтайяа, энэ мөнх зултай хуучин дуганад хүн нь өтөлж, үхэж өгөрнө. Оо, зүс, улаан асарт хаврын өнгө бадрахуйг! Эцэст даацгүй мохоодоо, харин ч мөн тор тоосонд бузарлагдан санасан сэтгэл хөсөрдөнө. Зүйрлэвэл, үнэхээр хиргүй цагаан хаш шаварт шигдсэн мэт. Юунай бас ван, гүнгийн үр ач нар хувьгүй хэмээн харамсалцана.
/Мяо Юй/
“ӨСТӨНИЙ БАЯСАЛ”
Зүн Шан уулын чоно, хар санаат араатан. Урьдын уг сурвалжаа огт боддоггүй, нэг л хэмээр омгорхон бүүрэлхэж, хэтэрхий авирлан, үжид шалигт шунана. Доромжлон үзнэ. Хэү-гийн үүдний үзэсгэлэнт хүнийг уд баргасанд байгаа адилаар тарчилган үйлдэнэ. Гүнгийн ордны ариухан гэгээг болхи дордос мэтээр үзнэ. Хайрханд, ариун сүнс, гэгээн сахиус нь нэгэн цагаар хий агаарт хөвөн дэгдэнэ.
/Ин Чүнь/
“ХИЙ ЦЭЦГИЙН УХААРАЛ”
Гурван хаврын хувь учралыг илтэд үзлээ. Тоорын улаан удын ногоон ямар тустай вэ? Наргим сайхан энэ насны цогийг унтрааж, ариун уудам тэртээ орны амирлангуйг эрнэ. Агаар тэнгэрт булбарай тоор үлэмж, үүлэн дотор гүйлсэн тоорцог олон гэнэм. Эцсийн мөртөө алин нь намрыг туулсаныг олж үзэв үү. Харин үзсэн нь, цагаан улиасны унахад хүн тагшран гасалж хар хусан ойд чөтгөр гингэнэн дуулна. Нэн ялангуяа тэнгэр тулам өлөн өвс хүүр бунхныг бүрхэв. Энэ бол өчигдрийн ядуурал, өнөөдрийн баяжилд хүн нь зүдэрч хаврын дэлгэрэлт, намрын зулгаралтад цэцэг нь элэгдэнэ. Энэ мэтээр үхэх төрөхийн дөрвөн далайг хэн тойрч гарах вэ? Сонсоход, баруун тэнгэрт галбарваас хэмээх эрдэнийн мод бий. Дээр нь өнөд мөнхрөх жимс сууна гэнэм.
/Ши Чүнь/
“ЦЭЦЭН МЭРГЭНИЙ ЧИРЭГДЭЛ”
Хамаг ухааныг шавхан хэрэглэж, хэт мэргэн болоод харин хэтрэхдээ ганган дэгжин амь насаа нэмэрлэжээ. Амьд байхдаа, зүрх нь нэгэнт өвчилж, үхсэн хойноо чанар нь хөндийрөн хоосорно. Айл баян бол хүн амгалан гэхэд, эцэстээ бас заавал айл мөхөж, хүн саринан хувь, хувиа хөөнө. Насныхаа талд сэтгэл юүгээ зүдээснийг, зүйрлэвэл үнэхээр жирвэлзэн жирвэлзэх үүр шөнийн гурван жингийн зүүдэн мэт. Хүржигнэн лүржигнэх нь байшин барилга эвдрэн юүрэх мэт.
Бүрэлзэн будангуйрах нь, асаасан зул бөхөх мэт. Ай яа, үнэхээр сайхан баяр хөгжөөн агшнаа гуниг болжээ. Харамсалтайяа хүний орчлон. Хэзээд орших нь үгүй.
/Ван ШыФөн/
“ӨГЛӨГ БУЯНЫ АЧААР”
Өглөг буяны ачаар.Өглөг буяны ачаар… санаандгүй ачтай хүнтэй уулзав. Ачтай ижий минь, ачтай ижий минь. Хойтын биедээ буян хураажээ. Хүн амьтныг ятгах нь, гачигдсанд тусалж, үгээгүүг тэтгэцгээ! битгий тэгж, харгис нагац, зальхай ах нар шиг зоос мөнгөнд шунаж, элгэн саднаа мартаарай. Үнэнтэйеэ үржих, хуваах, нэмэх, хасах бүхнийг өндөр тэнгэр, хаан хурмаст захирна.
/Чяо Жө/
“ЗАЛУУ НАС ХЭМЖЭЭТЭЙ”
Толин доторх янаг амраг баахан. Зүүдэн доторх нэр, гавьяа нэн ихийг өгүүлж юү хийнэм. Залуугийн тэр сайхан нас чинь, юутай түргэн өнгөрнөм бэ!Хатгамал хөшиг, угалзат хөнжлөө дахиж битгий сана. Гагцхүү энэ сувдтай малгайг өмсөж, гардийн хүрмийг нөмөрсөн төдийгөөр мөнхрөхгүй амь насыг сольж дийлэхгүй. Хэдийгээр, хүнийг өтлөөд ядангирахыг битгий амс гэлээ ч хөвгүүд ач нарынхаа төлөө бас буян хураах хэрэгтэй. Сүр жавхаатайяа, орой дээрээ отго жинс зүүж гэрэл гялбаатай, өвчүүндээ алтан тэмдэг өлгөөд, омог сүлдтэй, хэргэм пүнлүү дээш дэвшинэ. Элий балайгаар есөн булгийн замд ойртоно. Асуусугай! Эртнээс нааших жанжин, сайд бас байна уу? Зөвхөн бас хоосон нэрээ үлдээж, хожмын хүнээр бахдуулсан төдий юү?
/Ли Вань/
“САЙН УЧРЫН ТӨГСӨЛТ”
Байшингийн маажиндсан дээвэрт хавар эцэслэж, анхилам тоос буужээ. Янагийн сэтгэлд дурлаж, өнгө зүсэнд тачаах нь эвдрэн доройтохын үндэс мөн. Эцгийн хөрөнгөний сүйрэл нь, цөм Жэн31-гээс эхэлнэ. Айл гэрийн үйлсийн уруудал доройтлын гэм Нин-дбий. Хүсэл, тачаал, нүглийн хөрөнгө.
/Чинь Көчин/
“НИСЭХ ШУВУУД ҮҮР, ҮҮРТЭЭ”
Ноён суудалд суусан нэгний хөрөнгө бутран сүйрнэ. Буян хураасан нэгний алт мөнгө саринаж дуусна. Ач энэрэлтэй нэг нь, үхлийн дотроос амь зулБаньа. Өршөөлгүй нэг нь үйлийн үрээ илтэд эдэлнэ. Амин өртлөөстэй нэг нь амиа нэгэнт өгнө. Нулимсан төлбөртэй нэгэн нулимсаа нэгэнт ширгээнэ. Өшөө, өшөөгөө хариулна гэгч угаас хөнгөн биш. Хагацан салж, хамтран нийлэх урьдын тогтоосон зүйл. Нас богиноо мэдье гэвэл, урьдын төрлөөсөө асуу. Насжих үедээ баяжъя гэвэл зол заяатай байх хэрэгтэй. Илэрхий мэдсэн нэг нь, хоосны үүдэнд шурган орно. Шунаж, мунхарсан нэг нь, амь биеэ талаар бушнуулна. Зүйрлэвэл, идэх тэжээл нь дуусаж шувууд үүр үүртээ буцах мэт. Налайн цэлийсэн хүж дэлхий хоггүй болно гэжээ.
Энэ дууллыг дуулж дуусаад дахилт давталтыг нь ч дуулав. Жин Хуань дагина Бао Юйн урамгүй байхыг хараад, дотроо шүүрс алдав. Тэгээд “Шуналт хөвгүүн, хараахан сэхээрээгүй байна” гэв. Энэ зуур Бао Юй яаран, дуучин охидыг дахиж дуулах хэрэггүй хэмээн зогсоож, өөрөө баахан мунхарсан шиг санагдаад, архи дарсыг болиож, хэвтье гэж гуйв. Жин Хуань дагина, ширээг хураалгаж, Бао Юйг нэг сайхан өрөөнд хүргэж өгөв. Түүний доторх элбэг дэлбэг эдлэл, хэрэглэл нь урьд өмнө үзээгүй зүйл юм. Нэн гайхалтай нэг юм гэвэл, тэнд нэгэн хувилгаан охин байв. Түүний үзэсгэлэн гоо, гэгээн тунгалаг нь, Бао Чайтай маш төстэй аж. Нахилзан тахилзаж, хээнцэрлэн аяглах нь, бас Дай Юйтэй ч адилавтар ажээ. Тэгээд хараахан ямар санаатайг мэдэхгүй байтал Жин Хуань дагина,
-Тоост ертөнцийн төчнөөн олон баян эрхэм айлуудын тэрхүү орхиулт гэгээвчний хүсэл амраглал, хөшигт нуган хөвгүүд болон садар самуун охид гэгээнтэнд бузарлагдав. Нэн заналтай нь, эртнээс нааш, хэчнээн олон хөнгөн завхай танхайчууд цөм “Өнгөнд дасах боловч ужид биш” гэдгээр шалтаглах буюу бас “Амраглахаас биш, ужидлахгүй” гэдэг нэрээр хэрэг үйлддэг ажээ. Энэ бол цөм андуугаа зөвтгөж, жигшүүрээ халхалсан үг төдий юмаа. Үнэндээ, өнгөнд шунавал ужид болно. Амраглалыг мэдвэл ужидлана. Ү Шан уулын уулзалт өнгөт ертөнцийн жаргал хэмээгч цөм урьдаар өнгөнд таалагдан, дараа нь амраглалд шунаснаас болсон юмаа. Би чамайг бахдах нь, чи бол дэлхий дахинд эрт эдүгээг мохоосон ужид хүн болно гэв.
Бао Юй сонсоод ихэд сандран:
-Арш та андуурч байна. Миний ганцхан ном үзэх дургүйн учир эцэг эх бас байн байн үглэдэг атлаа нэн яахин “Ужид” хэмээх нэрийг аймшиггүй халдаана вэ. Тэр ч байтугай хараахан миний нас бага тул “Ужид” гэгчийг юу болохыг үл мэднэ гэсэнд, Жин Хуань,
-Тийм биш, ужид хэмээхийн ёс нь нэг боловч санаа нь ялгаатай. Үлгэрлэвэл, ертөнц дэх ужидлан садарлагчид нь цөм өнгө зүсэнд татагдаж, дуулан бүжиглэхэд дурлаад, алиархан наадахад ханахгүй. Ертөнцийн жаргалд хэмжээгүй. Энэ дэлхийн үзэсгэлэн гоо охид бүхнийг цөм, өөрийн нэгэн цагийн дур бахыг хангаагүйд хорсоно. Энэ бүхэн бол цөм сэрэл махбодоор шилжин ужидлагч болхи амьтас мөн. Чинийх бол харин тийм биш. Төрөлхийн нэгэн удаагийн сэтгэлд шунах хувь зохиолтой тул бид үүнийг “Санааны ужид” гэнэ. Гагцхүү, санааны ужид гэх хоёр үгийг сэтгэлээр ухаж болохоос биш, амаар дамжуулж болохгүй. Санаагаар мэдэж болохоос биш, үгээр илтгэж болохгүй юм. Чи бол энэ хоёр үсгийг ганцаараа хүртсэн хүн тул манай гүн угсаатны дотор бол хэдийгээр сайн анд болж болох боловч ертөнцийн энгийн сурталд бол эрхэтгүй цалгай тэрс болж, амтай хүн бүгдэд дооглуулан муушаагдаж, нүдтэй хүн бүгдэд хялайлгуулж жигшигдэнэ. Одоо нэгэнт чиний өвөг элэнц Нин, Рун хоёр гүн уулзаж элэг зүрхнээсээ бат найдсан тул би чиний ганцхан манай гүнгүүдийн гэрт өнгө нэмэгдүүлээд, ертөнцийн энгийн ёсноос орхигдохыг чинь үзэж чадахгүй. Тиймийн тул би чамайг нааш дагуулан ирж, амтат архиар согтоон, ариун цайгаар шимтгэж, уран эгшиглэлээр сэргээлээ. Одоо бас миний нэг охин дүүг /багын нэр нь Жян Мэй, өргөсөн нэр нь Кө Чин/ чамтай ураглана. Энэ үдшийн сайн цагт даруй холбоо барилдаж болно. Энэ бол чамд, энэ мэтийн арш, дагины арилсан орон мөртөө ийм байхад, тоост ертөнцийн явдлыг юун өгүүлэх вэ гэснийг мэдүүлэхийн тусад юм. Үүнээс хожим сэхээрэн сэргэж, урьдын тачаангуй сэтгэлээ тэвчиж ухааран Күнз Мэнзийн сургаалд сэтгэл тавьж дэлхий дахины явдалд биеэ зориулах хэрэгтэй гээд өнгөт ертөнцийн явдлыг овжиноор сургаж, Бао Юйг дотогш нь түлхэн оруулаад үүдийг нь хаагаад буцав.
Бао Юйн дотор нь баран бүрэн болсон ч Жин Хуань дагинын захисан ёсоор охид хөвгүүдийн учрыг үйлдэхээс зайлж эс чадав. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: маргааш нь болоход, Кэ Чинтэй нэгэнт элэгсэг дотноор ижилдэн зохицож эелдэг зөөлнөөр догдлон нийлээд, салж хагацах аргагүй болов. Тэр хоёр гар гараасаа хөтлөлцөн гадагш гарч зугаацан явсаар нэг газарт хүрвэл гурван хошуут боргоцойт шээр мод, нэвтрэн гарах аргагүй дэрс сондуул газрыг бүрхэн, барс чоно цуг хөлхөлдөж, дээрээ гүүргүй харанхуй гуу өмнө нь хөндөлдөж байв. Яаж гарахаа бодолхийлэн байтал Жин Хуань дагина араас нь нэхэн хүрч ирэв. Тэрбээр: “Битгий урагш яв. Хурдхан буц” гэж хашгирав. Бао Юй гайхшран:
-Энэ ямар газар юм бэ гэсэнд дагина:
-Мунхарлын олом гэдэг газраа энэ бол. Гүннь түмэн жан, урт нь мянган газар үргэлжилдэг. Гатлаж чадах онгоц завь гэж байдаггүй. Ганц нэг модон сал байвч модны нэрт бясалгалтан Му Жүйши, хитэг барьж, үнсний нэрт зарц Хэүй Шиэ сэлүүрийг залан явдаг. Алт мөнгө авдаггүй. Хувь барилдлагатан таарвал сая гатлуулдаг юм. Одоо энд санамсаргүй зорчиж ирээд, хөл алдаж доош унах юм бол миний урьд дахин давтан сургаж хэлсэн үгийг ихэд тэсрүүлсэн болно доо гэв.
Түүнийг үгээ дуусгаагүй байтал мунхралын оломноос тэнгэрийн дуу нижигнэх мэт чимээ гарч олон арван усны шулам далайн чөтгөр гарч ирээд БаоЮйг шүүрэн аваад ус руу оров. Тэрбээр айн ширвээдэж хөлс дуслуулан: “Кө Чин минь амь авар” гэж бархирвал Ши Рэний зэрэг олон шивэгчин сандарч тэвдсэн дуугаар: “Бао Юй айх хэрэггүй. Бид энд байна” гэж дуугарав.
Жич өгүүлэх нь: Чинь авхай, бяцхан шивэгчнийг дуудаад: “Муур нохой хэрэлдүүлэхгүйг хичээ” гэж захисан билээ. Гэнэт Бао Юй зүүдээр түүний багын нэрийг дуудсаныг сонсоод гайхаш төрж: “Миний багын нэрийг энд мэдэх хүн огт байхгүй. Тэр яаж мэдэж зүүдээрээ дуудаж байна вэ” гэж гайхав. Чухам ямар шалтгааныг мэдсэнгүй тул, хойших бүлэгт үзэгтүн!
Тайлбар:
1.“Загалмай ноцоосон үлгэр” Лю Сияний “Өөрийн намтар” номд тэмдэглэснээр: Хан улсын Лю Сиян харанхай шөнө ганцаар сууж ном үзэж байтал нэг загалмай модон таягтай сахиулсан ирж таягийн нь үзүүрийг үлээж шатаагаад түүнд олон ном судар ярьж гэнэ. Энэ нь чармайн суралцахад хүнийг зоригжуулсан үлгэр.
2.“Хайтан цэцэг хавар нойрмоглосон зураг”-Эртний үлгэр туужийн зохиолд бичсэнээс үзвэл, Тан улсын Шюань, Зүн хаан, амраг хатан Ян Гүйфэйгээ хайтан цэцэг хавар нойрмоглоод сэрэхтэй адил хэмээн зүйрлэжээ гэнэ. Энэ зургийг энэ үгнээс сэдэвлэсэн болой.
3. Ү ЗөТянь -Тан улсын Тайзун хааны дууч охин, Го Зүн хааны хатан. Хааныг үхсэний дараа нэг үе төрийн эрхийг барьж, Тан улсыг их Жоу улс хэмээн өөрчилж арван хэдэн жил хаан суусан түүхтэй ажээ. Хуучин уран зохиолуудад энэ хүнийг үргэлж самуун явдалт эмэгтэйн дүрээр бичдэг. Тус зохиолын энэ хэсэгт эртний “Оо, энгэсгийн зохиолуудад” гардаг олон арван зардал хэрэгслийг дурдсан нь бол юуны урьд Чинь Кэчингийн өрөөний гоёмсог сайхныг товойлгохын тулд бөгөөд хамтад нь бас хошигносон утга агуулжээ.
4. Жао Фэйянь хатан-Хан улсын Чэн Ди хааны ордны хүн. Хожим хатан болжээ. Уламжлалаар бол Зяо Фэйянь анх дуу бүжиг заахад бие нь онцгой уян зөөлөн байснаар “Нисэх хараацай” /Фэй Янь/ хэмээн цоллогджээ.
5. Ань Лүшань гэгч Тан улсын Шюань Зүн хааны үеийн нэг дайчлан захирагч түшмэл юм. Ян Гүйфэйтэй найз. Хожим урваж биеэ Шиюн Ү хуанди хэмээн өргөөд улсын нэрээ Янь гэж нэрлэв. Сүүлдээ, өөрийн хүү Чин Шюэд алагджээ. Тай Жэн хэмээгч Шюань Зүн хааны амраг хатан Ян гүйфэйн цол болой. Гадирын жимс-Хятад үндэсний хуучин бичээч нар үүгээр эрэгтэй, эмэгтэй хүний сэлгүүцэх сэтгэлгээг бэлгэдэн бичдэг заншилтай. “Шүлэглэлт ном”-д надад гадир жимс орхивол сайхан хашаар хариулна. Хариулах нь биш, үүрд сайн болсугай” гэсэн шүлэг бий.
6. Шөү Чан гүнж-Үнэн нь бол Шюэ Ян гүнж юм. Өмнөд Сүн улсын Ү Дай хааны охин. “Хань Юань Шиншо” гэдэг номд тэмдэглэгдсэн нь, Шэү Ян гүнж бол өдөржин Хань Зандиян харшийн саравчинд хэвтдэг тул түүний зулайд тэргүүлэгч цэцгийн навч хийсэн ирж наалдаад таван салаатай цэцэг болсонд, хожмынхон түүнийг дууриаж тэргүүлэгч цэцгийн засал гэгчийг үйлддэг болжээ.
7.Хэлхмэл сувдан хөшиг-“Ду Янзэн биян” хэмээх номд, Тан улсын Түн Чан гүнжийн өрөөнд сувдан хөшиг бий. Цөмийг сувд хэлхэн үйлдэв гэсэн тэмдэглэл бий.
8. Хун Нян “ХэүйЖэн Зи” номд тэмдэглэсэнээр бол Хэүн Ниян бол Цүй Инингийн шивэгчин юм. Хожим Цүй Инин, Ван Шэнтэй янаглахад Хэүн Ниян зуучилсан гэнэ. Бас “Ши Ши Янзи” хэмээх зохиолд мөн энэ тухай тэмдэглэжээ.
9.Ван Чян-Энэ нь Ван Зоу Жюань юм. “Хан улсын бичиг. Хүннүгийн намтар” зохиолд тэмдэглэсэн нь, Шаньюй өөрөө дуртайяа Хан улсад хүргэн болж найрсана гэсэнд Юань Ди хаан хойт ордны хатан сайн гэрийн охин Ван Чиян өргөсөн нэр Зоу Жюанийг Шаньюйд хайрлав гэжээ.
10.Аршийн нуур-Бас Ёу нуур, хашийн нуур гэнэ. Домогт гардаг аршийн орон. “Жи Сиянь Юань” номд тэмдэглэснээр бол баруун тэнгэрийн Ван Му ниян ниянгийн ордон бол мэлхий уулын Күнь Лүний хормойд байдаг уужим сэлүүн хүрээлэнд, баруун талаар нь хашийн нуур туналзаж, зүүн талаар нь оюут ус ороов гэжээ.
11.Батын ордон-Одон орны нэр. Бас аршийн орныг хэлнэ. “Шэнь Эйжин” номд бичсэнээр бол Чин чюшан ууланд Батын ордон бий. Тэнгэрийн хувилгаан дагинас үргэлж энд ирж зугаацна гэжээ. Лимбэ хөгжмөөр удирдан аваачсан Батын ордны зүйрлэгдэшгүй хувилгаан гэдэг бол Чин улсын Му гүнгийн охин Лүн Юйг хэлнэ. “Аршийн намтаруудын нөхөлтөд” тэмдэглэсэн нь, Шю Ши бол лимбэ үлээх дуртай. Гарди, ГалиБаньгааг дууриаж чадна. Чинь Му гүнд Лүн Юй хэмээгч охин бий. Лимба үлээхдээ чадамгай. Гүн түүнийг гэргий болгон өгсөнд, Лүн Юйд, галиБаньгааг дуурайхыг заав. Арван хэдэн жил өнгөрөөд гарди, гэрди хоёр ирэв. Гүн, гардийн тавцан бэлтгэж өгсөнд эр, эм хоёр дээр нь залрав. Хэдэн жил болоод Лүн Юй гардиа хөлөглөн, Шю Ши луу хөлөглөн буцав гэжээ.
12.Тус зурагт, Бао Юйн шивэгчин Гуань Ширэний овог нэрийг ёгтолжээ. Цэцэг-Хуа Чигийрс-Ши.Ши рэний Ши-тэй дуудлага нэг.
13.Тус зурагт Шюэ Паний эхнэр Шиянь Жягүй болон татвар Ин Лянь хоёрыг ёгтолжээ.
14.Тус зурагт бол Линь Дай Юй болон Шюэ Бао Чай хоёрыг ёгтолжээ.
15.Тус шүлэг дэх шугуй хэмээгч ньЛинь Дайюйг ёгтолж цас хэмээгч нь Шюэ Бао Чайг ёгтолжээ. “Суурийг зогсоох эрдэм” “Хойт хан улсын бичиг, Чигч охины намтар” зэрэгт тэмдэглэснээр бол Хэнан газрын Юай Янзи гэдэг хүн гадагш эрдэм сурахаар яваад нэгээхэн жил болмогц даруй гэрээ санаад буцаж ирсэнд түүний эхнэр нь, яг бөс нэхэж байсан тул даруй нэхэх сууриа зогсоож, хайч авч нэхсэн бөсөө хайчлах янз үзүүлэн: “Чиний сурахаа больж, сурлагаа хагас дутуу орхисон чинь, энэ нэхэж байсан эдийг хайчилж, хаяснаас юуны өөр вэ” гэж гэнэ. Юай Янзи эхнэрийнхээ хэлэхийг сонсоод дахин суралцахаар явжээ. Тэгээд долоон жил эргэж буцалгүй сууж, эцэстээ ном бичигт сайжирсан гэнэ. Түүнээс хойш, эр нөхрөө ном эрдэм сургах гэдэг хүнийг Юай Янзийн эхнэртэй зүйрлэж, тийм хүнийг “Суурийг зогсоогч эрдэмтэй” гэдэг болсон ажээ. Мөн “Унгирлыг шүлэглэгч авъяас” эмэгтэй шүлэгч “Шиэ Дао юний залуугийн үед нэг удаа цас орж байхад, авга ах нь “Энэ юутай адил байна” гэсэнд дэргэд нь байсан шүлэгчийн ах нь “Огторгуйд давс цацсантай зүйрлэж болох уу” гэж хэлтэл Шиэ Дао юнь “Удын унгирал салхинд хийссэн гэхийг л хүрэхгүй” гэжээ. Түүнээс хойш авьяас билигтэй эмэгтэй шүлэгчийг “Унгирлыг шүлэглэгч авьяастан” гэдэг болжээ.
16.Тус зураг бол Жя Юаньчүнийг ёгтолжээ. Хулхавч нум гэдгийн гүн үсэг бол ордны гүн үсэгтэй дуудлага ижил. Амраа жимс гэдгийн юань үсэг бол Юань Чүний Юань үсэгтэй дуудлага ижил.
17.Шүлгийн доторх бага хаврууд гэгч нь Юань Чүний гурван охин дүү-Тань Чүнь, Ин Чүнь, Ши Чүнь нарыг хэлжээ.
18.Энэ өгүүлбэрт Ши Шиян юний нэрийг багтаажээ.
19.Хоосон-Буддын шашны сүсэглэл. Буддын шашин бол хүний өнгөт ертөнцөөс салахыг хоосон болов гэнэ.
20.Зүн шан уулын чоно-Ин Чүний хүргэн Сүнь Шоузугийн хоч
21.Гурван хавар-Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь гурвыг хэлнэ.
22.Тус зураг бол Ван ШиФөнг ёгтолжээ. Гарди хэмээгч Ван ШиФөн. Уулан дээр гэгч түүний байр суурь. Мөс хэмээгч түүний хожмын хувь учрал.
23.Эгэл шувуу-хятадаар Ван Ши Фөнийг ёгтолжээ.
24.Шүлгийн энэ мөрд, Жя Жугийн бэлбэсэн эхнэр Ли Ваний нэрийг багтаажээ. Алим гэдгийн Ли болон Ли Ванийн Ли-тэй үсэг нэг. Дуусаад гэдгийн Ван болон Ли Ваний вантай дуудлага адил. Дараагийн мөрний цахирмаа гэдэг бол Ли Ваний хөвгүүн Жя Лянийг ёгтолжээ.
25.Шүлэг дэх “Рун”, “Нин” гэдэг хоёр үсэг бол Рун фү ордон, Нин Гөфү ордон хоёрыг хэлжээ.
26.Өмнө, Умардын есөн хүндхэн-Юань, Мингийн үеийн өмнө, умардын эгшиглэлийн хөг аялгуунуудыг хэлжээ.
27.Энэ эгшиглэл дэх алт хэмээгч нь Бао Чайг хэлж, хаш гэдэг нь Дай Юйг хэлжээ.
28.Тус эгшиглэлийн алтан хаш гэгч нь Бао Чай, Бао Юй юм. Бао Чай бол алтан оньстой, Бао Юй бол билигт хаштай тул “Алт хашийн сайн барилдлага” гэв. Мод чулуу хэмээгч Дай Юй, Бао Юй хоёулыг хэлнэ. Дай Юйн Линь овог бол мод, Бао Юйн хаш бол чулуу учир угтаа мод чулууны холбоо гэсэн ажээ.
29.Энэ хоёр өгүүлбэрийн “Гялтганасан цас” гэдэг нь Шюэ Бао Чайг хэлж, “Уйтгарт ой” гэдэг нь Линь Дай Юйг хэлжээ.
30.Гуутан-газрын нэр. Чу улсын үеийн зугаалдаг газар, Ү шан орчимд бий. Энд бас амраглах хэмээх санаа бий. Сүн Юйн зохиосон “Гуу тангийн магтуу” зохиолд өгүүлсэн нь, эрт үед дээд хаан Гуу тан хэмээх газар зугаалж яваад ядарч өдөр унтжээ. Зүүдэнд нь нэгэн бүсгүй ирж, би бол Ү шан уулын охин. Та бол Гуу тан газрын зочин. Эзэн таныг Гуу тан газар зугаалаар ирсэнийг сонсоод дэрний цэнгэлийг хүргэсүгэй гэлээ” гэсэнд Ван тааламжлав гэжээ. Энэ зохиолд, мөн энэ сүүлчийн санааг авлаа. Энэ эгшиглэлд бол Ши Шиянюийг шүлэглэсэн учраас эгшиглэлийн дотор бас түүний нэрийг агуулав.
31.Тус эгшиглэлийн дотор “Жэн” гэдэг бол Жя Жэнг хэлж “Нин” гэдэг нь Нин Гөфү ордныг заажээ.
Холбоотой мэдээ