NEWS AGENCY онцолсон ОЛОН УЛСЫН 5 чухал үйл явдлын нэг
АНУ-ын улс төрийн өнгө төрхийг өөрчилж, эрх мэдлийн хуваарилалтыг ард түмний гарт эргүүлэн авчирна гэж амласнаар ажлаа эхлүүлсэн Дональд Жон Трамп Цагаан ордны индрээс их гүрнийг тэргүүлсээр бараг нэг жилийг үдлээ. Өдгөө ерөнхийлөгч Трамп урьд урьдынхаас илүү хуваагдсан, эрс тэс туйл руу тэмүүлсэн их гүрнийг толгойлж байна.
Өглөөний жиргээ, хэвлэл мэдээллийн эсрэг дайн, эсэргүүцэл тэмцэл, дэлхийн лидерүүдийг дорд үзсэн хоржоонтой үгс, хэт дураараа гэмээр ойворгон мэдэгдэл…
Дональд Трамп АНУ-ыг удирдсан эхний нэг жилийг дээрх хэдэн үгээр товчхон тодорхойлж болно.
АНУ-д ажилгүйдэл сүүлийн 17 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн, үнэт цаасны зах зээл тасралтгүй өсөлттэй байгаа, сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй татварын томоохон реформ хийсэн, амласан ёсоороо иргэдийн зэвсэг эзэмших, хадгалах эрхийг хамгаалах, үр хөндөлт болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэггүй консерватив үзэлтэй Нил Горсачийг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд томилсон гээд сонгуулийн кампанийн үеэрх түүний амлалтууд ажил хэрэг болж эхэлсэн.
Гэхдээ цухас дурдахад Мексикийн хилийн дагуу ханан хэрэм босгох, Obamacare гэгддэг эрүүл мэндийн хуулийг хүчингүй болгох, АНУ-д үр өгөөжөө өгдөггүй гэх хэд хэдэн худалдааны гэрээнээс татгалзах гээд шийдлээ олж чадаагүй амлалтууд ч бас чамгүй урт жагсаалт болж хөвөрнө. Бас түүнд гадаад бодлогын тал дээр учир дутагдалтай сул тал нэг бус удаа ажиглагдсан. ОХУ сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан жил тойроход намжсангүй. Ойрхи Дорнод, Солонгосын хойгийн байдал хурцдаж, хүчний тэнцвэр хэлбийж эхэлсэн гээд жишээ татах сэдэв хангалттай бий.
Гадаад бодлогын хувьд тэрбээр “Америк бүхний түрүүнд” гэх цор ганц зарчмыг эрхэм болгосон. Эх орноо, ард түмнээ уулсын зөвхөн оргилд байлгах гэсэн түүний эрмэлзэл, батлан хамгаалах болоод үндэсний аюулгүй байдлын асуудлаарх арга барил нь дэлхий нийтэд цочроо болсон юм.
Тааламжгүй харилцаатай Хойд Солонгосоос эхлээд ойрын түнш Британитай ч ам мурийж, олон улсын эсрэг байр суурийг үл тоож, Йерусалемийг Израилийн нийслэл гэж тунхаглав. НАТО-г хэнд ч хэрэггүй байгууллага хэмээн цоллож, Цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс татгалзав. Ираны цөмийн гэрээ, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ ч АНУ-д ашиггүй учир дагаж мөрдөх шаардлагагүй гэж мэдэгдэв.
Гэхдээ энэ мэт Трампын хэлсэн үг, гаргасан шийдвэрийн цаана түүний танхимыг бүрдүүлэгч эрхмүүд тэс хөндлөн байр суурьтай байдаг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон Трампын хамгийн гол аюул гэж шинжээчид дүгнэж байна. Нэг талд ерөнхийлөгчийн хэлсэн үг, нөгөө талд танхимын гишүүдийн байр суурь хоёрын хооронд том ангал гарах болсон юм.
Бүгд Найрамдах намын дотоод хагарлын эх үүсвэр нь Трамп байгаагүй ч, өдөөгч нь бол байсан. Худалдаа, татвар, төсвийн зардал, гадаад бодлого гээд олон асуудлаар нам дотроо зөрчилтэй байгаа. АНУ-ын Сенат, Конгресс ч мөн Трампын дотоод хүрээллийнхэн болоод тойргийн гаднах гишүүд гэж хуваагдсан. Хэзээнээс “улаан”-ыг сонгож ирсэн Трампыг дэмжигчид болоод түүнийг эсэргүүцэгчдийн туйлшрал гүнзгийрч байна.
Энэ мэтээр Дональд Трамп АНУ-ын улс төрд шинэ эринийг эхлүүлжээ.
Дональд Трамп хэзээ ч улстөрч байгаагүй. Бас тэр олон нийтийн алба хашиж яваагүй. Тэр бол Нью-Йоркийн хамгийн чинээлэг, завгүй дүүрэгт өсч өндийсөн үл хөдлөх хөрөнгийн магнат. Зөвхөн өөрөө ашиг шим хүртэх хамгийн боломжит, хамгийн таатай хувилбарын төлөө гэрээ, хэлцэл хийж ирсэн бизнес сэтгэлгээ нь улс төрийн тавцанд төдийлөн оновчтой нүүдэл болж чадсангүй. Бүгдийг нэгэн зүгт чиглүүлж, голыг нь олж залах онцгой чадвар түүнд үгүйлэгдэж байгааг улс төр судлаачид, басхүү Time сэтгүүл, New York Times, ABC, MSNBC гээд АНУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагын тоймчид хүлээн зөвшөөрч байна.
Дональд Трамп өдгөө 71 настай. Өдийг хүртэлх амьдралдаа ялагдлаас илүү ялалтын сайхныг мэдэрч, амжилттай өсөн дэвжиж ирсэн хижээл эрийн хувьд тэр дадсан дадал, арга барилаа тийм ч амар тавихгүй. Тийм ч учраас ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох Трампын эхний жил тэгтэл анхаарал татаад байгаа хэрэг.
Холбоотой мэдээ