СОНГУУЛЬ 2017: Сонголтгүй сонголт шинэ хүчийг төрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

СОНГУУЛЬ 2017: Сонголтгүй сонголт шинэ хүчийг төрүүллээ

NEWS агентлагийн онцолсон 2017 онд УЛС ЭХ ОРОНД ӨРНӨСӨН таван чухал үйл явдлын нэг

СОНГУУЛЬ 2017: Сонголтгүй сонголт шинэ хүчийг төрүүллээ

2017 онд Монгол Улс шинэ Ерөнхийлөгчийг сонголоо. Ингэхдээ хоёр шатны сонгуулиар шинэ Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг сонголоо. Монголчууд 1992 оноос Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж байгаа бөгөөд өмнөх бүх Ерөнхийлөгчийг эхний шатны сонгуулиар сонгож байсан.

Сонгууль хоёр шаттай болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө. Сонгуульд эрх баригч Монгол Ардын нам /МАН/, сөрөг хүчин Ардчилсан нам, мөн парламентад нэг суудалтай Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ хуульд заагдсан эрхийнхээ дагуу нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн. МАН-аас одоогийн спикер, тус намын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн. МАН, МАХН гэдэг бол угшил нэг намууд. Харин нэр дэвшсэн С.Ганбаатар бол Монголын хэд хэдэн улс төрийн намд харьяалагдаж явсан, 2012-2016 онд парламентад бие даан нэр дэвшиж сонгогдон ажилласан, популист үйл хөдлөлөөрөө сонгогчдод ихээхэн таалагддаг улстөрч. Тиймээс Ардчилсан намыг дэмжигчдээс бусад сонгогчийн санал М.Энхболд, С.Ганбаатар хоёрын хооронд хуваагдах магадлалтай байсан.

Гэвч эрх баригч МАН болон сөрөг хүчин Ардчилсан нам хоёр өөрийн нэр дэвшигчээ нэгдмэл санаагаар дэмжин ажиллаагүйгээс гадна гурван нэр дэвшигчийн хэн хэнийг нь Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох хүн үзэхгүй сонгогчид олон байсан. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг “сонголтгүй сонгууль” хэмээн бичиж байсан юм.

Энэхүү “сонголтгүй сонгууль” гэсэн нөхцөл байдал Монголын нийгэмд нэгэн шинэ үзэгдлийг бий болгосон нь “Цагаан хуудас” байлаа. Энэ нь сонгуульд оролцон ирц бүрдүүлсэн ч гурван нэр дэвшигчийн хэнийг ч сонголгүй хоосон цаас уншуулсан явдал. Эхний шатны сонгуулийн санал хураалтаар цагаан хуудас уншуулсан хүний тоо 18 мянга орчим байсан бол хоёр дахь шатны сонгуулиар 90 мянга гарсан нь хэн хүний таамаглаагүй тоо байсан юм. Цагаан хуудас өгөгчдийн тоо 100 мянга давсан бол сонгууль хүчингүй болж, дахин сонгууль зарлагдах нөхцөл тун ойрхон байсан юм. Цагаан хуудас өгөх нь хууль зөрчсөн хэрэг гэсэн суртал ухуулгыг идэвхтэй хийж байсан нь мэдлэг, мэдээлэл муутай олон сонгогчийг аль нэг нэр дэвшигчийг сонгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн болохоос биш энэ жил монголчууд хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгууль зарлах нь бараг тодорхой байсан билээ.

Иргэд ийнхүү өөрсдөд нь байгаа бас нэгэн эрхээ мэдэж, улстөрчдийн санал болгож байгаа амтгүй хоол болгоныг идэх албагүй гэдгээ мэдрүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонголтгүй сонгууль албан бус гурав дахь хүчнийг төрүүлсэн. Тиймээс энэ бол өнгөрч буй 2017 оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж