УИХ-ын даргын захирамжаар 12 гишүүний бүрэлдэхүүнтэй утаатай тэмцэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд “Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт нэлээд ачаалал үүсгэж байна. 2018 оны улсын төсөвт цахилгааны үнийн нөхөн төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг, агаар цэвэршүүлэх, утааг бууруулах тоног төхөөрөмжийн санхүүжилтэд тодорхой эх үүсвэр баталж өгсөн. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна. Тиймээс энэ хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан” гэсэн юм.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж байгаа бөгөөд 12 гишүүнээс бүрджээ. Ажлын хэсэг анхны уралдаанаар агаарын бохирдлыг бууруулахад УИХ-аас ямар бодлогын арга хэмжээ авах, Засгийн газарт чиглэл өгөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн онц байдал зарлах санал зэргийг хэлэлцэх юм байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах талаар судалгаа, тоон мэдээллүүдийг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах юм байна.
Ш.ЧИМЭГ