Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сарын хугацаанд 40 мянган багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг өнөөдөр /2017.12.28/ танилцууллаа.
Тэд төр засгаас хэдийгээр багш болон төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг тараахаар болсон ч цаашид цалингаа 1.6 сая төгрөг болгохоор тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ ярихдаа “Бидний ард ямар ч улс төрийн бүлэглэл байхгүй. Цалингаа нэмэгдүүлж, хөдөлмөрийнхөө үнэ цэнийг үнэлүүлэх хүсэлтэй олон мянган багш нар бий. Бид хязгааргүй ажил хаялтыг зарлаж, нэг өдрийн дараагаас Засгийн газартай хэлэлцээрт хүрч зогсоосон. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авсангүй. Цаашид багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхээр тэмцэнэ” гэлээ.
Багшийн цалин нэмүүлэх түр хороо нь өнгөрсөн наймдугаар сард байгуулагдаж, хэд хэдэн жагсаал, цуглааныг зохион байгуулсан. Мөн Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран удаа дараа шаардлага хүргүүлж, цалин нэмэх зөвлөлийг байгуулжээ.
А.Сүрэн