НАТО-ын бөмбөгдөлт Ливийн 85 хүний амийг авч одлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

НАТО-ын бөмбөгдөлт Ливийн 85 хүний амийг авч одлоо

Чих дүлийрмээр чанга нүргэлсэн тэсрэх бөмбөгийн гамшиг Ливийн гэмгүй номхон олон арван иргэний булшны нүхийг ухаж, Ливи даяар гашуудлыг авчирлаа. НАТО-ын хүчин өнгөрсөн гуравдугаар сараас хойш Ливийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр агаараас довтолгоо явуулж байгаа билээ. Энэ үүргийнхээ хүрээнд НАТО-оос урьд өмнө нь байгаагүй хамгийн хүчтэй довтолгоог даваа гаригийн шөнө явуулсан бөгөөд энэ үеэр Ливийн 80 гаруй гэмгүй иргэн үрэгдсэн явдал нь ийнхүү харуусал нөмөрсан хар өдрийг Ливичүүдэд авчирсан юм.

Бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдэгсдийн шарилыг оршуулах ёслол эхэлж, эхний оршуулгын цуваанд 28 авс байсны дотор нэг нь 50 хүрэхгүй см урттай байлаа. Гашуудлын цуваанд явагсад цөм “Бурхан гэж байхгүй, харин Аллах тэнгэр гэж байдаг. Тарчлан зовсон хэн бүхэнд тэр хайр энэрлээ түгээнэ” хэмээн дуулж байв.

Ливийн Засгийн газар Мажер тосгонд НАТО-ын бөмбөгдөлтөд өртөж үрэгдсэн иргэдийн тоог урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд нийт 85 энгийн иргэн хөнөөгдсөний дотор 33 нь хүүхэд, 20 нь эрэгтэй, 32 нь эмэгтэй хүн байжээ.

НАТО-ын пуужинд өртсөн тосгоны таван байшингийн нэгнийх нь эзэн Ибрахимын хэлснээр түүний байшинд одоо хүртэл галын утаа суунаглаж байгаа гээд тосгонд хоёр газар маш их утаа манан хадаж байсан ч чухам агаарын довтолгоо юу, их буугаар галласан уу гэдэг нь тодорхойгүй байсан гэв. Тэрээр Каддафигийн хяналтан дор байдаг Злитан хот хүртэлх замыг НАТО цэвэрлэхийн тулд уг хотоос хойд зүгт хэдхэн км-ийн зайд байдаг Мажер тосгоныг сүйдэлсэн явдлыг буруушааж байгаа юм. Учир нь НАТО-ын байлдааны онгоцууд хэд хоногийн өмнө Злитан хотын баазыг бөмбөгдсөний дараа босогчид Злитаны хойд хэсэг рүү биш зүүн тийш Мисратаг зорьсон байна. Энэ удаагийн бөмбөгдөлтөд асар олон энгийн иргэний амь золиослогдсон байхад НАТО-ын зүгээс бид энгийн иргэдийг ер онилоогүй гэж мэдэгдсэн байна.

Ливийн Засгийн газрын ажилтнууд гадаадын сэтгүүлчдийг нэг автобусанд пиг чихэж аваад бөмбөгдөлт болсон газар луу яаравчлан хүргэжээ. Газар дээр очиход таван байшинг юу ч үгүй навсайтал нь дэлбэлсэн байв. Байшингуудын ойролцоо хаа сайгүй гудас, хувцас, номны тасархайнууд тарсан байжээ. Сэтгүүлчид тэдгээр таван байшингийн нэг хоёр давхар хагарч, цуурсан байшингийн гадна очиход хэдэн эрэгтэй байшингийн нурангийг онгичиж байсан бөгөөд яагаад ийнхүү ухаж төнхөж байгааг асуухад хоёр хүү нь байшингийн нурангин дор байгаа хэмээн хэлжээ. Энэ мэтээс харахад НАТО энгийн иргэд рүү пуужингийнхаа гохыг онилсон нь тодорхой болж таарч байна.

Эхний бөмбөгдөлт орон нутгийн цагаар даваа гаригийн орой 11.00 цагт болсон бөгөөд хоёрдахь нь хэдэн хормын дараа болжээ. Бөмбөгдөлтөнд өртсөн ч амьд үлдсэн шархтагсдыг Триполийн эмнэлгүүдрүү хүргэж байгаа ба сэтгүүлчид эмнэлгийн шарил хадгалах газарт овоолоостой байгаа цогцоснуудыг ч нүдээрээ үзэцгээжээ.

Энэ явдалд уурсаж, аргаа барсан Ливи иргэд НАТО-г үнэн голоосоо хараан зүхэж, Каддафийг хөнөөх гэсэн юм бол түүнрүү л тусгай хүчээ илгээнэ биз, яагаад гэмгүй биднийг ингэж тарчлааж байгаа юм бэ хэмээн халаг алдацгааж байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж