Х.Батчулуун: Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Х.Батчулуун: Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэх ёстой

Х.Батчулуун: Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэх ёстой

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нь банк санхүүгийн салбарт 2000 оноос хойш ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд мэдээллийн технологи, гадаад төлбөр тооцоо, гадаадын мөнгөний зах зээлийн хөрөнгө оруулалтын судалгаа, эрсдэлийн шинжилгээ, санхүүгийн салбарын төлбөрийн системийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны даргаар 2016 оны 12 дугаар сараас томилогдон ажиллаж байна.

-Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх үйл ажиллагааныхаа доголдол, дутагдлыг засахын тулд ФАТФ (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ боловсруулах бүлэг) болон АРG (Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг)-тэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа 2011 онд илэрхийлсэн байдаг. Тэгвэл олон улсын эдгээр байгууллагатай ямар түвшинд, хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр 2004 оны зургадугаар сард элссэн. ФАТФ нь улс орнуудад Дэлхийн санхүүгийн мэдээллийн албадын олон улсын нийгэмлэг болох Эгмонт (EGMONT)-ын зарчим, тодорхойлолтод нийцсэн Санхүүгийн мэдээллийн алба /СМА/ байгуулж ажиллуулахыг уриалдаг. Монгол Улс 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль баталснаар СМА байгуулж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа үндэс, суурийг тавьсан юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай энэхүү хуулийг үндсэндээ ФАТФ-ын зөвлөмжид үндэслэн боловсруулсан. Хуулийн дагуу СМА-ыг Монголбанкны дэргэд байгуулсан байдаг. ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын зөвлөмж батлахаас гадна гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтайгаар тогтмол үнэлж, хянадаг. APG нь 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээ хийсэн тайлангаа 2017 оны есдүгээр сард тус байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан. Түүнчлэн СМА нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог улам боловсронгуй болгох зорилгоор олон улсын бусад байгууллагатай нягт холбоотой ажиллаж байна. Үүнд ОУВС, АХБ гэх мэт байгууллагуудыг дурдаж болно.

-2013 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, энэ хүрээнд нэг бус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр шинэчлэлт, өөрчлөлтөөс гарсан гол ахиц юу вэ?

-УИХ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2013 оны тавдугаар сарын 31-нд шинэчлэн баталсан. Нэмэлт, өөрчлөлтүүд нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ажиглагдаж байсан дутагдал, сул талуудыг засаж залруулахад чиглэж байв. 2006 оны хуучин хууль маань олон улсын зүгээс ч багагүй шүүмжлэл дагуулж байсан. Харин 2013 оны хууль тогтоомжид мэдээлэх үүрэгтэй этгээд болон гүйлгээний хүрээг тэлж, “мөнгө угаах” гэсэн нэр томьёоллын тодорхойлолтыг тэлснээр “эцсийн өмчлөгчийг таньж мэдэх” зэрэг олон шинэлэг ойлголтыг нэмж тусгасан байдаг. Мөн “улс төрд нөлөө бүхий этгээд”, “халхавч банк” зэрэг ойлголт бий болсон. Тухайн үед тусгасан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож олон улсын жишигт ойртуулахад чухал хувь нэмэр оруулсныг олон улсын байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. 

-Хууль сахиулах байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлж байгаа байх. Шүүхээс энэ гэмт хэргийн зүйл ангиар хэдэн хэрэг таслагдсан байдаг бол?

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагууд 2011 хойш 4345 хүнийг шалгаж, 46 хэрэг үүсгэсэн. Үүний 20 нь Улсын ерөнхий прокурорын газарт шилжсэн байдаг. Хоёр хэрэг дээр анхан шатны шүүхийн зүгээс яллах арга хэмжээ авсан ч Улсын дээд шүүх дээр хэрэгсэхгүй болгосон. Мөн энэ оны долдугаар сард мөнгө угаахтай холбоотой нэг хэргийн холбогдогч анхан шатны шүүх хурлаар яллуулсан байгаа.

-Хууль бус аливаа орлого эргэлтэд орохдоо банк, санхүүгийн байгууллагаар дамжих эрсдэл агуулж байдаг. Санхүүгийн байгууллагууд энэ асуудалд хайхрамжгүй хандах нь эдгээр байгууллагын нэр хүндэд халтай төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хор уршигтай гэж бодож байна. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба ямар байр суурьтай байгаа бол? Бид яах ёстой вэ?

-Санхүүгийн мэдээллийн албаны байр суурь бол тодорхой: Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт аль болохоор хурдан нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа. Харин энэ ажлыг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба хоёр дангаараа хийх боломжгүй юм.

Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 оны долдугаар сард Шри-Ланк улсын Коломбо хотод хуралдсан жилийн чуулганы үеэр Монгол Улсыг “эрчимтэй хяналтад” оруулсан нь манай улсын эрсдэл нэмэгдэж буйн илрэл болсон. Иймд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа нь эдийн засгаа санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, эрчимтэй хяналтаар илэрч болох сөрөг үр дагавраас зайлсхийх, корреспондент банкуудтай тогтоосон харилцаагаа алдахгүй байхад чиглэх ёстой болж байна. Монгол Улс 2018 оны 10 дугаар сараас өмнө холбогдох хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ зохих түвшинд биелүүлэхгүй байх нь “саарал жагсаалт”-д орох үр дагавартай юм. “Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг. Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход ч хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог. Иймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх иргэн, байгууллага мөнгө угаах гэмт хэргийн хор уршгийг ойлгож, зохих шаардлагатай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Монголбанк, СМА болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бусад байгууллагууд Ази, Номхон далайн бүсийн байгууллагын зөвлөмжийн дагуу холбогдох хууль тогтоомжийг нэн түрүүнд боловсронгуй болгохоор ажиллаж байна. Тухайлбал, 2018 оны дунд үе гэхэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнтэй уялдуулан бусад хууль тогтоомжоо өөрчилнө. Бидэнд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтийг 2018 оны 10 дугаар сар гэхэд хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. 

-ФАТФ-ын зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах болон өөр хэд хэдэн ажил нэмж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэжээ. Мөн АРG ч өөрийн үнэлгээг өгсөн байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт хангуулах ажлын явц ямар шатандаа байна вэ? Энэ дүгнэлт, үнэлгээний хүрээнд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Харилцан үнэлгээний дүнг сайжруулах үүднээс бид тухайн үед Засгийн газарт санал тавьсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаар захирамжаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөл 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018-2020 оны дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг хөтөлбөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон эдгээрийг үйлдэж буй гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн тогтолцоо бий болгож хөгжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хадгалах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

Монгол Улс хууль, эрх зүйн орчноо ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчилж 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг хүлээснийг дээр дурдсан. APG-ын шаардлагыг биелүүлэх ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг төрийн бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах зөвлөмж гаргасан.

APG-ын Харилцан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүднээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг ФАТФ-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх тухай заалт оруулсан байгаа. Энэ ажилд Засгийн газар, СЗХ, Монголбанк, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл зэрэг байгууллагын үүрэг, оролцоо туйлын чухал юм.

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй нэг том хүчин зүйл нь комплаенсыг шаардлагатай түвшинд нэвтрүүлээгүйтэй холбоотой гэж ойлгож болох уу? Уг тогтолцоог сайжруулахын тулд комплаенс буюу олон улсын эрх зүйн стандартыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Комплаенсын үйл ажиллагаа аливаа байгууллагын бүтцэд чухал ач холбогдолтой гэдэг ойлголт Монгол Улсад саяхнаас дэлгэрч эхэлсэн. Санхүүгийн байгууллагуудын хувьд өөр өөрсдийн ойлголтоор комплаенсын тогтолцоо нэвтрүүлж байгаа боловч олон улсын стандартад нийцсэн комплаенсын тогтолцоо нэвтрүүлсэн санхүүгийн институт цөөхөн байна. Гадаадын санхүүгийн байгууллагууд аливаа улсын байгууллагад хөрөнгө оруулалт хийх юм уу түүнтэй хэлхээ холбоо тогтоохдоо тухайн байгууллагын комплаенсын үйл ажиллагааных нь чанарыг харгалздаг, тухайн чиглэлийн олон улсын стандарт, зарчмуудтай тулгах замаар үнэлж дүгнэдэг. Энэ л үнэлгээнийхээ дүнд тулгуурлан хамтарч ажиллах эсэхээ шийдвэрлэдэг. Монгол Улсын хувьд олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь сайн комплаенс хяналттай байхын ач тусыг ойлгож эхэлсэн гэж бодож байна. Мэдээж, комплаенсын үйл ажиллагаа нь доголдолтой эсвэл ийм ажиллагаа огт байхгүй бол энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. Байгууллагууд сайн засаглалын зарчмын дагуу гүйцэтгэх удирдлагаас хараат бус ТУЗ-ийн түвшинд комплаенсын нэгж байгуулснаар олон улсын жишигт ойртох юм. Санхүүгийн байгууллагуудын хувьд Волфсбергийн бүлгээс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах нь олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахад чухал болж байгаа. Энэ бүлгээс “Харилцагчийг таньж мэдэх нь”, “Төлбөрийн ил тод байдлын шалгуур” гэх мэт зөвлөмж гаргасан байдаг. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх нь тухай үед их ажил, хөрөнгө шаардах боловч ирээдүйд тус байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Иймээс манай байгууллагууд сайн засаглалын зарчмыг, үүний дотор комплаенсыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт гэж бид үзэж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж