Шинэ он гарахад гуравхан хоног үлджээ. Айлчлан ирэх оныг угтан албан байгууллага болгон шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа. Шинэ жилийн баяраараа архидан согтуурсны улмаас гэмтэл авсан иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс хэллээ.
2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны оройн 20 цагт тус эмнэлэг дээр очиход хүлээн авах төвийн үүдэнд үзүүлэхээр дугаарласан иргэд цөөнгүй харагдлаа. Хүлээн авах үзлэгийн эмч нараас ачааллын талаар лавлахад “Баяр ёслолоор эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар ачаалал гайгүй байна. Шөнийн 12 цагаас эхлэн согтуугаар зодоон хийж гэмтсэн залуучууд их ирж байна” гэсэн хариултыг өглөө.
Он гарсаар эхний 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 77151 хүн архидан согтуурч эрүүлжүүлэгджээ. Энэ тоог хоногт хувааж үзвэл дунджаар 200-250 хүн эрүүлжүүлэгддэг гэсэн үг юм. Тэгвэл аж ахуй нэгж албан байгууллагуудын шинэ жилийн баяр үргэлжилдэг арванхоёрдугаар сард архидан согтуурсан хүмүүсийн тоо хоёр дахин ихэсжээ. Өөрөөр хэлбэл, ГССҮТ-д энгийн саруудад өдөрт 250-300 өвчтөн ирдэг байсан бол арванхоёрдугаар сард өдөрт ирэх өвчтөний тоо 500-600 хүртэл нэмэгддэг аж.
“Үзлэг II” гэсэн хаягтай үүдний өрөөнд 25-аас 40 насны гурван иргэн дугаарлан сууж байв. Тэдгээр иргэд халтиргаа гулгааны улмаас гэмтсэн бөгөөд рентген зургаа барьсан хүлээн сууж байлаа. Энэ үеэр баруун гарын хоёр хуруугаа боолгосон Баянгол дүүргийн иргэн М.Баярбатаас гэмтлийн шалтгааныг тодруулахад албан байгууллагынхаа шинэ жилээс гарч яваад халтирч унасан гэнэ. Унахдаа баруун гараараа тулж хоёр хурууныхаа савхан ясыг гэмтээсэн аж.
О.Бямбаа: Хоногт дунджаар 100 гаруй хүн архидан согтуурсны улмаас гэмтэл авч байна
Тус эмнэлгийн яаралтай тусламжийн ахлах эмч О.Бямбаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Баяр ёслолын үеэр танай эмнэлгийн ачаалал хэр нэмэгддэг вэ?
-Манай эмнэлгийн хувьд цас орсон цагаас эхлэн ачаалал эрс нэмэгддэг. Ялангуяа халтиргаа гулгааны улмаас бэртсэн иргэд өвлийн саруудад зонхилдог. Харин арванхоёрдугаар сард баяр ёслолын үе эхэлж согтуугаар гэмтсэн иргэдийн тоо ачааллыг улам ихэсгэж байна. Энгийн сард өдөртөө 250-400 иргэн хүлээн авах тусламжийн төвөөр үйлчлүүлдэг байсан бол энэ сар гарснаар өдөртөө 500-600 иргэн яаралтай тусламж авч байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь шөнийн 12 цагаас хойш ирж байна.
-Бэртэлтийн хувьд ямар бэртэл давамгайлж байна вэ?
–Архидан согтуурсны улмаас гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь толгой руугаа цохиулсан эсвэл халтирч унасны улмаас дээд доод мөчдийн хугарал зэрэг янз бүрийн гэмтлүүд аваад ирдэг. Харин энэ сарын хувьд архидан согтуурч зодолдсон иргэдийн тоо харьцангуй их байна.
-Хоногт дунджаар хэдэн хүн архидан согтуурсны улмаас гэмтэл авч байна вэ?
-Энгийн үед хоногт дунджаар 50-60 хүн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бэртсэн гэж тэмдэглэгддэг байсан. Гэтэл энэ сард өдөртөө 100 гаруй хүн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлж байна. Харин насны хувьд 17-39 насны залуучууд зонхилж байгаа юм. Ер нь манай эмнэлгийн ачаалал баяр ёслолын үеэр улам ихэсдэг. Гол шалтгаан нь баяр ёслолтой давхцаад архидан согтууралт их гарснаас гэмтэл авсан иргэдийн тоо буурахгүй байна.
Э.Ариун