Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд зохион байгуулсан. Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг өнөөдөр /2017.12.28/ Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
2017 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр өмнөх онтой харьцуулахад мал сүргийн тоо 7.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ингэснээр жилийн эцсээр Монгол Улсын нийт мал сүргийн тоо 66.2 сая тоо, толгойд хүрснийг Үндэсний статистикийн газраас дуулгалаа.
Өнгөрсөн оноос адууны тоо толгой 303.9 мянган буюу 8.4 хувиар, үхэр 307.3 мянга буюу 7.5 хувиар, тэмээ 32.7 мянга буюу 8.2 хувиар, хонь 2.2 сая буюу 8.1 хувиар, ямаа 1.7 сая буюу 6.9 хувиар тус тус өссөн талаар тус хорооны дарга А.Ариунзаяа танилцууллаа. Монгол Улс 1918 онд анх удаа малаа тоолж эхэлсэн. Энэ жилийн мал тооллогод 11.5 мянган тоологч улс даяар ажиллаж, хяналтаар 1688 хүн ажиллажээ.
Нийт мал сүргийн бүтцээр авч үзвэл хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ. Сүүлийн 27 жилийн хугацаанд мал сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь 21.5 хувиар өссөн бол бусад хонь 12.9 хувь, үхэр 4.4 хувь, адуу 2.8 хувь, тэмээ 1.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өвөрхангай аймаг мал сүргийн тоогоороо тэргүүлжээ
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг нийт 5.7 сая мал тоолуулж, мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлжээ. Хөвсгөл аймаг 5.2 сая, Архангай аймаг 5.2 сая, Төв аймаг 4.6 сая, Баянхонгор 4.5 сая мал тоолуулж, эхний таван байрт орсон байна. Мөн энэ жил Булган, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймаг, хот мал сүргээ таван төрөлд өсгөсөн үзүүлэлттэй гарчээ.
Энэ жил Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудад мал сүргийн тоо хамгийн их буюу 497-534.9 мянган тоо толгойгоор тус тус өссөн байна. Харин адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.
Бага малтай өрхийн тоо буурчээ
Нийт малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхоос 5.2 мянга буюу 2.3 хувиар өссөн байна. Малчин өрхийг малын тоогоор нь авч үзвэл 200 хүртэл малтай малчин өрх өмнөх оныхоос 1.8 хувиар буурсан бол 201-ээс дээш малтай өрх 0.04-1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс үзэхэд бага малтай өрхийн тоо буурсан үзүүлэлт харагдаж байна. Мөн нийт малчин өрхийн 74 хувь буюу 169.4 мянган өрх нь жилийн дөрвөн улиралд малаа маллаж, амьдардаг аж.
Энэ жил шинээр малтай болсон 17 мянган өрх бүртгэгджээ. Үүнээс баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхүүдийн тоо өмнөх оныхоос өссөн үзүүлэлтэй байна. Харин өөрийн малыг бусдад шилжүүлсэн, малаа худалдсан, хорогдсон зэрэг шалтгаанаар малгүй болсон 12.2 мянган малчин өрх байна.
Нийт малчдын 23.9 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан
Малчдын тэтгэврийн насыг таван насаар бууруулсантай холбоотойгоор энэ жилийн мал тооллогоор малчдын мэдээллийг дэлгэрэнгүй тусгасан гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Энэ жилийн урьдчилсан дүнгээр 302.5 мянган малчин бүртгэлтэйгээс 23.9 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Мөн нийт малчдын 10 хувь нь 24 нас хүртэлх, 24 хувь нь 25-34 насных, 29 хувь нь 35-44 насных, 20 хувь нь 45-54 насных, 11 хувь нь 55-64 насных, зургаан хувь нь 65 наснаас дээш насны малчид байна.
Нийт малчдын 44.2 хувь банкны зээлтэй бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл 35-44 насны малчид хамгийн их буюу 32 хувийг, 25-34 насныхан 24 хувийг, 45-54 насныхан 23 хувийг эзэлж байгаа ажээ. Энэ оны хоёрдугаар сарын 20-нд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль гарч, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тиймээс малчдыг сайн дурын нийгмийн даатгалд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын ахлах шинжээч Л.Цэвээнжаваас энэ жилийн мал тооллогын талаар тодруулсан юм.
-Энэ жилийн мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Мал тооллогын үеэр энэ жил малчдаас илүү нарийвчилсан мэдээллийг авсан гэлээ?
-Энэ жилийн мал тооллогоор малчин өрхийн талаарх мэдээллийг санал асуулгаар дэлгэрэнгүй авлаа. Тодруулбал, хэчнээн малчин нийгмийн даатгал төлдөг эсэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй ажлын үр дүн, энэ салбарт ажиллаж буй мэргэжлийн боловсрон хүчин хэр байна вэ, малаа даатгуулж байна уу, эрчимжсэн мал аж ахуй хэдэн хувь байна, бэлтгэсэн хадлан, тэжээл, түлш зэрэг нарийвчилсан мэдээллийг нэмж тусгаснаараа онцлог боллоо.
-Мал тооллогыг тухайн орон нутгийн мэргэжилтнүүд хийдэг. Тиймээс ч малчин өрх малын тоогоо “дарах” тохиолдол гардаг гэх яриа бий. Мал тооллогын хяналтын хувьд хэрхэн хянадаг вэ?
-Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу малын тооллогыг тухайн орон нутаг хариуцаж, хийдэг. Энэ жилийн малын тооллого арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл улс орон даяар зохион байгуулсан. Малын тооллого хийж байх хугацаанд давхар хяналтын тооллогыг хийж, асуулгаа хэрхэн бөглөснийг хянасан.
Мал тооллогын үеэр малчид малын тоогоо дарах тохиолдол харьцангуй бага гардаг. Тухайн малчин өрх өмнөх онд хэчнээн мал сүрэгтэй байсан мэдээлэл нь таван төрлөөрөө бүртгэлтэй байдаг. Тийм учраас малчид малынхаа тоог дарах, нэмэх ямар ч боломжгүй. Энэ жил малчдыг утасны дугаараар нь бүртгэж, утсаар дахин лавлаж мэдээлэл авсан. Хэрвээ тухайн малчин орон нутагтаа байхгүй өөр нутагт отроор явж байвал сум, багаас нь мэдээллийг нь авч, хаана тоолуулах вэ гэдгээ шийддэг. Ингэснээр малын тоо давхардах асуудал үүсэхгүй. Зарим малчид малын тоог утсаар авчихдаг гэж ярьдаг. Манай байгууллагаас тухайн асуудлыг судалж, мэдээллийг хянаж байна. Мал тоолж хянагч нар малчин өрхийн малыг тоолохдоо хашаанд нь хашиж байгаад нэг нэгээр нь тоолдог.
А.Сүрэн