Том төслүүд хөдлөхгүйгээр эдийн засаг тэлэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Том төслүүд хөдлөхгүйгээр эдийн засаг тэлэхгүй

Том төслүүд хөдлөхгүйгээр эдийн засаг тэлэхгүй

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хувь хүний орлогын албан татвар сүүлийн үед их шүүмжлэл дагуулж байна. Ялангуяа төрийн албан хаагчдад бэлэн мөнгө тарааж эсрэгээрээ иргэдийнхээ халааснаас төр үүнийгээ эргүүлж авах нь гэсэн шүүмжлэл гарч байна. Татварын нэмэгдлийг эргэж харах уу?

-Яг нэг жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлт хувь, гуравдугаар улиралд хасах хувьтай, өрийн дарамттай байсан. ОУВС орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг шаардсан. НӨАТ-ыг нэмэх асуудлыг ч хөндөж байсан. Энэ бол хүн бүрт, ялангуяа бизнес эрхлэгч нарт маш хүнд тусна, амаргүй байна гэдгийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэлж, олон хэлэлцээр хийсэн. Мэдээж, татвар нэмэх амаргүй байсан ч шатлалтай татварын хэмжээ хөдөлмөр эрхлэгчдийн 94 хувь буюу 1.5 саяас доош орлоготой хүмүүст огт нөлөөлөл байхгүй. Харин эсрэгээрээ тэдний төлөх татварын ачаалал сар бүр 3000 төгрөгөөр буурч байгаа. Яагаад гэвэл 2017 онд татварын хөнгөлөлт жилд 84 мянга, сард 7000 төгрөг байгааг ирэх 2018 онд жилд 120 мянга төгрөг, сард 10 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Өнөөгийн байдлаар 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай нийт 52 орчим мянган хүн байгаа бөгөөд энэ нь нийт цалин, хөдөлмөрийн хөлсний орлого олж буй хүн амын зургаа орчим хувь. Үүнээс 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай 3.9 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай 0.6 хувь, 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд 1.5 хувь байна. Жишээлбэл, 2.5 сая төгрөгийн цалинтай иргэний 1.5 сая төгрөгийн 10 хувь нь 150 мянган төгрөг болно. Үлдсэн нэг сая төгрөгт нь 15 хувийн татвар төлнө. Үндсэндээ 2.5 сая төгрөгт нь 300 мянган төгрөгийн татвар ногдоно. Энэ нь одоогийн төлж байгаа татвар дээр нь 47000 төгрөг л нэмэгдэж байгаа гэсэн үг. Харамсалтай нь уул уурхайн салбарынхан өртөж байгаа. Татварын хувь хэмжээг тогтоохдоо нийт иргэдэд ирэх ачаалал аль болох бага байх зарчмыг баримталсан.

-Татвар нэмэх шийдвэр гараад бараг найман сарын хугацаа өнгөрч, хэрэгжихэд долоохон хоног үлдсэн байхад энэ асуудлаар олон нийтийн зүгээс шүүмжлэл гаргаж байгаа нь иргэдийн мэдээлэл муутай холбоотой байх. Иргэдийн зүгээс гол хүлээж байгаа зүйл нь Засгийн газраас татварын асуудлыг эргэж харах уу гэдэг асуулт. Дэлхийн бусад орнууд хүн амын орлогын албан татвараа яаж зохицуулдаг юм бэ?

-Олон улс орнууд шаталсан татварын системтэй байдаг. Ихэнх улс орнуудын төсөвт энэ татварын орлого жинтэй хувь нэмэр оруулдаг. Монгол Улсын хувьд төсвийн орлогын найм орчим хувийг эзэлдэг. БНХАУ гэхэд 45 хувь хүртэл долоон шатлалтай татвартай. Шриланк улс нэг хүнд ногдох ДНБ-ний хувьд Монгол Улстай ойролцоо. Тус улс 24 хүртэл хувийн 5-6 шаталсан татвартай. Гэх мэтчилэн дэлхийн ихэнх улс орон шаталсан татвартай байдаг. Манай улс 2007 оноос өмнө 40 хувь хүртэл шаталсан татвартай байсан. Харин 2007 оноос хойш нэг шатлалтай 10 хувь болгосон. Ингэх хэд хэдэн шалтгаан байсан. Тухайн үед татварын тайлангийн систем, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар зэрэг асуудлууд нөлөөлсөн. Түүнээс хойш татварын бааз суурь нэмэгдсэн.  Мэдээж, энэ амаргүй тусч байгааг ойлгож байна.

-Нөгөө талдаа иргэдийн зүгээс татвар төллөө гэхэд улсын төсвийн зарцуулалтыг оновчтой, ил тод болгох шаардлагыг тавьж байгаа?

-Иргэдийн зүгээс төлсөн татвар нь хүрэх зүйлдээ зөв зарцуулагдаж байвал татвар төлөх асуудлыг ойлгож байна гэх хандлага бас бий. Түүнээс авлигачдын халаасанд орох гэж байгаа бол татвар төлөхгүй гэх сонирхол байна гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байсан. Хэдий хэмжээний татвар авч байна, тэр хэмжээгээрээ зарцуулалт хийх арга хэмжээг төр авч байгаа. 2018 оны төсөвт орлого нэмэгдэж байгаа ч том асуудал болдог сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхээр тусгасан. Тухайлбал, нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдэх, цэцэрлэггүй хороонд цэцэрлэг барих гэх мэт нийгмийн шинж чанартай зүйлүүдийг тусгасан байгаа. Энэ асуудлыг нөгөө талаас улс шийдэж чадах юм бол амаргүй ч гэсэн татвараа төлж байгаагийн хэрэг гарч байх ёстой. 2.2 сая төгрөгийн цалин авч байгаа хүний төлдөг татвар дээр 32 мянган төгрөг нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа энэ нэмэгдлийг нэн ядуу, эмзэг, халамжийн бодлого хэрэгтэй бүлэгтээ зарцуулж байгаа. Агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд 40 мянган хүүхдийг вакцинжуулах, 80 мянган тонн хагас коксон нүүрсийг татаас болгож иргэдэд тараах, айл өрхүүдийг эрчим хүч, дулаантай холбох, шөнийн тарифын тэглэх гэх мэтчилэн асуудлыг шийдэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь, Монголын төр орлого бага байгаа учраас зарлагаа танах арга хэмжээг авах ёстой. Түүний хажуугаар амаргүй нөхцөл байдлууд үүсч байгаа. Шөнийн тарифын хөнгөлөлтөд гэхэд 8.3 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Ийм ачааллыг бид авч байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй болгох, ил тод болгох, зардлаа танах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллана.

Лиценз шилжүүлэхэд оногдуулах татвар зөвхөн том хувьцаа эзэмшигчид хамааралтай

-2018 оны төсвийн хуулийг дагаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг батлахдаа лиценз худалдаалдаг далд бизнесийг ил болгоно гэж байсан?

-2018 оны төсвийн тухай хуулийг дагаж томоохон хууль эрх зүйн зохицуулалт орсон. Тухайлбал, уул уурхайн ашигт малтмалын лиценз болон газрын наймаатай холбоотой гүйлгээнд улс хангалттай татвар ногдуулж чадахгүй байна гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд маш их гарч байсан. Энэ зохицуулалтын хүрээнд 2018 оны төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ялангуяа ашигт малтмалын лицензийн шилжүүлэгт татвар ногдуулах харилцаа 2007 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж, 30 хувийн татвартай байсан. Харамсалтай нь, татварын хувь хэмжээ өндөр байсан тул лиценз, газрын наймаа эрхлэгчид татвараас аль болох зайлсхийх боломжийг хайсаар ирсэн. Тиймээс өмнөх хуулийн цоорхойг бөглөх үүднээс энэ удаагийн хуулийн өөрчлөлтийг хийж өгсөн. Аж ахуй нэгжүүдийн зүгээс гадаадад оффшор байдлаар компани байгуулж, тухайн компаниараа дамжуулан өөр нэг гадаадын компанид лиценз худалддаг тохиолдлууд маш их гардаг. Гэтэл бид тэр шилжүүлэх худалдаанаас ямар ч татвар авч чаддаггүй. Энэ асуудлыг илүү боловсронгуй болгож хуульчилсан гэсэн үг.

-Татвар авахыг ялангуяа энэ төрлийн бизнес эрхлэгчид эсэргүүцэж байгаа. Хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ямар журам, зохицуулалтаар хэрэгжих вэ?

Уул уурхайн 3000 гаруй лиценз бий. Үүнээс ашиглалтын шатанд явж байгаа, олон улсын зах зээл дээр IPO гаргасан компани нь маш бага. Өнөөдрөөс хуулийн хэрэгжилтийг хангах хоёр журам батлагдан гарч байна. Тодруулбал, лицензийн үнэлгээ тооцох аргачлал буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон Ашигт малтмалын тухайн хуулиудыг үндэслэж, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг орлогод албан татвар ногдуулах аргачлалыг баталлаа. Лицензийн үнэлгээг тооцох олон улсын аргачлалуудыг судалсан. Татвар төлөгчөөс мэдүүлж байгаа гэрээний үнийг тэргүүн ээлжид хүлээн зөвшөөрнө. Харин гэрээний үнэ хэт зөрүүтэй, бодит байдалтай нийцэхгүй тохиолдолд олон улсын үнэлгээ тооцох аргачлалаар татварын албатай хамтран үнэлгээг тооцох юм. Үүнд харьцуулалт, зардал, өнөөгийн үнэ цэнийн аргуудаар тооцох юм. Шударга татвар төлөгч, харилцан хамааралгүй этгээдүүд хоорондоо өөрсдийн худалдсан, борлуулсан гэрээний үнийн дүнг удиртгал болгоно. Ашигт малтмалын лицензийг гадаад улс оронд тус орны компаниуд хоорондоо арилжсан бол Монгол Улсын төрд мэдэгдэх ёстой. Гэвч худалдсаныхаа дараа манайд мэдэгддэг тохиолдол өмнө нь гарч байсан. Тухайн хоёр компанийн хооронд ямар үнийн дүнгээр гэрээ хийснээ манайд мэдэгддэггүй байсан. Одоо хуулиар хариуцлагын асуудлыг нэмэгдүүлж өгсөн учраас гэрээний үнийн дүнг санаатайгаар буруу мэдээлж нуун дарагдуулсан, татвараа тайлагнаагүй тохиолдолд лиценз худалдаж авсан этгээдийн лицензийг хурааж авах хүртэл арга хэмжээ авна.

-Ашигт малтмалын лиценз худалдах бизнес далд явж ирсэн. Үүнийг ил болгосноор 2018 онд гэхэд 36 тэрбум төгрөг төсөвт сууна гэлээ. Лицензийн далд бизнесийг ил болгох нь хэнд ашигтай юм бэ?

Өнөөдрийг хүртэл ашигт малтмалын лицензийн шилжүүлэг байсаар ирсэн ч улсын төсөвт бага орлого төвлөрүүлдэг байсан. Гадаад, Монголд ч хийгдсэн лиценз шилжүүлгийн гэрээнээс Монголын ард түмэн ашиг хүртэж байгаагүй. Жишээлбэл, Оюутолгой лицензийг Айвенхо Майнз, Рио Тинтод худалдахад монголчууд нэг ч төгрөгийн татвар олж авч чадаагүй. Хэдийгээр лицензийн шилжүүлгээс 30 хувийн татвар авах хууль хэрэгжиж байсан ч татварын хуулийн хийдлүүд байсан учраас бид юу ч авч чадаагүй. Одоо бол лицензийн шилжүүлэг хийсэн тохиолдолд Монгол Улс татвар авах хуулиа хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон гэсэн үг. Мөн татвар авахаас гадна Монголын баялгийн лицензийн жинхэнэ эзэмшигчийг мэдээлдэг төрийн ой санамж бий болно. Өөрөөр хэлбэл, эцсийн эзэн нь хэн байна бэ гэдэг мэдээлэл тодорхой болох юм.

– Бүх лицензээс 30 хувийн татвар авна гэсэн үг үү?

-Олон улсын зах зээл дээр IPO гаргасан, их, бага хувьцаа эзэмшигчид бүгд лиценз шилжүүлэхэд 30 хувийн татвар авна гэж ойлгоод байх шиг байна. Тухайлбал, “Занаду”, “Спайр майнинг”, “ММС” гэх мэт компаниуд гэхэд гадаадын зах зээл дээр IPO гаргасан, үргэлж шилжүүлэг хийгддэг учраас тэр бүрт нь татвар төлж, тайлан тавина гэсэн ойлголтын зөрүүтэй байх шиг байгаа юм. Лиценз борлуулсны татварыг тухай лицензийн хамгийн том хувьцаа эзэмшигч төлнө. Өөрөөр хэлбэл, “Спайр майнинг” компани 2300 орчим хувьцаа эзэмшигчтэй. Үүнийх нь хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Нобль ресурс” байх жишээтэй. Тэгэхээр зөвхөн хамгийн том хувьцаа эзэмшигч “Нобль ресурс” лицензээ шилжүүлсэн тохиолдолд шилжсэн хувьтай тэнцэх хэмжээгээр татвар ногдуулна гэсэн үг. Бусад жижиг хувьцаа эзэмшигчдэд энэ татварын асуудал нөлөөлөхгүй. Түүнээс гадна шилжилт хөдөлгөөн хийхэд лицензийн нийт дүнгээс татвар авахгүй. Зөвхөн хамгийн том хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцаанд нь 30 хувийн татвар авна. Тухайлбал, 20 хувийн лиценз эзэмшиж байгаад худалдаалах юм бол лицензийн үнэлгээний зөвхөн 20 хувь дээр татвар ногдуулна.

-Байгалийн баялгаа борлуулдаг, үүгээрээ дамжуулж хөрөнгө оруулалт татдаг бусад улс орнуудтай татварын бодлогоор нэг дүрмээр тоглодог болно гэж ойлгож болох уу?

-Энэ аргачлалыг хэрэглэхийг олон улсын байгууллагаас 2012 оноос хойш зөвлөж байсан. ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын 2017 оны давхар татварын загвар хэлэлцээр зэрэг олон байгууллагуудын зөвлөмж, загвар байдаг. Тиймээс бид бусад улс орны стандарт, хуулиудыг ашиглаж энэ журмыг боловсруулсан. НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд хамтран 2017 оны есдүгээр сарын 25-нд Оффшор дахь шууд бус шилжүүлгийн татвар ногдуулах тайлан гаргасан байдаг. Энэ тайланд олон улсад жишиг болохуйц маш том жишээ дурдсан. Перу улсын гуравдагч газрын тосны том олборлогч “Петротех” компанийн хувьцаа эзэмшигч АНУ-ын Делавейрт бүртгэлтэй компани байсан. Энэ компанийг Хьюстонд байдаг АНУ-ын оффшор компани 2009 онд худалдаж авсан байдаг. 2009 онд худалдаж авсан энэ хэлцэл дээр АНУ татвар ногдуулсан. Тухайн үед Перу улсад ийм төрлийн хэлцэлд татвар ногдуулах хууль байгаагүй бөгөөд том газрын тосны олборлогч компанийн удирдлага солигдсоны шалгалт явуулж, 482 сая ам.долларын татварын орлогоо алдсан гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Түүнээс хойш Перу улс татварын хуульдаа өөрчлөлт оруулж, шууд бус шилжүүлэг дээр татвар ногдуулдаг болсон. Бид ч гэсэн Монгол Улсын гадуур хэдэн сая ам.долларын татварын орлогыг алдсан байхыг үгүйсгэх аргагүй байгаа юм. Ер нь бол орлого олж байгаа эх үүсвэр нь хаана байна, тэр улс нь татвар ногдуулах эрхтэй байдаг дэлхийн жишиг бий. Лиценз, газрын наймааны орлогын эх үүсвэр Монгол Улс учраас бид татвараа авах эрхтэй.

-Арилжааны банкинд лицензээ барьцаалж зээл авдаг. Хэрэв банкинд барьцаалсан лицензээ авч чадахгүйд хүрвэл энэ татвар хамааралтай юу?

-Арилжааны банкинд лицензээ барьцаалж их хэмжээний зээлийн хөрөнгө босгож аваад төлж чадахгүй болж банкинд лиценз хураагдах тохиолдол гардаг. Шинэ хуулийн зохицуулалтаар лицензийг банк шилжүүлж авбал татвар мөн адил тооцно. Тиймээс банк зээл олгохдоо ч гэсэн төлөх татварын хэмжээг эрсдэлд тооцож зээл олгохоор болж байгаа юм.

Европын холбооны хар жагсаалтаас гарахад 15 шаардлага биелүүлнэ

-Европын холбооноос Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан. Энэ хар жагсаалтад орсноор ямар нэг эрсдэл үүсэх үү. Яагаад энэ хар жагсаалтад орчих болов?

– Нийт дагаж мөрдөх 15 арга хэмжээ бүхий Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах хөтөлбөр буюу BEPS нь хоёр жилийн өмнө Турк улсад зохион байгуулсан G20 буюу их 20-ийн жилийн уулзалтаар батлагдсан. Хэдэн сарын өмнөөс манай яам болон Татварын ерөнхий газрын холбогдох дарга нартай Европын холбооноос мэйлээр хандаж, элсэж орох амлалтаа яаралтай өгөхийг шаардсан. Монгол Улс санхүүгийн гэмт хэрэг, татвараас зайлшгүй хийхтэй тэмцэх дэлхийн чиг хандлагыг дэмжиж ирсэн.  Бидний зүгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалтаа өгөхийн тулд гол нь дотоодын хууль, тогтоомжид орох өөрчлөлтийг судлах цаг хугацаа өгөхийг хүссэн. Олон улсын энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвхөн Татварын багц хуулиас гадна бусад олон хуульд өөрчлөлт орно. Татварын ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэл авахаас гадна арилжааны банк дээрх дансны мэдээлэл гэх мэт иргэд болон хуулийн этгээдийн санхүү, хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг нэгтгэн авах, татварын зорилгоор BEPS-т элссэн бусад улс орнуудтай солилцох болно. Ялангуяа, Монголд хөрөнгө, данс эзэмшигч гадаад иргэдийн талаарх мэдээллийг авах бүрэн боломжоор хангах ёстой.  Үүнд манай хууль эрх зүйн орчин, техник технологийн өнөөгийн түвшин хараахан бэлэн биш юм.  Харин, Татварын ил тод байдал, мэдээллийн солилцооны чиглэлээрх Дэлхийн форумд бол Монгол улс элсэн орохыг манай яамнаас дэмжиж, Засгийн газар, цаашлаад УИХ-д танилцуулснаар тус байгууллага руу хандах гэж байгааг ч дурдсан. 

-Хар жагсаалтад орсон учраас эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлнэ гэсэн мэдээлэл бас гараад байгаа?

-Европын холбоо анх удаа ийм жагсаалт гаргаж байгаа. Энэ гаргасан нь урьдчилсан жагсаалт, элсэж орох амлалтаа өгвөл хасагдаж болно гэдэг нөхцөлтэй. Үүнд, Монгол Улс элсэж орох асуудлыг Засгийн газар хэлэлцэж дэмжсэний үндсэн дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын холбоо руу хандсан. Танай хүсэлтийг хүлээн авлаа гэдгээ 2 хоногийн өмнө мэдэгдсэн байгаа. Энэ жагсаалтыг анх удаа гаргаж байгаа учраас  хориг арга хэмжээ байхгүй.

-Таны Европын холбоонд хүргүүлсэн захидлаас болж хар жагсаалтад орсон гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн?

-Бид Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форумд нэгдэн ороход бэлэн. Харин, түрүүн хэлсэнчлэн Татварын суурийг багасгаж ашгийг гувчуулах хөтөлбөрт нэгдэн орсоноор шууд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хувьд хууль эрх зүйн орчин болон  техник технологийн өнөөгийн түвшин бэлэн биш юм. Монгол улс Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад өмнө нь орж байсан. Өөрөөр хэлбэл, манай улсыг дэлхийн санхүүгийн системд эрсдэл учруулж болзошгүй, мөнгө угаах терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн орчин дутмаг хэмээн үзсэн. Энэ саарал жагсаалтаас 2015 онд гарсан ч бидэнд хууль эрх зүйн орчиноо сайжруулах цаг хугацаатай үүрэг өгсөн. Үүн дээр хууль зүйн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Гадаад хэргийн яам хамтран ажиллаж байгаа.  Энэ бүгд ч нөлөөлсөн. 

-Засгийн газар өрнөөс өрний хооронд, татвар нэмж орлогоо бүрдүүлэх гээд өнөөдрөө аргацаасан шийдвэр гаргасаар байна. Үеийн үед том төслүүдээ гацаанаас гаргаж, хэзээ хөдөлгөх вэ гэдэг асуулт урган гардаг. 2018 онд эдийн засгийн өнгө ямар байх вэ. Том төслүүдээ хэзээ хөдөлгөх вэ?

Эдийн засаг аажмаар сайжирч байна. Үүнд, нэг талаар дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрс гэх мэт манай гол түүхий эдийн үнэ өсөж байгаа нь эерэгээр нөлөөлж байгаа. Нөгөө талаас, бид ОУВС-ын хөтөлбөр хэрэгжүүлж зарлагаа танах, орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж байна. Хуралдай бонд, Гэрэгэ бондын эрэлт, хүү маш сайн байсан нь үүний тод илрэл. Саяхан Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирлаа. Зээлжих зэрэглэл тогтоогч байгуулагууд манай гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өслөө гээд зэрэглэл сайжруулдаггүй. Гадаад өр зээлийн дарамтын хэмжээ, зөв зохистой бодлого явуулж чадаж байгаа эсэх гэх мэт дунд хугацааны эрсдэлийг үнэлдэг. Гэхдээ Монгол улсыг эдийн засаг нь эмзэг хэвээр байгааг тус агентлагуудаас сануулсан байгаа. Бид эдийн засгаа хэмжээгээр нь тэлэх, эсвэл зардлаа дорвитой танах гэсэн хоёр арга зам бий. Уг нь илүү эрүүл, урт хугацаанд үр дүнтэй нь эдийн засгийн хэмжээгээр нь тэлэх бодлого юм. Мэдээж үүнийгээ дагаад зардалаа нэмэхгүйгээр. Томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжихгүйгээр эдийн засгаа хурдацтай тэлэхэд хүнд. Шинэ Засгийн газар энэ тал дээр нилээд шаргуу ажиллаж байна. УИХ ч үүнийг шаардаж байна. Үр дүн ойрын хугацаанд гарна гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж