Улаан асрын зүүд​​​​​​​ (4-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд​​​​​​​ (4-р бүлэг)

Улаан асрын зүүд​​​​​​​ (4-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Дөрөвдүгээр бүлэг

ХУВЬ МУУТ ОХИН ТОРГОН ХҮРГЭНД ТОХИОЖ, ХУЛУУ ЗУУГИЙН ХУВРАГ ХУУДУУ ЗАРГЫГ ТАСЛАВ

Өгүүлэх нь: Дай Юй эгч дүү нарын хамт Ван Фүрэнийд ирэхэд тэрбээр яг ахын авгайн тэндээс ирүүлсэн зарцтай гэрийн хэргийг зөвлөж бас Има эгчийн гэрийнхэн хүн амины хэрэгт ороод заргатай байна хэмээн хэлэлцэж байсан ажээ. Үзвээс, Ван Фүрэний хийдэл явдал хэтэрхий их тул эгч дүү хэдүүл ирж бэлбэсэн гэргий Ли овогтынд ирэв. Энэ Ли овогт гэгч нь Жя Жугийн гэргий бөлгөө. Жя Жу хэдийгээр зуурдаар нас барсан боловч завшаанаар бас нэг хүү үлдээсэн юм. Нэрийг нь Жя Лань гэх бөгөөд тавхан настайд нь сургуульд оруулж бичиг сургажээ. Ли овогт бол бас Жинь Лингийн нэрт түшмэлийн охин. Эцгийг нь Ли Шөүжун гэнэ. Төрийн хөвгүүдийг хүмүүжүүлэх яамны эрхлэн сургагч түшмэл1 байсан бөгөөд угсаа төрлийн охид хөвгүүдийн дотор шүлэг зохиол уншдаггүй хүн ер байсангүй. Ганцхан Ли Шөүжунгийн үед ирээд: “Охин хүн бичиггүй бол даруй эрдэм болой” гэж энэ охиныг төрснөөс хойш бичиг үзүүлсэнгүй. Зөвхөн “Эхнэрийн дөрвөн бичиг”2 “Чин зоригт эхнэрийн шаштир”3 зэргийг бага сага үзүүлж, бас нэг хэдэн үсэг таниулаад, урьдах төрийн хэдэн мэргэн охиныг ном үзүүлсэн төдийд хүрүүлж, харин утас ээрч нитгэрэх зэрэг эхнэрийн үйл утасны явдлыг чухал болгосон тул нэрийг нь Ли Вань, өргөсөн нэрийг нь Гун Цай4 гэжээ. Тиймээс Ли Вань хэдий залуудаа эр нөхрөө алдаад, мах тос, магнаг тажийн дунд амьдарч байгаа боловч эгээ л “Өгөршсөн мод, унтарсан цог” мэт ямар ч хэрэгт оролцохгүй, гагцхүү настан өтгөсөө асарч, хөвгүүнээ энхрийлээд, зав гарвал хадам, охин дүү нараа дагуулж, оёдол утас хийх буюу бичиг судар уншуулах төдийг мэдэх болжээ. Эдүгээ Дай Юй энд зочин болж суусан хэдий ч, өчнөөн олон охид, бэргэд хань болж байгаа тул ганц асрамжлах болсон эцгээс өөр санан бодох юмгүй болжээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юйцүнь, Ин ТяньФүд зэрэг хэргэмтэй болж тушаалдаа ормогц, нэгэн хүн амины хэрэг зарга тулгарч тэр тухай бичиг ширээн дээр нь тавьжээ. Нарийн ажиглавал, хоёр айл нэг шивэгчнийг худалдан авахаар булаалдаж, тохиролцоогүй учир зодолдож хүний аминд хүрчээ. Юй Цүнь зарга нэхсэн хүнийг авчруулж шүүсэнд мөнөөх хүн: “Алагдсан хүн бол өчүүхэн миний эзэн юм. Тэр өдөр нэг шивэгчнийг худалдан авсанд, харин нэг мэхлэгч, залилж авчирч худалдсан хүн байжээ. Тэр мэхлэгчид бид мөнгөө өгсөн учир, миний бага эзэн, гуравдах өдөр өлзий сайн өдөр тул даруй богтолно гэв. Гэтэл тэр мэхлэгч мөнөөх хүүхнийг далдуур бас Шюэ овогтныд худалдан өгснийг бид мэдсэн юм. Тэгээд бид худалдсан хүнийг эрж, шивэгчин охиныг булаан авахаар шийдсэн юм. Шюэ овогтон бол Жинь Лингийн нэгэн эзэрхэг этгээд тул эд агуурсны эрх сүрдээ эрэмшиж, олон зэрлэг боолуудаа нааш турхирсан учир миний бага эзнийг зодож алжээ. Одоо бол тэр хүн алсан эзэн, боол цөм оргон зугтаагаад, тэр хавьд нь хэрэгт холбогдолгүй хэдэн хүн л үлджээ. Өчүүхэн би, бүтэн жил заргалдаад үнэн мөнийг олсон хүнгүй. Их ноёнтон та, тэр хэрэгтнүүдийг баривчлан авчирч шударга номхныг тэтгэвэл, үхсэн амьд цөмөөр их ачид бодож сүсэглэнэ гэжээ.

Юй Цүнь сонсоод ихэд хилэгнэн: “Ийм юм гэж яаж байхав. Хүн алчихаад ажиг ч үгүй алга болоход нь түүнийг олж барихгүй ямар ёс байхав” гээд саваа сугалан албаны хүнийг дуудан “Даруй түргэн тэр хэрэгтнийг олж гэр бүлийн нь хамт шүүж байцаа” гэтэл ширээний хажууд зогсож байсан үүд сахигч нэг харчи5 түүнд буу, саваа мод гэж нүд ирмэн дохив. Юй Цүнь дотроо нэг сэжиг төрж, өрөөнөөсөө гараад өөр нэг өрөөнд ороод, тэрхүү харчийг оруултал “Лао е зэрэг дэвшиж пүнлүүгээ нэмүүлээд найм есхөн жил болмогц намайг мартсан уу” гэж асуусанд Юй Цүнь “Би чамайг хармагц нүдэнд их дулаахан харагдсан ч тэр дор нь санахгүй байлаа” гэв. Харчи инээж: “Ноёнтоон юунд үүсгэсэн газраа мартана вэ. Урьдын Хулүгын зуугийн хэргүүд санагдахгүй байна уу” гэж асуув.

Түүний дэргэд зогсох энэ харчи нь угаас Хуладын зуугийн нэг Баньди байжээ. Сүм хийдийн эл хуль байдлыг тэсвэрлэж ядан байтал нь галын аюул болоод байх аргагүй болмогц, өнөөгийн энэ үүд сахигч сул зарцын ажлыг биед амар хөнгөн хялбар гэж бодож олоод гэзэг тавьж харчи болсон ажээ. Юй Цүнь хаанаас түүнийг сүмийн Баньди гэж санах вэ дээ. Түүний хэлсэнд хэрдхийснээ, өнгөрснийг бодоод, яаран гарыг нь атган инээгээд: “Нээрэн хуучин танил маань байна” гээд суу гэв. Харчи суухгүй байв. Юй Цүнь инээж: “Чи бол намайг дорд ядуу явах үеийн найз шүү. Энэ чинь миний гэр юм чинь суухад хамаа вэ дээ” гэсэнд цаадах нь суудал өнцөгдөн суув. Юй Цүнь “Чи юунд саваадахыг хорьсонгүй вэ” гэсэнд цаадах нь: “Ноён зэрэг дэвшиж энд ирэхдээ, ядаж энэ мужийн ноён сахьяагаас нэг хувь хуулж авчирсангүй юү” гэж асуувал: “Ноён сахьяа гэж юу билээ” гэж асуув.

-Одоо орон нутгийн ямарваа нэгэн түшмэл бологчдод цөмд нь нэг хувийн данс бий. Түүний дээр тус мужийн хамгийн эрх сүртэй, баян эрхмүүдийн овог нэрийг бичиж байна. Муж бүхэн цөм ийм. Хэрэв мэдэлгүйгээр аль нэгэн цагт ийм хүмүүсийг хөндөхөд хүрвэл, ноён зэрэг байтугай, амиа ч хамгаалахад бэрх болно. Тиймийн тул “Ноён сахьяа” гэжээ. Саяын хэлсэн тэр Шюэ овогтонд аяа хэрхэн халдаж болох ажээ. Энэ заргыг таслахад нэг их бэрх биш. Гагцхүү урьдын албань яамд цөм найр тал харсны харгайгаар цөм ийм болжээ гээд савнаасаа нэг хуудас “Ноён сахьяа” гаргаж Юй Цүньд өгөв. Үзвэл дээр нь, тус нутгийн сурвалжит угсаа, нэр цуут түшмэдийн гэр орны тухай хэлхэн холбож хэлсэн үгнүүд байжээ.

Жя хэмээгч худал /Жя/ биш,

Хашаар танхим босгож, алтаар морь цутгана

А Фан гун ордон6 гурван зуун газар

Жя Лингийн ганц Шы овогтныг багтаахгүй

Зүүн далайд хашийн ор дутахул

Лусын хаан Жинь Линд ирж ван овогтноос гуйна.

Сайн жил “Цас” /Шюэ/ ихтэй

Сувд нь шороо мэт, алт нь төмөр адил.

Юй Цүнь уншиж бараглатал дохионы хонх дуугарч “Ван Лао е танд бараалхахаар ирлээ” гэх сонсогдсонд, яаран дээл малгайгаа өмсөөд угтан гарав. Тэгээд нэг цагийн хоол идэхийн хэр болоод буцан ирээд, дээрх холбоос үгсийн тухай асуусанд харчи “Энэ дөрвөн айл бол цөм төрөл садны холбоотой, нэг нь гэмтвэл бусад нь гэмтдэг, нэг нь хэрэлдвэл цөмөөр хэрэлддэг юм. Одоогийн энэ заргалдаж байгаа хүний эзнийг занчин алсан Шюэ гэгч даруй “Сайн жилийн цас /Шюэ/” гэгчийн Шюэ юм. Тэр зөвхөн энэ гурван гэрт түшиглэх төдий биш, түүний хар багын найз, ах дүү садныхан ганц нийслэлд биш, бусад газарт байгаа нь цөөн биш. Тэгэхээр Лао е та хэнийг барина вэ” гэв. Юй Цүнь түүний яриаг сонсоод инээн: “Энэ заргыг яаж дуусгавал зохино вэ. Чи ер нь тэр хэрэгтний хаашаа буруулсныг ч мэдэж байгаа байхаа” гэж асуув. Цаадах нь инээж: 

-Ноён танаас нуух учиргүй. Тэр хэрэгтний явсан зүгийг байтугай мэхэлсэн хүнийг төдийгүй үхсэн чөтгөрийг ч сайн мэднэ. Би танд тодорхой мэдүүлсүгэй. Тэр зодуулж үхсэн хүн бол нутгийн нэгэн бага түшмэлийн хүү. Нэр нь, Фөн Юань гэгч. Эцэг эх нь цөм нөгчсөн. Өөрөө бас ах дүүгүй учир бага сага хөрөнгөө түшиж аж төрнө. Арван найм, ес насалтлаа эрийн зүсэд шунаж, эмийн өнгөнөөс жигшдэг байсан юм. Энэ бас урьд төрлийн нь нүгэл ч болов уу. Гай болж тэр охин таарахад хармагцаа дурлаад заавал худалдан авч татвар эмээ болгохоор шийдсэн юм. Тэгээд хожим гангалахгүй, өөр эхнэр авахгүй гэж ам алджээ. Тийнхүү сая хуримаа төрийн ёсоор заавал гурван өдрийн дараа хийнэ гэсэн юм. Тэгтэл тэр мэхлэгч, бас Шюэ овогтонд мөнөөх охиныг худалдахыг хэн мэдлээ. Мөнөөх луйварчин хоёр айлын мөнгийг хамж аваад оргоно гэж бодсон боловч зугтаж чадалгүй хоёр талынханд баригдаад үхтэлээ нүдүүлжээ. Хэн нь ч мөнгө авахгүй, хүнээ л авна гэтэл Шюэгийнхэн, боол зарцтайгаа нийлэн Фөн агийг нэвширтэл балбасанд тэр арай гэж үхлүүт юм дамнуулж гэртээ харьсан ч гуравхан хоноод үхжээ. Уг нь тэр агь өдрөө сонгочихоод нийслэлд буцах гэж байсан юм. Хэдийгээр хүн зодож, охин булаасан боловч хэрэг хийгээгүй хүн мэт ажиг ч үгүй, гэрийнхнээ авч замаа хөөснөөс бус үүнээс болж зайлж дутаасан юм биш. Энэ хүний амины хэрэгтэй холбогдох учрыг түүний анд нөхөд, боол зардас нь аяндаа нэг тийш болгож өгнө биз. Энэ тухай түр азнаад өөр нэгнийг яръя. Тэр худалдагдсан охин, хэний хэн болохыг ноёнтон та мэдэх үү гэж асуусанд. Юй Цүнь: “Би яаж мэдэх юм” гэв. 

Харчи хүйтэмсэгээр инээгээд, энэ хүн бол харин ч ноёнтны их ачит хүн юм. Тэр даруй Хулүгын зуугийн дэргэд сууж байсан Жэнь Лао егийн охин, багын нэр нь Ин Лянь юм гэсэнд, Юй Цүнь хэрдхийж: “Ишш, тэр байсан юм гэж үү. Түүнийг тавхан настайдаа хүнд хулгайлагдсан гэж дуулсан. Яаж яваад эд нарт хулгайлагдах нь тэр вэ” гэв. Харчи: 

-Тийм мэх гохтой амьтас бол дандаа бяцхан охидыг хулгайлж арван хоёр гурав хүрэхээр нь, өөр газар аваачиж худалддаг. Дээр үед бид тэр Ин Лянийг эрхлүүлж тоглож байсан болохоор хэдий долоо найман жил болж, өнгө зүс нь өөр болсон ч гэсэн төрх байдал нь хувирсангүй. Ялангуяа түүний духанд төрөлхийн нэг будааны ширхгийн чинээ улаан мэнгэ байсныг би харуутаа л танилаа. Ядахдаа, тэр мэхлэгч луйварчин манайд хөлсөөр сууж байсныг хэлэх үү! Нэг өдөр мөнөөх мэхлэгч гадуур гарсан далимд, би охиноос асуувал тэрбээр зодуулсаар байгаад зүрхшээд, тэр мэхлэгчийг төрсөн эцгээ мөн. Өр төлөх мөнгөгүй учир худалдах гэж байгаа юм гэхээс өөр юм ярьсангүй. Хэд дахин аргадаж асуувал уйлж байгаад: “Багынхаа явдлыг мэдэхгүй” гэлээ. Үүнээс хойш тун эргэлзээгүй мөн болчихлоо. Тэр өдөр Фөн агь тааралдаж мөнгөө тушаасны дараа, мэхлэгчийг согтсон далимаар Ин Лянь шүүрс алдаад: “Миний нүгэл энэ өдөр барагджээ” гэв. Гэтэл сүүлд гурван өдрийн дараа богтлоно гэснийг сонсоод бас дахин санаа зовсон байдалтай болчихлоо. Би хараад тэссэнгүй, нөгөө мэхлэгчийг гарсан хойгуур эхнэрээ охинтой уулзуулж: “Энэ Фөн агь заавал сайн өдрийг сонгож, авахаар ирнэ гэж байгааг бодвол чамайг шивэгчнээр үзэхгүй байгаа нь тодорхой. Тэр бүү хэл түүний байдал туйлын хээнцэр дэгжин, гэрийн амьжиргаа ч хүрэлцээтэй. Ерийн үедээ бол тэр эмэгтэй хүнийг ад үздэг атлаа, сая чамайг их үнээр худалдан авсныг үзвэл, чиний хожмын явдлыг өнөөдөр хэлэхгүйгээр мэдэж болно. Хоёр гуравхан өдрийг тэсвэрлэчихвэл болох бишүү. Юунд эмгэнэн зовнино вэ” гэж ятгуулсанд тэрбээр баахан тайтгарч: “Одоо нэг орох оронтой болжээ” гэв. Тэгтэл гай газар дороос гэдэгчлэн маргааш нь тэр маань Шюэ овогтонд бас худалдагдчихлаа. Хэрэв өөр айлтай учирсан бол бас гайгүй. Тэр Шюэ агь гэгч “Тэнэг эрлэг” хочтой, тэргүүн зэргийн золгүй, зөрүүд мугуйд амьтан бөгөөд мөнгө зоосыг мөс ус шиг сүйтгэдэг тул улай гарган зодолдож, Ин Лянийг чирч, үүрч авч яваад одоо үхсэн амьд нь мэдэгдэхгүй болжээ. Энэ Фөн агь хоосон нэг удаа баярлаж, санасандаа хүрсэнгүй мөртөө зоосоо барж амиа өгсөн нь гомдолтой бишүү гэлээ.

Үүнийг сонсоод Юй Цүнь шүүрс алдаж: “Энэ мөн гэнэтийн учрал бус, тэдний урьдын төрлийн муу тавилан болой. Тийм биш бол энэ Фөн Юань юунд ганц Ин Ляньд дурлана вэ. Тэр охин, энэ хэдэн жилд мэхлэгчид тамлуулаад сая нэг замаа олтол бас нэг шунахай амьтан таарчээ. Хэрэв үнэн нийлж хамтран амьдарч чадсан бол сайхан явдал болох байж. Тэгтэл ийм нэг хэрэг гарчихжээ. Тэр Шюэ овогтон, Фөн овогтоноос хамаагүй баян тул бодвол инж татвар их, зөрүүд зүтгээ нь хэмжээгүй, ямар ч гэсэн Фөн мэтийн эгэл хүнд сэтгэл гаргахгүй. Энэ бол үнэхээр зүүд зэргэлгээ мэтийн барилдлага, үнэхээр торгон заяат охид хөвгүүнд тохиолдсон явдал. Одоо өөр юм яриахаа больё. Ганцхан энэ заргыг яаж тасалбал зохих вэ гэсэнд Харчи инээн:

-Ноёнтон та, урьд мэргэн гэгээн байсан мөртөө одоо яагаад арга алдарваа. Өчүүхэн миний сонссоноор бол таны энэ тушаалд дэвшсэн нь Жя Фү, Ван Фү хоёрын хүч гэнээ. Тэр Шюэ Пань бол даруй Жя Фүгийн садан юм. Ноёнтон та, энэ заргыг ая тал, эе найрыг харж дуусгахгүй гэжүү. Ингэх юм бол та, хожим Жя, Ван хоёртой уулзахдаа нүүртэй бишүү гэсэнд Юй Цүнь:

-Чи гарцаагүй зөв юм хэлж байна. Ганц энэ хэрэг хүний аминд холбогдоно. Миний бие, хаан эзний их хишигт шүтэж явсных дахиж хэрэглэгдээд, бүх чадлаараа ачийг нь хариулая гэж байж хувийн тал найрыг бодож хууль цаазыг гажуудуулж яаж болох вэ. Үнэнхүү сэтгэл төвдөхгүй байна гэсэнд харчи хүйтнээр инээж: 

-Ноёнтоны хэлж байгаа үг бол яриангүй шудрага ёс мөн. Гэтэл энэ ертөнцөд хэрэгжихгүй. Эртний хүний үгэнд, “Их эе цагийг дагаж явна” гэсэн бөгөөд бас “Сайныг дагаж, саараас зайлбал сайд эрдэмтэн болно” гэснийг сонсоогүй юү. Ноёнтон та энэ үгээр явбал эзэн төрд ч тус болж чадахгүй. Өөрийн биеэ ч хамгаалж чадахгүй. Дахин давтан эргэцүүлэн бодвол таарна гэв.

Юй Цүнь удтал бодлогошроод: “Чинийхээр бол яах юм бэ” гэсэнд цаадах нь: “Өчүүхэн би, хэдийнээс нэг сайн арга бодоод байгаа. Ноёнтон маргааш алБаньаа очоод, хий сүр бадруулж, зар бичиг гарган, саваа буулгаж, хүнийг баривчлагтүн гэж байвал хэрэгтнийг яриангүй авчирч чадахгүй. Уг заалдагч мөн хүлээхгүй бол ганц Шюэ овогтны хамаатан хийгээд боол зарц зэрэг хүмүүсээс хэдийг авчирч шүүж асуугтун. Өчүүхэн би, далдуур эв зүйг үзэж, тэднээр нэгэн “Гэнэтийн өвчнөөр үхэв” гэсэн бичиг ирүүлж, бас аймаг угсаа нь газар оронтой хамтарч нэгэн батлах өргөдөл бариулсугай. Ноёнтон та, сахиулсан урьж төлгө барихад7 сайн гэж танхимд төлгийн мандал засаад, цэрэг ардыг хамаагүй ирүүлж үзүүлэн, тэр үеэр ноёнтон та “Төлгийн сахиулсан” үхсэн Фөн Юань бол Шюэ Паньтэй угаасаа урьд төрлийн өстөн мөн. Одоо барилдлагын даваан дээр тохиолдож урьдах үйлийн үрээ амслаа. Одоо Шюэ Пань бас үл мэдэгдэх өвчнөөр нэрвэгдэж Фөн Юаний сүнсэнд амь нэхэгдэн үхжээ. Гай нь цөм мэхлэгчээс үүссэн тул түүнийг хуулийн ёсоор шийтгэхээс гадна бусдад нь чирэгдэлгүй… гэлээ” гэх мэтээр хэлэгтүн. Өчүүхэн хүн би, далдуур мэхлэгчид хэлж байгаад үнэн өчгийг нь өгүүлсүгэй. Олон хүн, хэрэв төлгийн сахиулсаны нотолгоо нь, мэхлэгчийн өчигтэй нийлсэнийг үзвэл аяндаа сэжиггүй болно. Шюэ овогтонд байх л мөнгө… мянга ч юм уу, таван зуу ч хамаагүй ноёнтон өөрөө үзэж байгаад Фөн овогтныд тахьж оршуулах зардал гэж өгүүлбэл болно. Тэр Фөн овогтныд бас тийм чухал хүнгүй, ганцхан мөнгө олохын төлөө болой. Мөнгөтэй болбол үг хэлгүй болно. Ноёнтон нарийвчлан бодож үзсүгэй. Хэл ам гаргуулахгүй бол сая сайн” гэсний дараа хоёул зөвлөн тогтов.

Дараа өдөр Юй Цүнь алБаньаа сууж, хаа хамаагүй нэгэн бүлэг нэр, жилтэй хэрэгтэнийг авчруулж нарийвчлан шүүвэл, Фөн овогтны хүн ам үнэн цөөн, ганц үүгээр шалтаглаж, баахан тахиж оршуулах мөнгө олохыг санасан төдий бөгөөд харин Шюэ овогтон бол эрх сүрдээ эрэмшин хэрхэвч хүлээхгүй байснаар сая зууралдан таслагдаагүй байсныг мэдэв. Тэгээд Юй Цүнь нүүр талыг бодож, хууль цаазыг тэсрүүлэн энэ заргыг хайш яйш тасалчихав. Фөн овогтныхон оршуулах ажилд зориулсан мөнгө баахныг олсон тул иймээ тиймээ яриа гаргасангүй. Юй Цүнь түүнээс хойш санд мэнд Жя Жөн болон нийслэлийн цэргийн дайчлагч түшмэл8 Ван Зитэнд битүүмжит бичиг илгээн түүнд: “Эрхэм зээгийн хэрэг нэгэнт дуусав. Санаа зовох учиргүй” гэх мэт үг бичжээ. Энэ бүхэн цөм Хуладын зугийн шавь, шинэ харчийн гэнэн явдал болно. Юй Цүнь харин түүнийг урьдын ядуу дордын үеийн учрыг бусдад хэлж болзошгүй гэж дотроо их л таагүй байсаар эцэст нь түүнээс нэг өө эрж олоод холхон гэгч цөлж явуулаад сая амарчээ.

Ингээд тэр талаар ярих юмгүй болов гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь. 

Тийнхүү Ин Лянийг худалдан авч, Фөн Юанийг зодож алсан Шюэ Гүнзы бол Жин лингийн хүн юм. Уг нь бичиг номтой сурвалжит гэр бүлд төрж, багадаа эцгээ үхүүлсэн учир бэлбэсэн эх нь өнчин өрөөсөн үр үндэс минь гэж хэтэрхий энхрийлж эрх дураар нь байлгасан учир өсөөд олигтой хүн болсонгүй. Гэртээ түмэн лангийн хөрөнгөтэй, цалинтай, эд бараа худалдан авна. Түүний сургуулийн нэр нь Шюэ Пань, өргөсөн нэр нь Вэнь Чи юм. Эд юмыг бүрэлгэмтгий, үг хэллэг омогтой давилуун. Сургуульд суусан боловч хэдхэн үсэг танихаас цаашгүй. Өдөржин тахиа ноцолдуулж, морь уралдуулж уул тойрч, ус гол сонирхохоос өөр ажилгүй. Улсын арилжаачин9 атлаа арилжаа худалдааны учрыг огт мэдэхгүй. Ганцхан эцэг овгийн нэр алдрыг түшиж сангийн яаманд хий нэр тэмдэглүүлэн цалин, хүнс авч байхаас биш бусад ажил явдлыг хөтөч зарц, гэрийнхэн өмнөөс нь хийнэ. Ван овогт бэлбэсэн ээж нь, нийслэлийн цэргийн дайчлагч түшмэл Ван Зытөнгийн охин дүү бөгөөд төр бадруулагч ордон Рун Гуофүгийн Жя Жэнгийн хатан Ван Фүрэньтэй нэг эхээс төрсөн эгч дүүс юм. Тавь орчим настай. Ганц хүү нь Шюэ Пань юм. Түүний дүү охины нэрийг Бао Чай гэнэ. Туранхайвтар гоолиг. Эцэг нь охиноо их хайрладаг, бичиг ном зааж өгсөн учир ахаасаа дахин илүү хүн болжээ. Эцгээс хойш ахыгаа ээжийг нь зовоож байгааг үзээд, эхийн сэтгэлийн зовлонг хөнгөлж, ном бичгийг орхиод үйл ур хийж гэрийн аж амьдралын хэрэгт санаа тавих болжээ.

Ойрноос хаан эзэн, утга уянга, ёс эрдмийг бахдан эрхэмлэж, авьяас чадвартаныг цугларуулахаар ертөнцөд үгүй өнөдийн хишгийг амалж, бага хатад, сул хатадыг шилж залахын хамтад сурвалжит айлуудын охидыг нийслэлийн яамдад бүртгүүлэн тэдний дотроос улсын гүнж, авхай нарыг сургуульд ороход эд хөрөнгөөр тусалсан хүмүүс, ордны эмэгтэй тушаалтангуудыг сонгож авахаар бэлтгэж байгааг зарлажээ. Шюэ Паний эцэг нас барснаас хойш, эл мужийн арилжаа, дамжааны газрын хамаарагч, зарцлагдагсад, хүүг нь нас бага, хэрэг учирт оролцох боломжгүйг мэдээд далимдуулан хонжиж эхэлснээр Жин балгасны хэдэн айлын арилжаа наймаа нь аажмаар буурчээ. Энэ үед Шюэ Пань нийслэлийг тэргүүн зэргийн өрнөл хөгжилтэй газар гэж сонсоод, очиж үзнэ гэж бодож байсан тул завшаан тохиолдсон дээр, нэгд, охин дүүгээ тэнд хүргэж, шалгалтад оруулах, хоёрт, ойрын хамаатан саднаа эргэж үзэх, гуравт өөрийн биеэр алБань яаманд очиж, хуучин данс хараагаа тооцон тодорхойлж ахиж шинэ зарлага олохыг сүвэгчлэхээр явах гэсэн боловч үнэндээ бол дээд нийслэлийн өнгө үзэмжийг үзэхээр бодож ачаа хөсөг, алт мөнгөө базаагаад ах дүү нартаа өгөх бэлэг сэлтээ бэлтгээд, өдөр сонгон мордох гэж байтал санаандгүй мөнөөх мэхлэгчтэй уулзаж, Ин Лянийг худалдан авчээ. Шюэ Пань Ин Ляний эрүүл саруулыг нь хараад заавал худалдан авч татвар эм болгоно гэж шийдээд байхад нь Фөн овогтон харин булаан авахаар ирсэн тул даруй түрэмгийлж, зэрлэг боолуудаараа түүнийг занчин алуулаад, гэр зуурын хэрэг явдлыг садан сүлбээний хүмүүстээ тушаагаад, юу ч болоогүй юм шиг ээж, охин дүүгээ аваад аялан морджээ. Хүний амины хэргийг хүүхдийн тоглоом төдий үзэж, хэдэн зоос гаргавал дуусгаж болохгүй хэрэг байхгүй гэж байжээ.

Замдаа хичнээн хоног явсныг мэдэхгүй, нэгэн өдөр нийслэлд тулчихаад байтал санаандгүй нагац эцэг Ван Зытөнийг есөн мужийн захирагч10-аар дэвшүүлсэн хааны зарлиг гарсан тул хил хязгаарыг шалгахаар явах гэж байгааг сонсоод Шюэ Пань дотроо баярлан “Намайг нийслэлд очиход нагац эцэг санааны зоргоор явуулахгүй гэж зовниж байсан бол одоо гадагш явах гэж байгаа нь бурхан тэнгэр хүний аяыг дагуулдаг юм байна” гэж бодоод, ээжтэйгээ зөвлөлдөн: “Манайх хотод хэдэн байшинтай боловч түүнд арваад жил суугаагүй учир сахиулууд нь өөр хүнд нууцаар түрээслүүлсэн байж ч магадгүй. Урьдаар хүн явуулж цэвэрлүүлж, ариутгавал сайн биш үү… гэсэнд ээж нь: “Тэгж чимээ шуугиан болоод яахав. Угаасаа бид нар нийслэлд байгаа ураг саднаа эргэж ирсэн болохоор нагацын чинь тэнд очихгүй гэхэд, нагац хүргэн ахынд чинь буунаа. Тэдний гэр орон нь уужим тавиу цэвэрхэн. Тийм болохоор тэнд түр буусны дараа хүн явуулж байраа цэвэрлүүлсэн дээр. Үймээн шуугиангүй аятай бишүү” гэв. Шюэ Пань: “Одоо нагац ах хараахан гадагш яваагүй ч гэсэн түүнийг үдэж мордуулах гэж бөөн юм болж байгаа биз. Бид бас энэ дашрамд баахан юм үүрч дүүрээд хүрч очвол харин ч учир зүй мэдэхгүйд орох бишүү” гэсэнд, ээж нь “Нагац чинь хөдөө явлаа гэхэд хүргэн ахынх чинь байна. Тэгж ярих юм бол чиний нагац ах, нагац эгч удаа дараа бидэнд захидал илгээж, авчирна гэдэг байсан. Одоо нэгэнт ирчихсэн болохоор нагац ах чинь явлаа ч, нагац эгч чинь биднийг байлгахгүй гэх ёсгүй. Бид хэрэв яарч сандран орон байшингаа засаж цэвэрлээд эхэлбэл, хүнд хэтэрхий хэлэгдэх бишүү. Чиний санааг би мэдэж байна. Нагац ах, эгчтэй цуг байвал дураар байж болохгүй. Тиймээс тусдаа байвал эрх зоргоороо байна гэж бодож байгаа. Тийм бол чи, өөр газар очиж суул даа. Би чиний нагац нараас хөндий хэдэн жил болсон болохоор хэдхэн хоног ч гэсэн хамт байна” гэв. Хүү нь, ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод, нэгэнт зөрж дийлэхгүйгээ мэдээд шууд Рун фүгийнхийг чиглэн явахыг ачаа хөсгийн хүмүүст тушаав.

Энэ үед Ван Фүрэнь, Шюэ Паний хүний амины хэргийн учрыг Жя Юйцүнь дундаас нь аялуулж өгснийг мэдээд сая санаа нь амарч байтал ах нь хязгаарын өндөр алБаньд томилогдсонд, төрхөмийнхнөөс нь ирж очих хүнгүй боллоо хэмээн уйтгарлаж байтал гэнэт гэрийн зарц орж ирээд: “Эмээ, хүү охиноо дагуулаад бүх гэрээрээ нийслэлд иржээ. Тэд одоо манай гадаа тэрэгнээс бууж байна” гэсэнд Ван Фүрэнь машид баярлаж, их танхимын үүдэнд угтан очиж Шюэ нарыг тосон авав. Эгч, дүү нар гэнэт уулзсанаар уярч баярлан учраа алдсаныг өгүүлэхүйеэ хэцүү. 

Удаан хугацаагаар уулзалгүй байгаад уулзсаныг тэмдэг болгож аяны тоосоо гөвж, авчирсан бэлгээ өргөн барив. Шюэ Пань, Жя Жэн, Жя Ляньтэй уулзсаны дараа бусадтай нь уулзав. Жя Жөн хүн зарж, Ван Фүрэньд хэлүүлсэн нь: “И Тайтай нь насжлаа. Зээ хөвгүүн нас залуу учир аж төрөхийг мэдэхгүй. Бас хэрэгт татагдаж ч болзошгүй тул манай хашааны зүүн өмнөх өнцөгт байгаа Ли Сиян юань хүрээлэнгийн тэр арваад байр сул байгаа учир хүнээр цэвэрлүүлээд И ма болон хүү охиныг нь суулгавал сайн” гэв. Ван Фүрэнь гэртээ байлгах санаатай байсанд Жя Мү бас хүн илгээж: “Худгай, охиныг энд суулга. Бүгдээр хамт байвал лав дотно болно” гэж бас хэлүүлэв. Шюэ Има бас нэг дороо байвал биендээ түшигтэй, хэрэв өөр газар суувал дур зоргоороо аашлах хэрэг гарч магад гэж санаж байсан тул дуртайяа хүлээн авч бас Ван Фүрэнд: “Өдөр бүрийн зардал, хангалтыг цөм зогсоовол сая удаан суулгах арга болно” гэж сэмхэн дуулгав. Ван Фүрэнь тэднийх эдгээрт зовохгүйг мэдэх тул даруй өөрийн тааллаар нь болгов. Түүнээс хойш Шюэ овогтын ээж, охин хоёр алимын үнэр анхилсан Ли Сян юань хүрээлэнд суужээ. Энэ Ли Сиян юань хүрээлэн бол угтаа Рун Гуо гүнгийн өтөл насны үедээ биеэ сувилж суусан газар болой. Авсаар, цэвэрхэн, арав гаруй тасалгаатай байшин бий. Өмнө, хойт танхимтай, гудамжинд нэвтрэх үүдтй. Шюэ Панийхан энэ үүдээр гарч орно. Баруун урдаа бас нарийн гудамжинд гарах хаалгатай. Тэр нарийн гудамжийг өнгөрвөл даруй Ван Фүрэнийг гол байшингийн зүүн хүрээ болно. Шюэ И ма, өдөр бүрийн хоолны дараа буюу орой үдэшдээ энд ирж Жя Му, Ван Фүрэнь хоёртой яриа дэлгэж сууна. Бао Чай, өдөр бүр Дай Юй болон Ин Чүнь эгч дүүстэй ном үзэж, шатар тоглож эсвэл үйл урын ажил хийлцэнэ. Ганцхан Шюэ Пань анхандаа нагац ах нар чанга учир тааваар болохгүй гэж айгаад Жя Фүгийнд суух дургүй байсан ч эх нь заавал энд байна гэж зүтгэсний дээр Жя овогтныхон хүндэтгэж тэндээ байлгана гэсэн учир арга буюу эндээ хоцорсон болохоор өөрийн орон гэрийг цэвэрлүүлээд, тийш нь нүүнэ гэж бодож байв. Энд суугаад арайхан сар болоогүй байтал Жя овогтны олон хүүхэд ач нартай сайн танилцан дасав. Тэд бас ч гэж хээнцэр зан аальтай тул түүнтэй найзлахад дургүй хүн гарсангүй. Өнөөдөр архи уусан ч, маргааш цэцэг жимс үзэж, бас мөрийтэй тоглож янхан эргүүлэхээс өөр хийх юмгүй Шюэ Панийг уруу татсаар бүр урьдынхаас нь дордуулчихав. Жя Жөн хэдийгээр хүүхдийг сургахад тохитой, гэрийг засахад ёстой гэгдэвч нэгд аймаг угсаа их, хүн олон учир тэр бүхнийг хайхарч амжихгүй. Хоёрт, одоогийн эдний дотор хамгийн ахмад нь Жя Жэнь юм. Тэрбээр Нин Гөфүгийн их ач бөгөөд үе залгамжилсан тушаалтан тул аймаг угсааны доторх хэрэг бүхнийг тэр мэднэ. Гуравт албаны болон хувийн хэрэг явдал балар будилаантай бөгөөд угаас тэр бас алгуур аажим зантай, ялимгүй хэрэг явдлыг чухлаар үзэхгүй, чөлөө зав гарваас бичиг ном үзэх буюу шатар мягман зэрэг хөлөгт тоглоом тоглох төдий болой. Тэрчлэн энэ алимын хүрээлэн бол хоёр давхар хорго, сав, үүд хаалга нь санаан зоргоор гарч ороод байж болохгүй тул тэдгээр хүүхэд дүү нар үнэхээр ажиг ч үгүй, санаа амар жаргацгаана. Иймийн тул Шюэ Пань тэндээс нүүж гарах гэсэн санаа аажимдаа үгүй болжээ. Хожмын өдөр ямар болохыг хойнох бүлэгт үзэгтүн!


Тайлбар:

  1. Төрийн хөвгүүдийг хүмүүжүүлэх яамны сургагч түшмэл-Феодалийн үеийн улсын сургуулийн багш.

  2. “Эхнэрийн дөрвөн бичиг”-Чин улсын Ван Шиян гэдэг хүний эмхэтгэсэн эхнэр хүнд Күнз Мэнзийн ёсыг номлосон бичиг

  3. “Чин зоригт эхнэрийн шаштир”-Хан улсын Лю Сиян гэдэг хүний найруулсан феодалын хэлхээ журам гэгчийг шүтэгч эмэгтэйчүүдийн үлгэрүүд

  4. Гүн Цай-Ордны оёдолчид гэх санаатай.

  5. Харчи-Үүд сахигч буюу гадна сул зарагдах албаны хүн

  6. ЭБань гүн ордон-Чин улсын хааны ордон

  7. Сахиулсан урьж төлгө бариулах-Дундаа нэг модон бийр суулгасан урт модны хоёр үзүүрээс хоёр хүн барьж, элс хийсэн таваг дээр үсэг бичиж, “Сахиулсан бууж ирээд” хоёр хүнийг ‘Шаардан бичүүлэв’ хэмээн хүн мэхлэх мухар сүсгийн муу арга.

  8. Нийслэлийн цэргийн дайчлагч түшмэл-Нийслэлийг хамгаалах цэргийн их тушаал. Хожим амБань гэж өөрчилсөн.

  9. Улсын арилжаачин-Тусгайлан “Засгийн газар” буюу ордны хэрэгцээний эд барааг бэлтгэн тохируулагч худалдаачин

  10. Есөн мужийн захирагч-Есөн мужийн газрыг захирах шадар цэргийн жанжин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж