Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцлаа. Тус дүүрэгт байрлах 53 дугаар сургуулийн барилгын ажлаас эхлэн 21, 48 дугаар сургуулийн барилгын явц, мөн тус дүүргийн III цэцэрлэгийн өргөтгөлийн ажилтай таницлаа. 53 дугаар сургууль энэ жил дотоод заслаас гадна хөлбөмбөгийн шинэ талбайтай болж байгаа бөгөөд тус сургуулийн засварын ажил энэ сарын 15-нд буюу гэрээний хугацаандаа дуусна гэлээ. Харин 48 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил хугацаандаа орох ч бороо их орсноос дусаал гоожиж сургуулийн дээвэрт засвар хийх шаардлагатай болжээ. Тиймээс энэ ажлыг газар дээр нь шийдэж, эхний ээлжинд 50 сая төгрөгийн төсөв батлуулан өөрийн хөрөнгөөр хийх компанийг шууд шалгаруулан ирэх сарын 1 гэхэд засварлаж дуусгах үүрэг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг болон Ц.Цогзолмаа нар өнөөдөр үдээс хойш Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн засварын явцтай танилцах юм байна.
Дашрамд дуулгахад, энэ жил нэг тэрбум, 500 сая төгрөгөөр нийслэлийн 23 сургууль, 12 цэцэрлэгт засвар, шинэчлэл хийгдэж байгаа аж.
Ш.Чимэг