Инфляци хоёр оронтой тоонд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Инфляци хоёр оронтой тоонд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн 10-нд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээг танилцуулдаг уламжлал ёсоор Үндэсний статистикийн хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг тус хорооны дэд дарга Г.Гэрэлт-Од, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг нар өгч, өнгөрөгч долдугаар сарын нийгмийн болоод эдийн засгийн статистикийг танилцуулсан юм.

Хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сарынхаас 0,8 хувиар, 2010 оны төгсгөлөөс 5,6 хувь, харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,1 хувиар өссөн байна. Өнгөрсөн сард нийтийн тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдсэнээс гадна мах, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний зарим барааны үнэ өссөн нь хэрэглээний үнийн индекс өсөх гол шалтгаан болжээ. Жил бүрийн энэ улиралд хэрэглээний үнийн улсын индекс буурдаг байхад энэ жил ийн өсч буй нь түлш, шатахууны үнийн өсөлтөөс улбаалж үйлчилгээний салбарын үнэ өсч буйтай холбоотой хэмээн тэд тайлбарласан юм.

2011 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс дэлхийн 116 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5,7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2,3 тэрбум, импорт 3,4 тэрбум ам.долларт хүрчээ. Улмаар гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1,1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байгаа юм. Харин сараар нь авч үзвэл, өнгөрсөн оны мөн үед гадаад худалдааны алдагдал 83 сая ам.доллар байсан бол энэ жил 368 сая ам.доллар болж, нэг жилийн дотор 4,4 дахин өсчээ. Үүнд машин, техник, тоног төхөөрөмж, эрдэс бодисын импорт нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ. Мөн гадаад зах зээл дээрх үнийн өсөлт импортод нөлөөлж буй. Экспортын барааны тухайд нүүрсний экспорт сүүлийн үед харьцангуй нэмэгдэж байгаа. Монголын экспортын нийт орлогод зэсийн баяжмал тэргүүн байр эзэлдэг байсан бол сүүлийн гурав, дөрвөн сарын өмнөөс эхлэн нүүрс давамгайлж эхэлсэн байна. Оны эхний долоон сарын байдлаар 15 сая гаруй тонн нүүрс олборлосноос 9,4 сая тонныг экспортод гаргасан байна. Гэтэл өнгөрсөн жилийн мөн энэ үед Монгол Улс 7,8 сая тонн нүүрс гадагш гаргаж байжээ. Өнгөрсөн жилийн эхний долоон сарын байдлаар Монгол Улс нүүрсний экспортоос 300 гаруй сая ам.долларын орлого олж байсан бол энэ он гарсаар 900 гаруй сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экспорт цаашид ч нэмэгдэх хандлагатай. Учир нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК Хятадад нүүрс экспортолж эхэлсэн бөгөөд он гартал нүүрсний олборлолт харьцангуй өндөр байж, үүнийг дагаад нүүрсний экспорт, цаашлаад экспортоос орж ирэх орлого, экспортын орлогод эзлэх нүүрсний хувийн жин нэмэгдэх хандлага ажиглагджээ. Харин зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад ялимгүй буурсан бол алтны олборлолт хэвийн, экспорт буурчээ. Гэхдээ уул уурхайн салбарын экспортын өсөлт 6,1 хувьтай байгаа гэнэ.

Энэ дашрамд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2010 оны долдугаар сарын байдлын бусад мэдээг танилцуулъя.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал /2011 оны эхний долоон сарын байдлаар/:

Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард 39846 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 783 эх буюу 2.0 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 40036 болж, 809 хүүхэд буюу 2.1 хувиар өслөө.

Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард нэг хүртэлх насандаа 697 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 94 хүүхэд буюу 11.9 хувь, 1-5 хүртэлх насны 149 хүүхэд эндэж, 66 хүүхэд буюу 30.7 хувиар буурчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 7 дугаар сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2714 хүн), Өвөрхангай (1170), Ховд (1163 хүн), Дархан-Уул (276 хүн), Баян-Өлгий (94 хүн), Булган (76 хүн), Дундговь (65 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалд 2011 оны эхний 7 сард 540.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 341.7 мянга буюу 63.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 198.9 мянга буюу 36.8 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 39.1 мянга буюу 7.8 хувь, шимтгэл төлөгч, даатгуулагч аж ахуйн нэгж байгууллагынх 44.5 мянга буюу 15.0 хувиар нэмэгдэж, харин төсөвт байгууллагынх 5.3 мянга буюу 2.6 хувиар буурчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 7 сард 56.2 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 478 хүн буюу 0.9 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбум төг буюу 32.5 хувиар нэмэгджээ.

“Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний 7 сард 413.7 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ. Халдварт өвчнөөр 2011 оны эхний 7 сард 23.2 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүн буюу 0.1 хувиар буурсаны дотор гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 1980 хүн буюу 84.2 хувь, мөөгөнцөрөөр өвчлөгчдийн тоо 1970 хүн буюу 67.0 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 515 хүн буюу 30.6 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 548 хүн буюу 18.8 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 541 хүн буюу 15.3 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 135 хүн буюу 4.7 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сарын байдлаар 11377 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 132 хэргээр буюу 1.2 хувиар нэмэгджээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (317), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (99), хүн амын эрүүл мэндийн эсрэг (27), аж ахуйн эсрэг (20) зэрэг гэмт хэрэг буурсан хэдий ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (232), нийгмийн аюулгүй байдлын эсрэг (220), байгаль хамгаалах журмын эсрэг (42), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (40), захиргааны журмын эсрэг (27), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (18) нэмэгдсэн нь нийт гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлөв.

Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 7 сарын байдлаар 4552 хүн гэмтэж, 714 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 621 буюу 15.8 хувиар өсч, нас барсан хүний тоо 29 буюу 3.9 хувиар буурсан байна.

Макро эдийн засгийн үзүүлэлт

ДНБ оны үнээр 2011 оны эхний хагас жилд 4762.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.1 хувь буюу 1073.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын болон бүтээгдэхүүний татварын өсөлт голлон нөлөөллөө.

ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2011 оны эхний хагас жилд 2152.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувь буюу 269.1 тэрбум төгрөгөөр өслөө. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 7 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 5.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд тээврийн бүлгийн дүн 2.5 хувь, хүнсний бараа, ундаа, усных 0.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны 7 дугаар сарын эцэст 5922.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 149.9 тэрбум төг буюу 2.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2379.4 тэрбум төг буюу 67.2 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны 7 дугаар сарын эцэст 673.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 35.2 тэрбум төг буюу 5.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 221.6 тэрбум төг буюу 49.0 хувиар өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 7 дугаар сарын эцэст 4681.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 128.6 тэрбум төг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1709.4 тэрбум төг буюу 57.5 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 7 дугаар сарын эцэст 71.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.4 тэрбум төг буюу 2.1 хувиар өсч, харин өмнөх оны мөн үеийнхээс 39.2 тэрбум төг буюу 35.4 хувиар буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 7 дугаар сарын эцэст 381.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 8.6 тэрбум төг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 32.6 тэрбум төг буюу 7.9 хувиар буурсан байна.

Үнэт цаасны арилжаа 2011 оны 7 дугаар сард 18 өдөр явагдаж, 25.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 3.3 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний 7 сард 2305.7 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2180.3 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 125.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Улсын нэгдсэн төсөв өмнөх оны мөн үед 129.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл энэ оны эхний 7 сард ашигтай гарахад өмнөх оны мөн үеийнхээс орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 20.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Төсвийн урсгал орлого 2256.3 тэрбум төг, урсгал зардал 1731.3 тэрбум төг болж, урсгал тэнцэл 524.9 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 697.3 тэрбум төг буюу 53.8 хувиар нэмэгдэхэд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 309.7 тэрбум төг буюу 71.6 хувь, бусад татварын орлого 221.1 тэрбум төг буюу 2.5 дахин, гадаад худалдааны татварын орлого 88.2 тэрбум төг буюу 90.8 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 63.5 тэрбум төг буюу 38.0 хувь, орлогын албан татварын орлого 12.7 тэрбум төг буюу 2.9 хувь, өмчийн татварын орлого 2.1 тэрбум төг буюу 31.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 109.7 тэрбум төг буюу 71.6 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 59.8 тэрбум төг буюу 91.3 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 32.4 тэрбум төг буюу 6.6 дахин, хүү, торгуулийн орлого 6.7 тэрбум төг буюу 33.9 хувь, навигацийн орлого 6.3 тэрбум төг буюу 35.9 хувь, бусад нэр заагдаагүй орлого 2.8 тэрбум төг буюу 13.0 хувь, газрын тосны орлого 1.6 тэрбум төг буюу 7.1 хувиар өссөн нь нөлөөлөв.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2011 оны эхний 7 сард 2180.3 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 566.9 тэрбум төг буюу 35.1 хувиар нэмэгдсэн нь татаас ба шилжүүлэг 305.9 тэрбум төг буюу 48.9 хувь, бараа, үйлчилгээний зардал 181.8 тэрбум төг буюу 30.6 хувь, хөрөнгийн зардал 144.4 тэрбум төг буюу 67.4 хувиар өссөн хэдий ч, эргэж төлөгдөх цэвэр зээл 58.0 тэрбум төг буюу 39.1 хувь, зээлийн үйлчилгээний төлбөр 7.2 тэрбум төг буюу 24.0 хувиар буурсанаас шалтгаалжээ.

Хөрөнгийн зардалд 2011 оны эхний 7 сард 358.7 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 144.4 тэрбум төг буюу 67.4 хувиар нэмэгджээ. Энэ нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 123.9 тэрбум төг буюу 59.4 хувь, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 20.5 тэрбум төг буюу 4.5 дахин өссөнөөс шалтгаалжээ. Манай улс 2011 оны эхний 7 сард дэлхийн 116 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5784.0 сая ам.долл, үүнээс экспорт 2341.6 сая ам.долл, импорт 3442.4 сая ам.долларт хүрчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний 7 сард 1100.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 970.0 сая ам.долл буюу 8.4 дахин өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 7 дугаар сард 83.0 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2011 оны 7 дугаар сард 368.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 285.0 сая ам.долл буюу 4.4 дахин өсчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2576.3 сая ам.долл буюу 80.3 хувь, үүнээс импортын хэмжээ 1773.2 сая ам.долл буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 803.1 сая ам.долл буюу 52.2 хувиар өсчээ.

Эдийн засгийн салбарын үзүүлэлт

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 7 сард 1083.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төг буюу 6.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлохаж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-78.2 хувь; талх, ган төмөр хийц, самнасан ноолуур, сүү, хиамны зүйл, жүүс, одон медаль, сүлжмэл эдлэл, архи, амтат ус, ундаа, зүсмэл материал, цемент, хивс, шар айраг, тамхи, бетон зуурмаг, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 8.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Төмөр замын тээврээр 2011 оны эхний 7 сард 10177.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 2177.8 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1240.1 мян.т буюу 13.9 хувь, зорчигчдын тоо 183.2 мян.хүн буюу 9.2 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 7 сард 214.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төг буюу 33.7 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2011 оны эхний 7 сард 1278.5 т ачаа, давхардсан тоогоор 305.7 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 444.3 т буюу 53.3 хувь, зорчигчдын тоо 100.0 мян.хүн буюу 48.6 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 7 сард 85.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.9 тэрбум төг буюу 39.0 хувиар өсчээ.

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 7 дугаар сард Архангай аймгийн Цэцэрлэг суманд (141.3 мм) орсон байна. Энэ оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан суманд хамгийн их дулаан буюу нэмэх 36 хэм, Говь-Алтай аймгийн Алтай суманд хамгийн хүйтэн буюу хасах 0.4 хэм байлаа. Салхины хурд Завхан аймгийн Улиастай суманд 34 м/с хүрчээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд 14 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол орчимд 5 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 15 удаа, Баруун дөрвөн замын орчимд 11 удаа, Хархорин захын орчимд 3 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 13 удаа, Баруун дөрвөн замын орчимд 8 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.

Аюулт үзэгдэл, осол 2011 оны эхний 7 сарын байдлаар 2100 удаа гарсны улмаас 146 хүн амь насаа алдаж, 165.3 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 7 сард объектын түймэр 1789 удаа, бичил уурхай, нурангины осол 17 удаа, мал, амьтны галзуу өвчин 40 удаа, гол, нуурын усанд унасан осол 55 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж