Жорж Майкл алдрын замналынхаа эхний арван жилийг поп од болоход зориулсан. Харин удаах арван жилд тэрээр супер одын статусаа гээж, өөртөө үнэнч, өөрийнхөө зөв гэж итгэсэн замаар алхахад зарцуулсан юм.
“Хүн бүр л од болохыг хүсдэг. Би ч ялгаагүй. Би тэр оргилд хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Гэвч эцэст нь өрөвдмөөр нэгэн болж хувирсан учраас дахин тэр мэдрэмжийг мэдрэхийг хүсээгүй” гэж Жорж Майкл ярьсан нь бий.
Жорж Майкл Англид цагаачлан ирсэн Киприйн грек гаралтай гэр бүлд 1963 оны зургадугаар сарын 25-нд төржээ. Хойд Лондонд бага насаа өнгөрүүлсэн тэрээр 17 насандаа алдарт Careless Whisper /Хайхрамжгүй шивнээ/ дуугаа зохиож, 21 нас хүрэхэд хэдийн долларын саятан болсон байв. Түүний жинхэнэ нэр Георгиос Кириасос Панаиотоу. Хожим нэрээ илүү энгийн, амар байдлаар Жорж Майкл болгон өөрчилжээ.
1979 онд 16 настай Жорж сургуулийн найз Эндрью Рижлитэй хүсэл зоригоо нэгтгэн, хамтлаг байгуулсан нь алдарт Wham! юм. Автобусны арын суудалд сууж явахдаа зохиосон Careless Whisper, мөн Wham! Rap дуугаараа тэд 1982 онд дуу бичлэгийн студитэй анхны гэрээгээ байгуулжээ. Тэдний анхны сингл Fantastic нэртэй дуу нь залуучуудын дунд тэсрэлт болсон юм.
Wham! хамтлаг 1980-аад онд хит дууны жагсаалтыг эзэгнэж, гурван цомог нь дараалан цойлсон амжилт үзүүлэв. Choose Life /Амьдралаа сонго/ гэсэн бичигтэй цагаан футболктой дуулдаг Wake me up before you go-go /Явахаасаа өмнө намайг сэрээгээрэй/ дууны клип жинхэнэ хит байлаа.
Мэдээж 1984 оны супер хит Last Christmas /Сүүлчийн Зул сар/ дууг дурдахгүй өнгөрч болохгүй. Магадгүй бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн сайхан Зул сарын дуу тэр биз.
Wham! ид мандаж байх үедээ 1986 онд салж, бутарсан юм. “Энэ сайхан зүйлийг үгүй хийж болохгүй гэдэгт бид маш эрт санал нэгдсэн юм. Тиймээс ч тодорхой өндөрлөгт хүрмэгц бид завсарлана гэж тохирсон. Тохироо ёсоор л болсон” гэж Жорж хожим хамтлаг тарсан шалтгаанаа тайлбарласан байдаг. Хоёрхон хүний бүрэлдэхүүнтэй ч хосгүй амжилтад хүрсэн Wham! 1982-1986 оны хооронд таван жил хүрэхгүй хугацаанд 30 сая цомог борлуулж, алдрын оргилд хүрсэн юм. Хамтлаг тарах үед Жорж Майкл дөнгөж 23 настай байв.
Дараа жил нь Жорж соло уран бүтээлээ эхлүүлэв. Faith нэртэй түүний анхны бие даасан цомог 15 сая хувь борлогдож, 1988 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос Оны шилдэг цомог шагнал хүртжээ.
Гадаад төрх, стиль имижээ эрс өөрчилж, пинтүү халимаг, савхин хүрэм өссөн тачаангуй эр попын ертөнцийн секс символ болсон юм.
Гэвч 1990 онд Listen Without Prejudice, Volume 1 нэртэй хоёр дахь цомгоо гаргахдаа тэр поп шүтээний дүрээ гээж, урлагт хайртай, урлагтай амьдралаа холбосон ердийн нэг уран бүтээлч болохоор шийдсэн байв. Цомгоо сурталчилж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхийг хүссэнгүй, аялан тоглолтоор явж, видео клипний зураг авалтад орохоос ч татгалзав. Хожим тэрээр “Маш энгийн зүйл шүү дээ. Надад амин чухал хэрэгтэй зүйл бол дуу бичих явдал гэдгийг ойлгосон. Алдар хүнд огтхон ч биш” гэж тайлбарласан юм.
Мансууруулах бодис, садар самуунд нэр холбогдсон Жорж Майклын эсрэг Sony дуу бичлэгийн студи заргалдаж, энэ үеэс нэр хүнд, суу алдар, амжилт бүтээл нь бүдгэрч эхэлжээ. Хэдэн жил дамнан үргэлжилсэн шүүх хурлын төгсгөлд Sony компани 10 сая фунт стерлингээр Жоржийг Virgin студид “худалдах”-ыг зөвшөөрсөн юм. Ингээд таван жил завсардсаны эцэст Жоржийн гурав дахь цомог Older нэртэйгээр фенүүдэд нь хүрэв. Зөөлөн намуун хөг аялгуу, өөрийгөө эргэцүүлж, тунгаасан гэмээр дуунууд бүхий Older цомог Жорж Майклын эргэн ирснийг тунхаглаад зогсохгүй, хувийнх нь амьдралын маш том нууцыг тайлах сэжүүр болсон юм.
Жорж Older цомгоо 1993 онд нас барсан Бразилын дизайнер Анселмо Фелеппагийн гэгээн дурсгалд зориулжээ. Жоржийн дотнын анд гэгдэж явсан Анселмо үнэндээ түүнтэй хоёр жил гаруй хугацаанд амрагийн харилцаатай байсан аж. Жорж ижил хүйстнээ сонирхогч бэлгийн цөөнх гэдгээ сая сая шүтэн бишрэгчдээсээ нуусаар ирсэн байв. “Older цомгоороо би өөрийгөө ил гаргаж тавьсан. Хүмүүсийн сонсохыг хүссэн гурван үгээс бусад бүгдийг нь би хэвлэлд ярьсан. Худал, хуурмаг зүйл ярилгүйгээр хувь хүний орон зай, нэр төрөө хадгалахыг хүссэн юм” гэж Жорж Майкл ярьж байжээ.
Жорж бэлгийн чиг хандлагынхаа талаар тоймтой тодорхой зүйл хэлээгүй, тиймээс ч хүмүүсийн дийлэнх нь нарийн учрыг ухаж ойлгоогүй юм. Харин 1998 онд Жорж Беверли Хиллсийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрчүүдийн бие засах газарт “садар самуун зан байдал” гаргасан хэргээр баривчлагдсан тухай дуулиан дэгдэж, бүх зүйл тодорхой болсон юм. Түүнээс өмнөх хоёр жилд Жорж найз залуу Кеннитэйгээ хамт амьдарч байжээ.
Жорж садар самуун үйлдэлд нь ял тулгахгүй байхыг хүсч, улмаар 810 ам.доллараар торгуулж, 80 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл хүлээжээ. “Тэр чинь ердөө л дуулиан байсан. Хэд хоног ичиж үхэх шахсан. Гэвч хэнд ч муу зүйл болоогүй” гэж хожим ярьсан юм.
2002 онд Жорж Майкл дахиад дуулианы эзэн болов. Тони Блэйрийг АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн тэжээвэр нохой мэтээр дүрсэлсэн Shoot the Dog /Нохойг бууд/ дууны клипээ тэр өөрөө “улс төрийн хошигнол” гэжээ.
Жорж Майкл 2006 хууль бус мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Лондонд саатуулагдав. “Ердийн жишгээр тэр миний өөрийн тэнэг алдаа байсан” гэж Майкл ярьсан байдаг. Түүнээс хойш хэдэн сарын дараа тэрээр 15 жилийн дараа анх удаа аялан тоглолт хийхээр төлөвлөснөө зарлав. Бүхий л шилдэг дуунуудынхаа цуглуулга болсон “25” нэртэй цомог гаргалаа. Хуучны хитүүдээс гадна цоо шинэ уран бүтээл багтаасан тэр цомог Жорж Майкл урлагт хөл тавьсны 25 жилийн ойн онцгой бүтээл байв.
2011 оны дөрөвдүгээр сард Майкл алдарт Стиви Уондерийн 1972 оны хит дуу You and I /Чи бидэн хоёр/ дууг Британийн хунтайж Уильям, гүнгийн ахайтан Кейт Мидлтон нарын хуримын ёслолд зориулж, сэргээн дуулсан юм. Тэр жилийнхээ наймдугаар сард Жорж Майкл Symphonica гэж нэрлэсэн аялан тоглолтоо эхлүүлэв. Харамсалтай нь, эхний хэдэн тоглолтын дараа дуучин эр хатгаа тусч, аялан тоглолтоо зогсоожээ.
2013 оны тавдугаар сард 49 настай Жорж Майкл Лондон хотын эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгдэн ирэв. Хурдны зам дээр давхиж яваад осолджээ. Азаар ноцтой бэртсэнгүй, амь наснаас холуур өнгөрчээ.
Хувийн амьдралын хувьд тэрээр Кенни Госстой 13 жилийг хамт өнгөрүүлсэн юм. Тэд 2009 онд харилцаагаа эцэслэсэн бөгөөд Жорж удалгүй оддын үсчин Фади Фавазтай дотно харилцаатай болжээ. 2016 оны Зул сарын баярын өдөр хүртэл, амьдралынхаа сүүлчийн хором мөч хүртэл Жорж түүнтэй амьдарч байв.
Зуурдаар нас барах хүртлээ Жорж Freedom нэртэй өөрийнх нь тухай өгүүлэх баримтат киноны ажилд тусалж байжээ. Уг кино 2017 оны гуравдугаар сард нээлтээ хийх учиртай байв.
Харамсалтай нь, Жорж Майкл 2016 оны арваннхоёрдугаар сарын 25-нд 53 насандаа таалал төгссөн юм. Зүрх болон элэгний өвчин, эмгэгийн улмаас гаднын нөлөөгүй нас барсан болохыг задлан шинжилгээгээр тогтоосон. Жорж Майклын найз залуу Фади Фаваз Зул сарын өглөө түүнийг гэртээ нас барсан байхыг олсон юм.
Дэндүү харамсалтай, гэнэтийн энэ мэдээллийн дараа дэлхийн алдартнууд гашуудлаа илэрхийлж, олон арван хүмүүнлэгийн, буяны байгууллага, хувь хүмүүс Жорж Майклын өгөөмөр, энэрэнгүй сэтгэл, тусламж дэмжлэгт талархаж явдгаа дурссан сэтгэгдэл, нийтлэлүүд сошиал сүлжээнд хөвөрсөн юм. Сайн үйлийн төлөө хувь нэмэр оруулсан тухайгаа тэр олон нийтэд огтхон ч зарладаггүй, чимээгүйхэн өглөгийн эзэн байжээ.
Оршуулгын ёслол нам гүм, цомхон хүрээнд болж, ойр дотнын гэх 50 гаруй хүн л оролцсон юм.
Түүхэн дэх хамгийн гайхалтай Зул сарын дууны эзэн Зул сарын баяраар үүрд одсон юм. Өдгөө харин бүтэн жил тойрон өнгөрчээ. Онцгой нэгний тавилан онцгой л байдаг ажээ.
С.ЦЭЛМЭГ