Мэдээллийн “NEWS” агентлаг 2017 оны “ОНЫ ХҮН”-ээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг нэрлэж байна.
“NEWS” агентлаг 2004 оноос “Оны хүн”-ийг тодруулж ирсэн. Тухайн жилдээ гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь олон хүнд нөлөөлсөн, шуугиан тарьсан, олны анхаарлын төвд байсан эрхмүүдийг онцолдог энэ шалгаруулалт дан магтаалд умбах бус сайнаар ч, саараар ч хэлүүлж, шүүмжлэл, сануулга, дагуулж, хүлээлт үүсгэж байсан хүмүүсийг нэрлэдгээрээ онцлог.
Зарим жил онцлох хүн нэг биш, сонгоход төвөгтэй байдаг бол зарим жил хайгаад олохооргүй ч жил бас байдаг. Харин энэ 2017 оны “Оны хүн”-ээр Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр тодорч байна.
Амьдралын замналаа тамирчны карьераас эхлүүлж, Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэн зураач мэргэжил эзэмшиж, Монголын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, чөлөөт зах зээл рүү шилжих үеэс бизнес эрхэлж эхэлсэн. Хувийн бизнесээ чамгүй амжилттай авч явсныг монголчууд мэднэ. Түүний “Женко” компани 1990-ээд онд “Саятан” сугалаагаар ёндоотой нэгний азыг шалгаж, “Холливууд” нэртэй шөнийн цэнгээний газрыг “жинхэнэ” утгаар нь байгуулсан. 1990-ээд оны сүүлчээр хуучин социализмын үеийн том объектуудаа хувьчлах үеэр хүнсний салбарын хоёр гол үйлдвэрийг худалдан авсан нь эдүүгээгийн “Мах импекс”, “Талх чихэр” компаниуд юм. Бизнесээ томруулж, олон салбарт хүч хөрөнгө оруулсны нэг нь аялал жуулчлал. Монголын Хөрөнгийн биржийн арилжааны самбарт ирийх олон компани дундаас тогтвортой өсөлттэй байдаг хувьцааны нэг нь “Женко тур бюро” компанийх. Нийслэл Улаанбаатарын ойролцоо Цонжин болдогт босгосон Их эзэн Чингис хааны сүрлэг хөшөө жилийн дөрвөн улиралд хүний хөл тасардаггүй газрын нэг болжээ. Бизнесийн салбараас уул уурхайд хөрөнгө оруулдаг гэдгээрээ бахархаж, имиж болгодог.
Улс төрд харьцангуй сүүлд орж ирсэн хүн. Гэсэн ч түүнийг анх улс төрд орж ирэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий хүртэл явна чинээ олон хүн бодоогүй байх.
Зураач мэргэжилтэй, тамирчин угшилтай, бизнесмэн тодотголтой Х.Баттулгыг чухамхүү энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд тамирчнаар зүйрлэвэл эцсийн хоромд хүчээ шавхан байж, сонгогдож гарч ирлээ. Хоёр долоо хоногийн хугацаатай явагдсан хоёр шатны сонгууль түүнээс сэтгэл зүйн асар их тэвчээр шаардсан нь ойлгомжтой.
“Монгол ялна” уриатайгаар сонгуульд өрсөлдсөн Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээ дотоодод ч, гадаадад ч содон байлаа. Албан тушаалаа авч тангаргаа өргөснөөс хойших таван сарын хугацаанд шинэ Ерөнхийлөгч оффшорт хөрөнгөтэй хүмүүсийг хөрөнгөө Монголдоо татан авчрах хугацаат үүрэг өгсөн ч амжилт олсонгүй, Монголын баялгийг дийлэнх хувийг эзэмшиж байгаа 30 гэр бүлтэй тэмцэхээ илэрхийлсэн ч энэ 30 гэр бүл хэн бэ гэдгийг зарласангүй. Шинээр баригдах төмөр замын цариг Оросынхтой ижил буюу бүдүүн байх ёстой гэсэн байр суурийг долоо найман жил илэрхийлж, үүнийхээ төлөө тэмцэж, тэмцэлдүүлж ирсэн Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараахан ОХУ-ын Владивостокт ажлын айлчлал хийх үеэрээ Монголын экспортын бүтээгдэхүүний гадагшаа гарах урсгал зөвхөн урд хөршөөр биш, бас хойд хөршийн нутгаар гарах болно гэдгийг мэдэгдсэн. Энэ мэдэгдэл гэнэтийн биш. Сонгуулийн кампанит ажлын үеэр ч Монголын эдийн засаг урд хөрш Хятадаас хамааралтай байгаа нь буруу гэдгийг ярьж явсан учраас энэ бол цочир мэдэгдэл биш байсан. Гагцхүү Монголын эдийн засгийн гол хөрөнгө оруулагч болсон Хятад улс зунаас хойш нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй, мөн урд хилээр гардаг экспортын нүүрсний гарах гарцын тоог цөөлснөөс нүүрс ачсан машин хэдэн арван километр үргэлжилсэн нь үнэндээ чаддаг юмаараа боодог хүний сануулга байлаа.
Монголын Трамп ч гэж заримд хэлэгдэж байгаа шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн эхний таван сар л өнгөрч байна. Гэвч тавхан сард дэмжээгүйчүүд нь ам асууж, дэмжигчдээс чамлах нь чамалж, харамсах нь харамсах хандлага цухалзаж байна.
Мэдээж Ерөнхийлөгчийн сэнтий бол өндөр эрэмбэ, өндөр хүндлэл, өндөр хариуцлага. Ерөнхийлөгч Х.Баттулгын зам энэ өндөр эрэмбээ дээдэлж, өндөр хүндлэлээ дааж, өндөр хариуцлагаа харуулах болтугай.
Холбоотой мэдээ