Төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн, Элчин сайдаар ажиллах насны шалгуур хангаагүй, өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хангаж чадахгүй гэх үндэслэлээр Ё.Отгонбаяр, Г.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар явуулахаас татгалзсан Ерөнхийлөгч тагнуулын экс дарга Б.Хурцтай холбоотой асуудлыг тодорхой болтол түүнийг мөн л Элчин сайдаар томилох боломжгүйгээ хэвлэлээр зарласан.
Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд сарын өмнө засгийн томилгоог дэмжин гарын үсэг зурж суусан Ерөнхийлөгч гэнэт ийм шийдвэр гаргасан нь улс төрийн хориг гэхээсээ өрөг гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ Б.Хурцын нэрийг огт дурдаагүй Ерөнхийлөгчийн энэхүү нүүдэл Б.Хурцыг гэхээсээ илүү Элчин сайдаар Шведэд сууж буй М.Энхсайханыг чиглэсэн нь илтэд ойлгомжтой байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаад улсуудад суух Элчин сайдуудыг томилох бас эргүүлэн татах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой. Тэрбээр Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байхдаа Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-д хандсан.
Үүний дараахан С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Засгийн газар энэ сард хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Энэ асуудлыг УИХ дэмжвэл С.Баяр эх орондоо ирнэ.
Элчин сайдуудын томилгоо тойрсон улс төрийн хэрүүл намжаагүй байхад Японд суух Элчин сайдаар зодгоо тайлсан хоёр сүмочийн нэр дуулдаж эхэлсэн нь зүгээр нь бор шувуу гэж хэлэхэд хэцүү. Японд суух Элчин сайдаар Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэрсийг хэвлэлийнхэн "тодруулж" эхэлсэн нь хэн нэгний зүгээс олон нийтийн санаа бодлыг тандах гэсэн арга заль байж болох талтай.
Ямартаа ч Х.Баттулгыг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоход Асашёорюү Д.Дагвадоржийн гавъяа их, “Аса” явуулын станц нэр зүүтлээ түүнд зүтгэсэн зүтгэлийг нь үнэлж Японд суух Элчин сайдын албыг бэлэг болгож байж ч болох. Түүний төрсөн ах Д.Сумъяабазар У.Хүрэлсүхийн засгийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар очиход уг суудлыг Ерөнхийлөгч түүнд “зүсэлсэн” гэх яриа ч гарч байв. Энэ өнцөгөөс харвал У.Хүрэлсүхийн засаг Д.Дагвадоржийг Японы Элчин сайдаар зүтгүүлэх магадлалтай. Гэхдээ ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн бусад Элчин сайдуудад тавьж байгаа төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн, Элчин сайдаар ажиллах насны шалгуур хангаагүй, өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хангаж чадахгүй гэх шаардлага утгаа алдана. Д.Дагвадоржийн хувьд Японд алдартай бөх байж болох ч төрийн албаны мерит зарчимыг хангах байтугай, төрд нэг цаг ч ажиллаж үзээгүй хүн. Дээр нь насны шалгуур хийгээд, өндөр албыг зохих төвшинд хангах мэдлэг боловсрол үнэндээ дутна. Кёкүшюзан Д.Батбаяр ч ялгаагүй адилхан.
Тиймээс У.Хүрэлсүхийн засаг болоод Ерөнхийлөгчийн зүгээс Японд суух Элчин сайдын албыг Д.Дагвадоржид бэлэглэвэл, жаран тэрбум, 30 гэр бүл гэх сэдэв ярьж гарч ирсэн тэдний нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Гэхдээ мэдээж, Ерөнхийлөгч хэнийг эргүүлэн татаж, хэнийг томилох нь бүрэн эрхийн асуудал. Ийнхүү Элчин сайдуудын томилгоо тойрсон Ерөнхийлөгчийн хориг болоод өрөг тойрсон асуудал олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж эхэллээ.
Ж.ЭРХЭС