Улиран одож буй 2017 онд улс төр, эдийн засаг, нийгэм, урлаг спорт гээд бүхий л салбар дуулиан, шуугианаар дүүрэн байлаа. Ингээд улс төр эдийн засгийн салбарт гарсан дуулиант хэргүүдийг тодруулж, одоо ямар шатанд байгааг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байна
УИХ-ын хамгийн залуу гишүүн, Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулга 25 настай бүсгүйг хүчиндсэн гэх дуулианы эзэн болсон бөгөөд түүний асуудал одоо ч сошиал, хэвлэлийн анхаарлын төвд байсаар байгаа. Хэдийгээр гишүүн энэ асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж, "бандаашаа өмсөөд гарсан" гэх тайлбарыг өгсөн ч хохирогч бүсгүй Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа түүнийг буруутай гэдгийг баталсаар байгаа. Уг асуудлыг гурван шатны прокурор шалгаад, хэрэгсэхгүй болгосон. Гэвч хохирогчийн талаас давж заалдсан учир хэргийг дахин шалгаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Д.Гантулга гишүүнийг эргүүлэн татах үндэслэл бүрдэж магадгүй болсон. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар гишүүдийн халдашгүй эрх гэх халхавчийг халснаар хүчингийн хэрэгт холбогдоод байгаа залуу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах асуудлыг хуулийнхан тавьж магадгүй байна. Гэхдээ одоогоор Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал УИХ-ын даргад ирээгүй. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа прокурорын байгууллагаас УИХ-д албан ёсоор тавьдаг билээ.
Г.Дэнзэнд холбогдох хэргийг бүрэн шалгаагүй гэж үзжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанид өгсөн гэх хэргээр буруутгагдсан. Түүнтэй хамт Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын дөрвөн иргэн дээрх тендерийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн гэх хэрэгт хоёр ч шатны шүүхээс ял шийтгэл оноосон. Тэгвэл энэ хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн Улсын дээд шүүх үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгоод байна. Ингээд уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт шилжүүлжээ.
Н.Мөнхбатад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв
Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан Засгийн газрын "Чингис", "Самурай" бондоос төвлөрүүлсэн эх үүсвэрийн санхүүжилтийг Хөгжлийн банк хариуцан ажилласан. Мөн тус банкны зүгээс 580 сая ам.долларын бонд гаргаж, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар, ОХУ-ын ВТБ банкнаас 300 сая ам.долларын зээлийг тус тус авсан юм. Тэгвэл 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг дээрх эх үүсвэрүүдийг ямар шалгуураар, хэдэн төсөлд хэрхэн зарцуулсныг шалгаж, тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлснээ мэдэгдсэн билээ. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Сануулахад, энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг мөн холбон шалгаж байв.
У.Хүрэлсүхийг тагнасан эсэх асуудал таг "гацав"
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь тагнаж, чагнасан асуудал энэ оны дуулиант хэргүүдийн нэг байв. Тэрбээр өөрийг нь Ж.Эрдэнэбат тагнуулсан гэж үзэж байсан бол экс Ерөнхий сайдын зүгээс энэ асуудалд ямар хамаагүй болохоо мэдэгдсэн билээ. Ямар ч байсан цагдаагийн газраас Шадар сайд өөрөө, өөрийгөө тагнажээ гэх утгатай тайлбар өгсөн ч, үнэндээ өндөөрийг хүртэл Ерөнхий сайд болохыг тулд У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулж, жүжиг тоглосон уу, түүнийг үнэхээр хэн нэгэн тагнуулсан уу гэдэг хариултгүй асуулт хэвээр улиран одож буй 2017 онтой хамт улиран одож байна.
Т.НОМИН