Кимийн эрх мэдлээ бэхжүүлэх харгис арга

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Кимийн эрх мэдлээ бэхжүүлэх харгис арга

Кимийн эрх мэдлээ бэхжүүлэх харгис арга

Хойд Солонгосыг үе залгамжлан удирдаж буй гурав дахь үеийн удирдагч Ким Жон Ун эрх мэдлээ батжуулж, байр сууриа бэхжүүлэхийн тулд олон хүний амыг хөнөөсөн гэгддэг. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын стратеги судалгааны төвөөс мэдээлснээр Ким Жон Ун 2011 онд Пхеньяны удирдагч болсноос хойш 340 гаруй албан тушаалтныг цаазалжээ. Эдгээр хүмүүсийн олонх нь цэргийн өндөр албан тушаалтан аж. Ким Жон Ун өвөө болон эцгийн үеэс төр, цэргийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүмүүсийг шалтаг гарган олны өмнө цаазлах замаар замаасаа зайлуулж, ард иргэдийн айдсаар дамжуулан засаглалаа бэхжүүлэх аргыг хэрэглэж байна. Тэрбээр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Хойд Солонгосыг дэлхийгээс тусгаарлаж, ард иргэдийн үзэх нүд, сонсох чихийг хааж буй юм.

Хойд Солонгосоос дүрвэж ирсэн иргэд бүгд Ким Жон Уны харгислалыг гэрчилдэг. Тэрбээр цэргийн өндөр албан тушаалтныг “уйтгартай” хурлын үеэр зүүрмэглэснээс эсвэл энгийн иргэдийг талх хулгайлсны төлөө цаазын ялаар шийтгэдэг аж. Ингэхдээ байлдааны нисэх онгоцыг амдан сөнөөх хүчин чадалтай их буугаар эсвэл олон хоног өлөн сойж, зэрлэгшсэн нохдоор бариулах зэрэг айдас төрөм аргаар ялыг гүйцэтгэдэг. Тухайлбал, 2015 онд Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолийг хурлын үеэр зүүрмэглэснийх нь төлөө нисэх онгоц сөнөөгч их буугаар буудаж цаазалжээ. Түүнчлэн 26 настай дүрвэгч И Чн Лимийн мэдээлснээр хөгжмийн багийн 11 гишүүнийг “задгай” уран бүтээл туурвисных нь төлөө 10 мянга орчим хүний өмнө цаазаар авсан гэнэ. Үүний зэрэгцээ Ким Жон Илийн таалал төгссөний гашуудлын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн армийн дэд сайдыг миномётоор буудаж цаазалсны дараа түүний биеэс юу ч үлдээгүй гэнэ. Энэ мэтээр Ким Жон Уны харгислалын урт жагсаалт үргэлжилнэ. Тэрбээр өөртэй нь эрх мэдэл булаалдсан гэх шалтгаанаар аюулгүй байдлын орлогч сайд О Сан Хуныг 2014 онд цаазалжээ. Ким Чен Уны эрх мэдлээ батжуулах аргын золиос болсон 11 сайдын нэг нь тэр байв.

Олны өмнө цаазаар авахаас гадна хөдөлмөрийн лагерьт бүх насаар нь хорих ял оноох нь үхлээс илүү тарчлаах шийтгэл аж. Тамлал, бэлгийн хүчирхийлэл, өлсгөлөн, хүнд хүчир ажилд өдөр бүрийг туулах хөдөлмөрийн лагериас илүү цаазаар авхуулах нь зовлон багатай шийтгэл аж. Хөдөлмөрийн лагерьт ч хоригдлууд нэгнээ чулуугаар шидэж алах харгис цааз үйлчилдэг талаар 29 настай дүрвэгч Пак Жу Ён дүрсэлжээ. Хор уулгаж цаазлах аргыг Ким Жон Ун сүүлд нөхрөө хөнөөсөн Ким Кён Хуйд оноосон байв. Тэрбээр гэр бүлийн долоон гишүүнийг агуу удирдагч болох замд нь саад болсон гэж үзээд цаазалжээ. Тухайлбал, өөрийн хүргэн ах Жан Сун Тэкийг хувьсгалын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр олны өмнө цаазаар авсан нь олон улсад дуулиан тарьсан. Түүнчлэн өөрийн эцэг нэгт ах Ким Жон Намыг Куала Лумпурын нисэх буудалд мэдрэлд нөлөөлөх хорт бодисоор хордуулан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй.

Ким Жон Уны дэглэмийг олон улсаас хамгаалж буй гол хэрэгслийн нэг болох цөмийн туршилтыг саатуулсан хэргээр намын Төв хорооны 131-р хэсгийн тэргүүлдэг Пак Ин Ёныг шийтгэсэн юм. Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сарын 3-нд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаас устөрөгчийн тэсрэх бөмбөг туршсан гэж мэдээлсэн билээ. Цөмийн туршилт явуулсан газар доорх туннел нурснаас өнгөрсөн аравдугаар сард 200 орчим хүн амь үрэгдсэн аж. Зургаа дахь цөмийн туршилтаас 6.3 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл үүсч, ойр орчмын барилгад гэмтэл үүсчээ. Түүнчлэн Ким Жон Ун өөрийн зөвлөхүүдийн нэг, генерал Хван Пён Сог цаазалсан байж магадгүй хэмээн Сөүлийн албаныхан мэдээлжээ. Учир нь тэрбээр аравдугаар сарын 13-аас хойш харагдаагүй аж. Түүнийг орлогч Ким Вон Хуны авлигын хэрэгт холбоотой гэж сэжиглэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж