Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын /ЭМД/ хувь хэмжээг тогтоолоо. ЭМД-ын шимтгэлийг өнгөрсөн оны түвшинтэй адил хэмжээнд барихаар болсон. Харин малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 57600 төгрөг байсныг 50 хувь бууруулж 28800 болголоо.
Хоёрдугаарт, агаарын бохирдлын асуудлыг шийдэх үүднээс Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Ингэхдээ ТЭЦ III, ТЭЦ IV станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний бодлогыг нэгдсэн байдалд шилжүүлэх асуудлыг цогц шийдэхээр боллоо. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр 100 хувь хангалттай биш. Тэр утгаараа эрчим хүчний хангамжийг сайжруулах, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ” гэв.
Т.ДАВААНЯМ