Орчин цагийн дипломат албаны суурь тавигдсан нь

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Орчин цагийн дипломат албаны суурь тавигдсан нь

Орчин цагийн дипломат албаны суурь тавигдсан нь

Монголчуудын өвөг, анхны төрт улс Хүн гүрэн нүүдэлчдийн тусгаар тогтнол, соёл иргэншлийг хамгаалах их хэргийг үүсгэн сэдэж байх цаг дор гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, төрийн хэмжээнд журамлагдсан гадаад харилцааны алба, Чингис хааны нэгдсэн улс, эзэнт гүрний үед төрийн хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагыг үүсгэн байгуулж гадаадтай харилцах асуудлыг төрийн алтан аргамж хэмээн онцгойлон үзэж шийтгэн эрхлүүлж байжээ.

1911 оны эцсээр монголчуудын үндэсний чөлөөлөх тэмцэл Хаант Оросын дэмжлэг олж ялалтад хүрсэн нь Чин улсын олон жилийн эзэн эрхийг Гадаад Монголд эцэс болгож, Монголын тусгаар тогтнолыг шашин, төрийг хослон баригч Богд хаант улсын хэлбэрээр сэргээн тунхаглах нөхцлийг бүрдүүлсэн юм.

“Олноо өргөгдсөн” хэмээх оны чимэгтэй Хаант Монгол Улс байгуулагдсан даруйд Богд хаан төр, засгийн хэргийг эрхлэн явуулахаар орчин цагийн зохион байгуулалт бүхий таван яам байгуулсны нэг нь Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам (ГХЯ) байв. Бусад Дотоод, Сан, Шүүх, Цэргийн хэргийн яам бүгд Захиран шийтгэгч нэртэй байсан ахул Гадаад хэргийн яам л ганцаараа Эрхлэн шийтгэгч нэртэй байсан нь гадаад харилцаа, дипломат ажиллагааг захиран шийтгэж болохгүйтэй холбоотой байсан ажгуу.

Монгол Улсын түүхнээ гадаад бодлого, дипломат ажиллагааг эрхлэн шийтгэгч ГХЯ байгуулагдан Олноо өргөгдсөн Монгол Улсаас гадаадтай харилцах асуудлыг журамлан явуулах болсноор орчин цагийн дипломат албаны үндэс суурь тавигджээ.

Монгол Улс сэргээн байгуулагдсаны дараа Богд хааны анхны зарлигийг дуулган, хишиг хүртээгчдийн хамгийн эхэнд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хошуучлагч, чин ван М.Ханддоржийг “Тулгар төр байгуулах тухай хэрэгт онц хүчин зүтгэж явсан”-ыг онцлон тэмдэглээд “…үе улиран эрдэнэ дайчин цол, ханы ямба давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун” гэжээ. Чин вангийн Богд хаанд айлтган мэдүүлснээр мөн яамны дэд сайдад баргын Манлайбаатар бэйл Ж.Дамдинсүрэн, Халхын зайран лам, Хүрээний да лам, нягт Билэгт, гүн Равдан нар зарлигаар томилогджээ.

Богд Жавзундамба хутагтын зарлиг болгосноор төрийн сайдууд улсын эзэн хааны өмнө тангараг өргөх журмыг тогтоожээ. Энэ бол гадаадын олон улсын хаант Засгийн ёсонд байдаг тогтсон журам бөгөөд тухайн улсын төрийн ёслолын ёс жаягийг харуулах чухал арга хэмжээ байв.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Гадаад хэргийн тэргүүн сайд, чин ван М.Ханддорж хоёр дэд сайдын хамтаар улсын эзэн хаанд бараалхан өргөсөн тангарагтаа “Түмэн наст наран гэрэлт Богд хааны шашин төрийн тул олноор сэтгэлийг нэгтгэж, улсын сүрийг бадруулан шашныг сахиулан даатгал айлтгаж, тангараг сахилга тогтоох учир, бидний монголчууд урьд Чин улсын үед зальхай түшмэдийн хүнд дарлагдал зовлон зүдгүүрийг олсон нь туйлд хүрсний тул бид бүгдээр чин үнэнхүү сэтгэлээр Богд гэгээнээ Монголын хаанд өргөмжлөн цөм ашид амгалан жаргалангийн туйлд хүрч буй. ҮҮНД мэхийж хичээнгүйлэн хянаваас дотоодод болбоос тус тусын үнэн шударгыг илэрхийлэн, гадаадад болбоос бусдын хорлон хөнөөгч арга маягт үл хөдлөх төмөр чулуу мэт болж аюулт дайснаас аянга цахилгаан мэт буцалтгүй, улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” гэжээ.

Богд хааны соёрхлоор тус яам төрийн бусад яамны нэгэн адил өөртөө шүтэх “Улаан Аюуш” нэг чий хэмжээний алтаар шарсан гуулин бурхныг тахиж байхаар болж, сайхь бурхан нь хорыг номхтгогч, гадны түрэмгийллийг хязгаарлан зогсоох, төрийн тусгаар тогтнолыг бататгаж, амар амгаланг сахиулах утгыг илэрхийлдэг байжээ.

Өвлийн дунд сарын 25-нд гаргасан олон яамд шинэ тамга нээн явуулах Богд хааны зарлигаар ГХЯ 10 лан мөнгө оролцсон, дөрвөлжин тийш гурван ямх, дөрвөн пүн, “Дөрвөн үзүүр чандмань” бариул бүхий тамга хэрэглэх болжээ.

Тэргүүн сайд М.Ханддорж ГХЯ-ны үүрэг, бүтэц зохион байгуулалтыг боловсруулан түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр ажлаа эхэлжээ. ГХЯ бүтэц, зохион байгуулалтын хувьд Өмнөд, Умард, Төв гэсэн хэлтсээс бүрдэх болж, 42 орон тоотой байхаар “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т заан тогтоожээ.

1918-1919 онд Японы “Мицуй Буссан” пүүсийн төлөөлөгчөөр Нийслэл хүрээнд сууж байсан Ошима Киёшигийн илтгэх бичгээс үзвэл тэргүүн сайд 240 лан, дэд сайд 180 лан, эрхэлсэн түшмэл 150 лан, дэс түшмэл 120 лан, эх бичиг зохиогч түшмэл 90 лан, үсэг орчуулагч түшмэл 60 лан, Нярав 60 лан, их бичээч 45 лан, бага бичээч 15 лан, хэлмэрч 15 лан, хаалга сахигч 9 лангийн цалин пүнлүү авдаг байжээ.

Шинэ тутам байгуулагдсан ГХЯ-нд төрийн хэрэгт үнэнч, тухайн үедээ мэдлэг боловсрол сайтай, хятад, манж, түвд зэрэг хэл бичиг эзэмшсэн, мөн япон хэл бичиг гадарладаг хүмүүсийг сонгон авч ажиллуулж эхэлжээ. Харин орос хэл бичигтэй хүн ховор байсныг харгалзан 1912 онд яамны дэргэд Хүрээн дэх Оросын консулын тусламжтайгаар монгол, орос хэл бичгийн сургууль байгуулан ажиллуулжээ. Түүнчлэн Монгол Улс дэлхийн зах зээлийн хүрээлэлд улам бүр татагдан орж. Өрнөд Европ, Америкийн капитал монгол газар цутган орж ирэх болсон. Богд хаант Монгол Улсаас гадаадтай ӨРГӨН дэлгэр харилцах шаардлага нь боловсон сургуулийг уүсгэн байгуулж, монгол болон гадаад хэл бичигтэй үндэсний сэхээтнүүдийг бэлтгэхтэй холбогдож байв. 1915 оны наймдугаар сард боловсрогдож гарсан, Орос-Монгол хэл бичгийн сургуулийн дүрмийн II бүлгийн долдугаар зүйлийн хоёрт, заавал үзэх хичээлийн тоонд орос, хятад хэл бичгээс гадна “…Ин (Англи Д.У), Фа (Франц Д.У) зэрэг улсын бичиг үсэг, үг хэлийг … гол болговоос зохистой” (8) гэжээ. 1914 оны арванхоёрдугаар сард ГХЯ Хятад газар болон Оросын Эрхүү хотод багшилж байсан Англи улсын иргэн Уйдинг багшийг урин ирүүлж ажиллуулсан. Тэрээр багшлах үйлсэд үнэнхүү зүтгэл гаргасны учир Богд Гэгээний Засгийн газраас тусгайлан шагнажээ. 1914 оны тавдугаар сард тус сургуулийг ГХЯ-нд эрхлүүлэх тухай тушаан шийтгэх бичиг гарч захирлаар нь Гадаад хэргийн дэд сайд, нягт билэгт, гүн да лам Равдан хавсран ажиллахаар болсон байна.

Богд хааны зарлигаар “Дотоод яам болбоос угаас тус улсын дотор тэргүүлэх ахмад яам мөн. Гагцхүү манай улс гадаад лугаа найрамдахыг эрхэмлэн гадаад хэргийг чухал болгох тул Гадаад яамыг дэд болгосугай…, Цэргийн яамыг гутгаарт, Сангийн яамыг дөтгөөрт …, Шүүх яамыг тавдугаарт болгон харилцан бичиглэхэд зэрэг дэвийг үзэж дээдэх яам дорогш бичихэд “илгээв” хэмээн бич, доорхи яаман дээш бичихэд “өргөн” хэмээн бичиж үүрд дагуулж явуултугай” гэжээ. Улмаар 1912 оны долдугаар сард Ерөнхийлөн захирах сайдын тушаал буй болгож түүнд түмэн хан номун эзэн сайн ноён хан Т.Намнансүрэнг тохоон томилжээ.

1911-1915оны хооронд Гадаад хэргийн тэргүүн сайдаар ханы зэрэг эрдэнэ дайчин хошой чин ван Ханддорж, 1915-1919 онд хичээнгүй сайд гүн Цэрэндорж, 1911- 1912 онд дэд сайдаар Манлайбаатар бэйл Дамдинсүрэн, 1913-3915 онд Жирмийн чуулганы ерөөлт ван Раашминжүүр, улсад туслагч гүн баргын Цэнд, дэс түшмэлээр гүн Бавуудорж, хэлмэрч буриад Даш Церенов, орчуулагч түшмэл, буриад Жамсранов (Ж.Цэвээн), Ошима Киёшигийн илтгэлээр 1915-1919 онд дэд сайдаар Далайчойнхор хошой чин ван Цэдэнсодном, ачит ван Гончигдамба, эрхэлсэн түшмэлээр жүн ван Сангимятав нар ажиллаж байжээ.

Олноо өргөгдсөн Богд хаант улсын төдийгүй Монгол Улсын гадаад бодлого, дипломатын түүхэнд 1912 оны аравдугаар сард 21-нд (шинэ тооллоор арваннэгдүгээр сарын 3) нийслэл Хүрээнд Монгол-Оросын Найрамдлын гэрээ бичиг болон Худалдааны протокольд гарын үсэг зурсан нь үлэмжийн ач холбогдолтой түүхэй үйл явдал болжээ. Гэрээ бичиг ёсоор Хаант Орос Монгол Улс болон түүний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн төдийгүй цаашид энэ гэрээ бичиг Монголын төр улсын бүрэн эрхт байдлыг баталгаажуулах олон улсын эрхзүйн үндэс суурийг нь тавьжээ. Дурдсан гэрээ бичгийг байгуулсан явдал Монгол, Хятад хоёр улсын өмнөх харилцааны statusquo-г дуусгавар болгосон төдийгүй, мөн шинэ тулгар Монгол Улсын хувьд дэлхийн улс гүрнүүдтэй энэ тэнцүү харилцаа тогтоох боломжийг нээж өгөв.

1911 оны тусгаар тогтнолын сэргэлтийн дараа Монголын дипломат албаны эн тэргүүний зорилт нь хоёр хөршөөсөө гадна “гуравдагч” гүрнүүдтэй харилцаа тогтоохыг чинхүү эрмэлзэж байсан нь гадаад улс төр, эдийн засгийн бодлогын чухаг чиг шугам байжээ. Энэ нь юуны өмнө Өрнө, Дорны гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр оронтой худалдааны харилцаа тогтоох, Өвөрлөгч нутгийг халхад нэгтгэх замаар Монгол үндэстний улс төрийн нэгдлийг хангах, түүнийгээ бататгах үндэсний эрх ашиг хийгээд аюулгүй байдалтай ямагт холбогдож байжээ.

Монгол-Оросын Найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа тун удалгүй Финландын нэрт монголч эрдэмтэн, дипломатч Густав Ж.Рамстедтын Монголын удирдагчидтай уулзах үеэрээ санал тавихдаа Монгол Улс хоёр хөршөөс гадна олон улсын хэмжээнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их гүрнүүдэд тусгайлан хандах учиртайг онцолсон байдаг. Тиймээс 1912 оны арваннэгдүгээр сарын 18- нд Монгол Улсын ГХЯ-наас ноот бичиг үйлдэж Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри) зэрэг есөн гүрний ГХЯ-нд илгээжээ. Түүнд дурдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож Орос- Монголын хэлэлцээр лугаа “харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу” гэсэн саналыг дэвшүүлсэн байна.

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын гадаад харилцаа, дипломатын түүхэнд 1912 оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан “Орос-Монголын найрамдлын гэрээ бичиг”, 1913 он аравдугаар сарын 23-нд байгуулсан “Гадаад Монголын автономыг илтгэн гаргах бичиг” хэмээх Орос-Хятадын Бээжингийн тунхаг, ГХЯ-ны тэргүүн сайд чин ван Ханддорж, Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн нарын 1912, 1913 оны Санкт-Петербургт хийсэн айлчлал, түүний үр дүн, Богд хаанаас Японы цог жавхлант эзэн хаанд захидал илгээсэн. 1913 оны эхээр Дотоод яамны тэргүүн сайд сүжигт чин ван да лам Цэрэнчимэд, Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд бинт чин ван Гомбосүрэн нар Японыг зорьж Хайлаарт саатсан. 1914 онд ч Монголын Засгийн газар Бээжин дэх АНУ, Франц, Англи, Германы ЭСЯ- дад дипломат ноот бичиг дахин илгээж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн шинэ оролдлого, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ нь гүн ул мөрийг үлдээсэн юм. Эдгээр он жилүүд нь нарийн түвэгтэй хүнд бэрх үеүд байжээ.

Хиагтын гурван улсын гэрээ үүнд онцгой байрыг эзэлнэ. Бүтэн найман сар гаруй хугацаанд 60 гаруй удаа хуралдан удтал маргалдан тэмцэлдсэний эцэст Монголын тусгаар тогтнол хязгаарлагдсан ч гурван талын хэлэлцээрт оролцсоноор Монгол Улс олон улсын харилцааны эрхзүйн субъект байх чадвар бүхий этгээд болохоо харуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн Монголын хувь заяаг Орос, Хятад үгсэн хэлэлцэж байсан тэр хүнд үед Гурван талт хэлэлцээрт Японыг татан оруулж дөрвөн талын болгох хувилбарыг хүртэл бодож байжээ.

Өгүүлэн буй үед Богд гэгээний Засгийн газраас дипломатын талаар олсон томоохон амжилтын нэг нь Түвдтэй байгуулсан 1913 оны гэрээ болно. Богдхаан төрийн тэргүүний хувьд гадаад бодлого ба гадаад харилцааны асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж байсан нь энэ үеийн шийдвэр гаргах үйл явцын онцлог байв. Сүүлд сайн ноён ханы санаачилгаар Богд хааны зарлиг 1914 оны гуравдугаар сард гарч, “Боловсон орнуудын маягаар дээд, доод хурлыг байгуулжээ. Хоёр танхимтай хурлыг байгуулахад хааны дэргэд Төрийн думтай байсан хаант Оросын нөлөө туссан нь эргэлзээгүй.

Нийслэл Хүрээн дэх Оросын ерөнхий консул А.Я.Миллер дээд, доод хурлын тухай 1914 оны тавдугаар сарын 13- нд Санкт-Петербургт мэдээлэхдээ “Чингис хааны үеийн Хурилдайн жишгээр байгуулагдсан хоёр танхим долоо хоног тутам хуралдаж хэрэг дээрээ байнгын чуулганыг үе үе хийх боловч гишүүд хурлын чуулган дээр айрагдах нь их, асуудлыг шийдэх нь өнгөцхөн байлаа” хэмээн бичсэн нь буй.

Чин улсын үеийн дипломат ёслол, бичиг захидал боловсруулах ёс жаягийг Богд хааны Засгийн газар үндсээр нь өөрчилж, дундад эртний үеэс уламжлагдан ирсэн Монголын төрийн болон дипломатын сонгодог ёслолыг сэргээжээ. “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т зааснаар Ёслолын хэлтэс нь Дотоод хэргийн яаманд харьяалагдаж төрийн ёслолын бүх арга хэмжээг журамлан хэрэгжүүлэх болжээ. Үүнд Богд гэгээн, хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж, бичиг хэргийн түшмэл, хэргэмтэн лам нарын төрийн ёслолын хувцсыг шинэчилж, жагсах, суух суудлын эрэмбэ, сүйх тэрэг, шинэлэх, цагаалах, Бат-Оршил өргөх, түмэн өлзий гийсний баяр, гууринд заларсны баяр, төрийн цэргийн хүндэт жагсаал, бурхан залах, сүмд залрах, цам бүжиглүүлэх ёслол, уул, тэнгэр тайх ёслол, яамлах, хурах, золгох, бараалгах, угтах, үдэх ёслол зэрэг болно. Богд хаант Монгол Улсын үеийн дипломат ёслолд бурхны шашны зан үйл, ёс заншил нэлээд нэвтэрснийг тэмдэглэх хэрэгтэй.

Дипломат жуух захидал, бичиг хэрэг хөтлөх, боловсруулахад эртний Монголын дипломат үг хэллэгийн яруу тансаг шинжийг уламжлан авчээ. Тухайлбал, Олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн хаш тамганаа Их Монгол Улсын төрийн билэгдлийг сэргээн хэрэглэсэн явдал юм. Эртнээс инагш монголчууд нь төрт ёсны уламжлалтай явж ирсэн. Үндэсний хэл, үсэг бичгийн агуу их дурсгалтай ард түмэн байсныг билэгдэн тамганы төв хэсэгт Монгол бичгийн хоёр мөрөөр “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” гэж сийлбэрлэжээ. Тамганы зүүн талын хоёр мөрийг Монголын Юань гүрний эрхэмсэг үсэг дөрвөлжин үсгээр Жавзундамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай сэцэн хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьж, лам, харын Засгийг нэгтгэн явуулахыг билэгдэн сийлжээ. Харин соёмбо үсгээр сийлбэрлэсэн найман мөр нь уг үсгийг зохиосон анхдугаар Богд Занабазарын VIII дүр Жавзундамба хутагтын үед Монгол тусгаар тогтносон улс болсныг билэгджээ.

Хууль зүйлийн бичигт Төрийн хаш тамгыг дарж хэрэглэх журмыг хуульчлахдаа, аливаа тархаах зарлиг, хэлтрүүлэх зарлиг, өргөмжлөл, жуух захидал, дипломат бичиг, шар торгоны бичигт хэрэглэмү гэжээ.

Д.Уламбаяр

Доктор, профессор. ХИС-ийн Олон улсын харилцаа,

нийгэм судлалын сургуулийн захирал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж