Нүүрсний экспортын орлого 900 сая долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспортын орлого 900 сая долларт хүрчээ

Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, Макро эдийн засгийн газрын /МЭЗГ/ дарга Б.Бадамцэцэг нар Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2011 оны эхний долоон сарын байдлын талаар мэдээлэл хийлээ.  Макро эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ-ны үнээр 2011 оны эхний хагас жилд 4762,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 29,1 хувь буюу 1073,5 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ өсөлтөд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын болон бүтээгдэхүүний татварын өсөлт голлон нөлөөлсөн байна.  Мөнгөний нийлүүлэлт долоодугаар сарын эцэст 5922,5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 149,9 тэрбум төгрөг буюу 2,6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2379,4 тэрбум төгрөг буюу 67,2 хувиар өссөн аж. Мөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний сард 1083,9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69,3 тэрбум төгрөг буюу 6,8 хувиар өсчээ. Өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,1-78,2 хувийг эзэлжээ.

МЭЗГ-ын дарга Б.Бадамцэцэгийн хэлснээр, экспортын нийт орлогод уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс зэсийн баяжмал эхний байр эзэлдэг байсан бол энэ оноос нүүрс давамгайлах болжээ. Сүүлийн гурав, дөрвөн сарын түвшинд  нийт 15 сая тонн нүүрс олборлосноос 9,4 сая тонныг нь экспортлосон аж. Өнгөрсөн онд 7,8 сая тонныг л экспортложээ.

 “Эрдэнэс Тавантолгой” уурхай нүүрс олборлож эхэлсэн нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тэрээр хэллээ. Өнгөрсөн жилийн тухайд нүүрснээс орж ирсэн экспортын орлого 300 сая ам.доллар байсан бол өдгөө энэ тоо 900 сая долларт хүрчээ. Ерөөс уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хувьд нүүрс 34 хувийг эзлэх болсон байна.  
                                               

    Г.Идэр 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж