Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн Зөвлөлдөх хороо (ICOMOS)-ны гишүүн, Монголын үндэсний хорооны дарга, МУСГЗ, доктор Н.Уртнасантай ярилцав.
-Хол явсан хүний үг сонс гэдэг дээ. Та саяхан ЮНЕСКО-гийн томоохон арга хэмжээнд оролцож, “богц дүүрэн ачаатай” буцаж ирлээ. Манай уншигчдад энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Би энэ арванхоёрдугаар сарын эхээр Монголынхоо соёлын өвөөс Дэлхийн өвд бүртгүүлэх ажлаар хоёр газар очоод ирлээ. Нэг нь БНСУ-ын Чежу аралд болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулганд Монголын төлөөлөгчдийн хамт оролцож “Уул ус тахиж шүтэх Монгол зан үйл” өвийн зүйлийг Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтанд бүртгүүллээ. Бидний 5-6 жил хөөцөлдсөн ажлын үр дүн ийнхүү амжилттай хэрэгжив.
Хоёр дахь нь Энэтхэг улсын Дели хотноо болсон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн 19 дүгээр Ерөнхий Ассамблейд Зөвлөх хорооны гишүүний хувиар оролцож, “Өв соёл ба ардчилал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монголын тахилгат газар нутаг, тогтвортой хөгжилд түүний ач холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Дэлхийн энэ хуралд соёлын өвийг хамгаалах асуудлаар мэргэшсэн 1000 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцсон. Монголынхоо гайхамшигт соёлыг таниулж, тэдний талаас ихээхэн талархал хүлээсэндээ баяртай байна.
-Соёлын өвийн тухай Та товч тодруулна уу?
– Олон улсад бүх өвийг соёлын, байгалийн, нийлмэл өв гэж ангилдаг ба мөн соёлын өвийг дотор нь биет болон биет бус гэж ялгадаг. Соёлын өв нь монгол үндэстний өвөрмөц оюун сэтгэлгээ, санаа бодол, сэтгэл зүй, ёс заншил, зан үйл, баяр ёслол, улмаар амьдралынх нь хэв маягийг тодорхойлж, тогтвортой сайн сайхан аж төрөхийн эх үндэс, хөрс дэвсгэр нь, бусдаас ялгарах бэлгэдэл, таних тэмдэг, бахархал нь болж байдаг юм.
Иймээс монгол хэл, соёл нь манай улс үндэстний бие даан оршин тогтнох үндсийн үндэс, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын үл үзэгдэх бат бэх баталгаа, бусад улс үндэстэн, улс орноос монгол үндэстнийг, монгол улсыг хүндлэн үзэх, эрх тэгш харилцан ярилцах, хамтран ажиллах үгүйсгэж болохгүй, няцааж чадахгүй шалтгаан нөхцөл нь болж байна. Өнөө цагт, тодотговол даяаршлын их түрэлтийн нөхцөлд дэлхийн улс үндэстнүүдийн соёл, соёлын өвийн олон янз, төрөл байдал нь хүн төрөлхтний жам ёсны хөгжлийг хангах, доройтох, сөнөх аюулаас урьдчилан сэргийлэх онцгой хүчин зүйл болж байгааг дэлхий даяар ухаарч, хүлээн зөвшөөрч байна.
Соёлын өв, түүний дотор соёлын биет бус өв нь тухайн улс үндэстний оюуны бүтээл туурвил, үндэсний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ “Монгол брэнд” бий болгох шавхагдашгүй ундарга нь юм.
-Соёлын өвийн үнэ цэнэ, ач холбогдлоос үүдэн түүнийг хадгалж хамгаалах, сэргээн засах, сэргээн бүтээх, түгээн алдаршуулах ажил нь дэлхийн улс орнуудын онцгой анхааралд тавигдах боллоо. Манай улс энэ талд хэрхэн хандаж ирэв?
– Монгол улсын төр засгаас соёлын өвийг хамгаалах бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчин бий болгоход хэд хэдэн хууль батлан гаргалаа. Дэлхийн шинжлэх ухааны хэрэглээнд соёлын өвийг соёлын биет болон биет бус өв гэж ангилдаг тухай дээр хэлсэн. Монгол улс, монгол үндэстэн аль алиных нь хувьд асар баян өвийн санг бий болгон хөгжүүлж, үеэс үед өвлөн уламжилж ирсэн. Монгол улсын түүхэнд өв соёлоо устгах, үнэ цэнэгүй болгох эмгэнэлт үйл тохиолдож байсан ч ард түмэн хайрлан хамгаалж авч үлдсэн нь бас арвин их юм. Тэр их өв соёлоо хадгалж хамгаалах талаар зарим ахиц байгаа болов ч, түүнийг сүйтгэх, улмаар устгах аюул нүүрлэсэн хэвээр байна.
-Энэ талаар тодорхой жишээ баримт дурдаж болох уу?
– Бололгүй яах вэ. Төр, засгаас соёлын биет бус өвийн хувьд онцгой анхаарал хандуулахыг хүлээж байна. Бидний хувьд биет өвийн хадгалалт хамгаалалтын тухайд ихээхэн санаа зовж байгааг нууж хэрэггүй. Батлан гаргасан хууль тогтоомж, дүрэм журмуудыг төрийн байгууллага, иргэдээс ягштал хэрэгжүүлэхгүй байгаагаас манай улсад соёлын биет өв нь тоногдох, хулгайлагдах, эвдлэн сүйтгэх, хууль бусаар малтах, ухах, дамлах, наймаалах, улмаар ор мөргүй алга болох гамшигт үзэгдэл гарсаар байгаа ба энэ сөрөг хандлага буурахгүй байна.
Үүний гол шалтгаан нь: “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийг хэрэгжүүлэхгүй, эсвэл тодорхой хүрээлэлд хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Төрийн байгууллагаас хуулиа хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын тууштай, тодорхой арга хэмжээ авахгүй, хуулинд заасан арга хэмжээнд зориулсан санхүүгийн эх үүсвэр, төсвийг Улсын Их Хурлаас батлан гаргаж өгөхгүй байна.
Тухайлбал дэлхийн өвд бүртгэгдсэн “Монгол Алтайн хадны зургууд” дэлхийн өвийн гурван газар, “Их Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг” Дэлхийн өвийн газарт олон улсын Конвенциор хүлээсэн үүргийн дагуу хамгаалалтын захиргааг одоо болтол манай улс байгуулаагүй байна. Монголын газар нутаг дээр ард түмний түүхийн үнэт гэрч нотолгоо болсон хосгүй үнэт хөшөө дурсгал, өвийн дурсгалт газруудын дэргэд, ойр орчимд, эсвэл дээр нь уул уурхайн үйлдвэрлэл явуулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн төслүүд хэрэгжүүлэх зэрэг ноцтой аюул сүүлийн 20 гаруй жилд маш их гамшиг хор хохирол үүсгэлээ.
Иргэдийн соёлын өвийн талаарх ухамсар ойлголт хангалтгүй, хууль бусаар соёлын өвийн газрууд болох булш, хирэгсүүр, бунхан, хөшөө дурсгал, сүм хийд зэргийг ухаж тонодог, түүхийн үнэт олдворыг дамлан худалддаг, хайр найргүй эвдэж, түүх, соёлын үнэ цэнэ, ач холбогдолгүй болгодог бүлэг этгээдүүд, гэмт хэрэгтнүүдтэй төр засаг иргэд хамтран тэмцэхгүй, улмаар тэдний толгойг нь илж суугаагаас асар их хохирол учирч байна.
Төр, засгийн бүтцийн байгууллагын зарим эрх мэдэлтнүүд хувийн болон бүлэг хүмүүсийн эрх ашиг, сонирхлоос үүдэн иргэд, аж ахуйн болон төрийн бус байгууллагаас соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засах, сэргээн бүтээх сайн сайхан, үр ашигтай, бүтээлч санаачлагуудыг мөнгө санхүү байхгүй нэрийдлээр дэмжихгүй, тоохгүй, юу ч хийхгүй байх, улмаар зарим тохиолдолд дарамт шахалт үзүүлэх замаар зогсоох үзэгдэл хаа сайгүй газар авч байгаа. Ийм жишээг хаанаас л бол хаанаас гарган тавьж болно. Энэ нь өв соёлоо хамгаалах гэсэн олон түмний, төрийн бус байгууллагуудын идэвх санаачлага оролцоог хаан боогдуулах болов.
-Монгол улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа, хөгжлийн эх ундарга болсон соёлын өвөө хадгалж хамгаалах, цаашид засаж залруулах чиглэлээр төрөөс юунд илүү анхаарлаа хандуулах ёстой вэ?
– Соёлын өвийг ард түмний сайн сайхан аж амьдралын үнэт зүйл, бодит ажил болгоход төр, засгаас хойш тавилгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авмаар байна. Тухайлбал,
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тодорхой заасан хэдий ч ажиллахгүй байгаа төрийн механизмыг хөдөлгөх, хариуцлагын тогтолцоог үйлчилдэг болгохын тулд соёлын өвийн асуудал хариуцсан орон тооны бус Соёлын үндэсний зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, яам, нийслэл, аймгийн удирдлага, иргэний нийгэм, судлаач эрдэмтэд, ТББ-ын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах,
Зөвлөлийн ажлын албыг зохих орон тоотой зохион байгуулах шаардлага байна. Соёл, соёлын өв нь монгол үндэстний, монгол улсын бүх ард иргэдийн үзэл санаа, оюун бодол, итгэл үнэмшлийн цөм нь бөгөөд хүн бүрт, гэр бүл бүрт, байгууллага бүрт хамаатай, яам, аймаг сум бүрийн оролцоотой, бүхнийг хамарсан ажил үйлчилгээ – үзэгдэл юм. Энэ нь эдийн засаг, боловсрол, үйлчилгээ, байгаль орчны орон зайд нэвт шингэсэн улс орны сэтгэл зүрх, амин сүнс нь болно. Нөгөө талаар энэ чухал асуудлыг аль нэг яаманд дайвар болгон хариуцуулдаг нь их л сайндаа бие даасан нэгж байгуулан ажиллуулж ирсэн бодлого явуургүй нь амьдралаар аль хэдийнээ олон дахин нотлогдлоо.
Соёлын салбарын шийдвэр бусад салбарт, тухайлбал хот төлөвлөлтөд үйлчлэхгүй байгаагаас Улаанбаатарт хот төлөвлөлтийн соёл, дизайн, хийц зэрэг нь соёл, урлагийн мэргэжлийн онол, арга зүйгээс хол хөндий явж ирсэн. Одоо бодлогоо өөрчилж нэгтгэн зангидах цаг нь болжээ.
Соёл, соёлын өв нь үндэсний аюулгүй байдлын үл үзэгдэх бат бэх баталгаа учир Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд соёл, соёлын өвийн аюулгүй байдлыг хариуцсан мэргэжлийн ажилтантай болж, соёлын өвийг хамгаалж хөгжүүлэх асуудалд онцгой анхаарах, соёлын өвийн талаар төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг соёлын үндэсний зөвлөлд жилд нэг удаа хэлэлцэж, батлагдсан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэж шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг хариуцах эзэн, гаргах зардлын хамт өгч байх, соёл, соёлын өвийн асуудалд ДНБ-ний тодорхой хувийг жил бүр зарцуулж байхаар төсөвт тусгаж байхаар хуульчлан заасан хууль гаргаж хэрэгжүүлэх (энэ нь ганц заалттай хууль байсан ч болно) шаардлага тулгарч байна.
Ойрын 3-5 жилд соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан бүх зүйл, заалтыг хэрэгжүүлэх, түүнд шаардлагатай санхүүг улсын төсөвт төдийлөн хүндрэл учруулахгүйгээр тусгах, соёлын арга хэмжээ, соёлын өвийг хамгаалах, соёлын өвийн бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагаанд хөгжлийн бусад хөтөлбөр, төслөөс харьцангуй бага зардал шаарддаг юм.
Соёл, соёлын өвийн хүрээнд төрийн ажил, үйлчилгээг ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болох тухай хуулийн эрх, эрх чөлөөг бүх шатанд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, улмаар соёлын өв хамгаалах олон нийтийн идэвх санаачлагыг өрнүүлэх, соёлын өв хамгаалах ажилд нутгийн иргэд, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, соёлын өвөө хадгалж хамгаалах, өвлөн уламжлах, сурталчлан алдаршуулах талаар хичээл зүтгэл гаргасан, гавъяа байгуулсан байгууллага, хувь хүмүүсийг алдаршуулах, зохих хэмжээний мөнгөн уршуулал олгодог журам бий болгомоор байна.
Монголын соёлын өвөөс Дэлхийн соёлын өвд бүртгүүлж, монгол үндэстнийхээ соёлын өвийг түгээж алдаршуулах ажилд онцгой анхаарах, одоогоор бүртгүүлээд байгаа Дэлхийн өвийн дөрвөн газарт хамгаалалтын захиргааг олон улсын Конвецид заасны дагуу зохих ёсоор байгуулж ажиллуулах шаардлагатай байна.
-Монгол хүний оюун ухааны хосгүй увдисыг мөнхжүүлэх, тайлагдаагүй оюуны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах зорилго бүхий “Увдисын шүтээн” төсөл боловсруулах багийн гишүүний тань хувьд асууж буй. Манай улсын соёлын дурсгалт газруудын нэг болох “Увдисын шүтээн” цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын их ажил өрнүүлсэн. Энэ төсөлд манай улсын 21 эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтэн, нутгийн иргэдийн төлөөллийн оролцоотой томоохон баг ажилласан, уг төслийг хэрэгжүүлэх ажил ямар шатандаа байгаа вэ?
– Архангай аймгийн Цахир сумын нутагт “Өвгөн Гэсэр ламтан” хэмээн алдаршсан тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын лагшин шүтээнийг өмнө байсан хэвээр нь улам боловсронгуй болгох “Увдисын шүтээн” цогцолборыг бүтээн байгуулах төслийг хамгийн анх “Ханбүргэдэй” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Сандагдорж санаачлан ШУА, Гандантэгчинлэн хийдийн захиргааны оролцоотой эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, уг төслийг өргөн хүрээнд дэмжиж, дараа нь төрөлжсөн эрдэм шинжилгээний хоёр хурал хийж, төслийг хэрэгжүүлэх аргачлалын талаар нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Бүтээн байгуулалтын эхний хэсэг аграмба Р.Санжаажавын лагшин шүтээнийг залах ёслол 2015 оны 10 дугаар сарын 25-нд Гандантэгчинлэн хийдэд болж, сүсэгтэн маш олон хүмүүс цуглаж, хүндэтгэл үзүүлснийг санаж байгаа бизээ. Түүний дараа Цахир сумын “Содномдаржаа” уулын энгэрт хос оршинол шүтээнийг анх 200 орчим жилийн өмнө оршоосон байрлалд нь залсан юм. Энэхүү “Увдисын шүтээн” цогцолбор нь “Гайхамшигт монгол” үзэл баримтлалд суурилан бүтээгдэх бөгөөд дэлхий дахинаа хосгүй үнэт, өнөөгийн монголчуудын оюун ухааны дээд хүчин чадал бүхий онцгой бүтээн байгуулалт болох учиртай юм.
Иймд нэгдүгээрт, монгол оронд оюун ухааны хосгүй увдистай хүмүүс амьдарч, тэдний үйл амьд сэрүүндээ болон насан өөд болсоны дараа ч үргэлжлэн оршин буйг хүлээн зөвшөөрөх, хоёрдугаарт, монгол хүний оюун ухааны тэрхүү хосгүй увдис нь монголчууд бидний дээдлэх шүтээн байх учиртайг хүлээн зөвшөөрч нийгмийн сэтгэл зүй үүндээр нэгдэн төвлөрөхөд чиглэгдэх ёстой байна.
Тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц нь амьд ахуй үедээ онцгой ид шид увдисыг үзүүлж байсан. Насан хутгыг олсны дараа өөрийн үүсгэсэн шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухааны үндсийг шавь нараараа дамжуулан үлдээсэн. Өөрийгөө лагшин төлөвд шилжүүлэн мөнхрүүлж чадсан нь монгол хүний сод ухаан, онцгой авъяас чадварын илрэл юм.
ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд байдаг Иволгийн дацан дахь ер бусын гайхамшигт Итгэлт хамба-д сүсэгтэн олон түмэн 2002 оноос хорвоогийн өнцөг булан бүрээс ирэн мөргөдөг болов. Орчин үеийн шинжлэх ухаан учрыг нь хараахан тайлж чадаагүй байгаа тэр ер бусын хүний тухай дэлхий даяараа гайхах болсныг манайхан мэднэ.
Тэгвэл нас эцэслээд 90 жил болсон Итгэлт хамбатай нэгэн адил бишрэлт тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын лагшин 200 орчим жил түүн лугаа байгаа гэдэг нь гайхшрал бишрэлийг төрүүлж байна. Энэ их бүтээн байгуулалтыг цаашид цогцоор нь бий болгох ариун үйлсэд нийт ард түмэн, төр, засгийн тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг онцлон дурьдах нь зүйтэй юм.
Ярилцсан сэтгүүлч Г.Сумъяа