Монголын 23 жүдоч дэлхийн аваргад зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Монголын 23 жүдоч дэлхийн аваргад зодоглоно

Францын нийслэл Парис хотноо энэ сарын сүүлээр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн аваргад оролцож буй багууд нэг жинд хоёр тамирчнаа сойх боломжтой болсон тул өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон билээ. Энэ удаад ч Монголын жүдочид эрэгтэй долоон жинд 14, эмэгтэй зургаан жинд ес, нийт 23 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт Парисыг зорих гэж байна.

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 23-28-нд болно. Тэмцээн 23-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, 27-нд хүнд жингийн барилдаан болсноор өндөрлөх бол 28-нд багийн тэмцээн болох юм. Багийн дэлхийн аваргын дүрмийн дагуу эрэгтэй 66, 73, 81, -90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, -70, +70 кг гэсэн таван жингийн ангилалд таван тамирчин халз барилдаж, нийлбэр дүнгээр ялагчаа тодруулах юм.
Дэлхийн аваргын татамид хүч үзэх Монголын тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар, Д.Нармандах, П.Нямлхагва, н.Баттулга нарын удирдлага дор барилдана.

Дэлхийн аваргад оролцох Монголын жүдочид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал
90 кг: Э.Энхбат, Б.Жанчивдорж
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Төгөлдөр, Н.Батсуурь

Эмэгтэй:

48 кг: Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Б.Солонго
57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: Д.Цэрэнханд

Монголын баг тамирчид энэ сарын 14-нд эх орноосоо мордох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж