Улиран одож буй 2017 он “МИАТ” ТӨХК-ийн хувьд шинэ чиглэлүүдээр нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, бүс нутгийг холбосон агаарын тээврийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан бизнесийн амжилт ололтоор дүүрэн ээлтэй сайхан жил байлаа.
МИАТ-чууд бид энэ онд Amadeus IT Group S.A. компанитай хамтран Зорчигч үйлчилгээний цогц системээ бүрэн шинэчилж, Amadeus Altea технологи руу шилжлээ. Аяллын дугаар хамтран эзэмших замаар нислэгийн сүлжээгээ өргөтгөх ажиллагааг Хонг Конгын Сathay Pacific компанитай амжилттай эхлүүлж чадлаа.
Мөн BOEING 737 MAX загварын 4 шинэ агаарын хөлгийг түрээсээр авах 3 талт гэрээг BOEING, AVOLON компанитай хамтран байгуулсан. Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны IOSA, ISAGO гэрчилгээ сунгах Аюулгүй ажиллагааны аудитад амжилттай шалгуулсан гээд олон ажлын ард үр бүтээлтэй гарч чадсан. Энэ бүх амжилтын ард хамт олны минь хичээл зүтгэл, Үндэсний агаарын тээвэрлэгчээ сонгон үйлчлүүлдэг эрхэм зорчигчид Та бүхний итгэл байдаг гэдгийг онцлох нь зүйтэй.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ТАМИР