Зургаан аймагт цасны зузаан 35 см-т хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Зургаан аймагт цасны зузаан 35 см-т хүрчээ

Зургаан аймагт цасны зузаан 35 см-т хүрчээ

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Тиймээс ирэх амралт, баярын өдрүүдэд иргэд сонор сэрэмжтэй байж, хүчтэй салхи шуургатай үед хол замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж, мэдээлэл хийлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, арванхоёрдугаар сарын 28-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны нэгдүгээр сарын  1, 2-нд зарим газраар цас орж,  цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.  Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг  сануулав.

Зургаан аймагт цасны зузаан 35 см-т хүрчээ

Нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байна.  Булган аймгийн Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сум, Завхан аймгийн Сонгино сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн сум гээд зургаан аймгийн 15 суманд орсон цасны зузаан  21-35 см-т хүрчээ. Харин Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Могод, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Цэцэн-Уул сум, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Бүрэн, Жаргалант, Цээл сум, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Тариалан, Хяргас сум, Хэнтий аймгийн Өндөрхаан, Мөрөн гээд нийт есөн аймгийн 24 суманд 11-20 см  зузаан цастай, өвөлжилт хүндхэн байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар мэдээллээ.

СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭГ ИРГЭН САЛЮТ БУУДУУЛЖ БАЙГААД ТҮЛЭГДЖЭЭ

Шинэ жилийн баярын үеэр иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салют, бенгалийн галыг хэрэглэдэг. Гэвч баталгаагүй болон буудуулах хэрэгслийг ашиглаж мэдэхгүйгээс эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд гарчээ. Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт шинэ жилийн баярын үеэрээ салют буудуулж байгаад нүүр, гараа түлсэн тохиолдол гарчээ. Тиймээс иргэд аюулгүй байдлаа бодож баяраар ашиглах салютаа баталгаатай газраас худалдан авч, орон байр, хашаандаа салют буудуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөв.

Онцгой байдлын аврагчид 136 хүний амь нас аварчээ

Улсын хэмжээнд 2017 онд нийт 4182 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Ослын улмаас 203 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртсэн байна.  Мөн 538.6 мянган толгой мал хорогдож, 96.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Харин Онцгой байдлын шуурхай утсанд эрэн хайх, аврах ажиллагааны 387, тээврийн хэрэгслийн ослын 104, нийт 491 дуудлага иржээ.  Давхардсан тоогоор онцгой байдлын албаны 3037 аврагч, 603 автомашин ажиллаж, 2735 хүнд анхны тусламж үзүүлэн, 136 хүний амь насыг аварсан байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж