Хорт хавдрын хүнд шатандаа байгаа, хүнд зовиуртай, цус алдаж буй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх шинэхэн тасаг өнөөдөр /2017.12.27/ Хавдар судлалын үндэсний төвд нээлтээ хийлээ. Мөн тус эмнэлгийн хамт олон хорт хавдрыг 75 хувь илрүүлэх шинэхэн компьютер томографын аппараттай болжээ.
“Мөрөөдөл минь ажил хэрэг болж, өнөөдөр биелж байгаад баяртай байна. Учир нь манай эмнэлэг долоо хоногт дунджаар 30-40 хүнд хавдрын яаралтай тусламжийг үзүүлдэг. Энэ бүх хүмүүстээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэхээр тусгай тасаг байхгүй эмнэлгийн коридорт хүртэл хэвтэн эмчилдэг байсан. Харин өнөөдөр яаралтай тусламжийн шинэ тасагтай болсноор олон хүнд зэрэг эмчилгээ хийж, амийг нь аврах боломжтой юм. Харин компьютер томографын аппаратын хувьд айл бүр хүнсээ хадгалах хөргөгчтэй байдаг шиг эмнэлэг бүрт энэ аппарат хэрэгтэй. Ингэснээр дүрс оношилгоог зөв тогтоож, хавдрын эмчилгээг хийх нь маш чухал. Олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд 2015 оноос хойш хөөцөлдөж, аппараттай боллоо” гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн эмч ярилаа.
Тус эмнэлгийн хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг өмнө нь нэг эмч, хоёр ортойгоор үзүүлж байсан бол одоо нийт 17 ажилтан, зүрх судасны хоёр кабинет, зургаан ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Гэсэн хэдий ч Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал маш их байгаа бөгөөд шинэ тасаг нээгдсэнээр ачааллын 15-20 хувиар л буурна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.
Хорт хавдраар өвдөж буй хүн амын 90 хувь нь 45-59 насныхан байгаа аж. Жилд шинээр бүртгэгдэж байгаа хорт хавдрын 80 орчим хувь нь өвчний хожуу үедээ оношлогдож байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд дурдаж байлаа. Тухайлбал, элэгний хорт хавдар нийт хорт хавдрын нас баралтын 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг байна.
Эрт илрүүлэгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл нас баралтыг жилд 2.7 хувиар, 2030 он гэхэд 35 хувиар бууруулах боломжтой гэнэ. Хавдрыг эрт илрүүлэх нэгэн томоохон дэвшил нь тус төвд шинээр суурилагдаж буй 2.2 тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй, компьютер томографын аппарат юм. Уг аппарат нь нэг удаагийн эргэлтээр 80 зүслэгт зураг авах өндөр хүчин чадалтай бөгөөд өдөрт 30-50 тодосгогч бодистой болон бодисгүй шинжилгээ хийх юм байна.
А.Сүрэн