Хятадад хүүхдийн цогцосноос эмийн бэлдмэл гарган авч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Хятадад хүүхдийн цогцосноос эмийн бэлдмэл гарган авч байна

Солонгосын SBS телевизийн баримтат киноны баг Хятадын эмийн компаниуд нярай хүүхдийн цогцсоор хүний биеийн дархлаа сэргээх бэлдмэл хийж, худалдаж байгаа явдлыг илрүүлжээ.

Доорх зураг дээр худалдаанд гаргахад бэлэн болсон биеийн дархлааг сайжруулах хүүхдийн цогцосны нунтаг капсулыг харуулж байна. 

Хятадын эмнэлгүүд, үр хөндөлт хийдэг клиникүүд энэхүү бизнестэй шууд холбоотой бөгөөд аборт хийж авсан хүүхдүүд болон төрөөд эндсэн хүүхдүүдийн цогцсоор эмийн үйлдвэрүүд хүч тамир сэргээгч бэлдмэлийг хийдэг аж. Эмийн компаниуд эхлээд эмнэлгүүдээс хүүхдийн цогцсыг худалдаж аваад, бусдад хардалт сэрдлэг төрүүлэхгүйн үүднээс энгийн айлд байдаг шиг хөргөгчинд хадгалдаг байна. Улмаар хамгийн нууц үе шат буюу цогцсыг эмнэлгийн аргаар хэт богино долгионы зууханд хатаасны дараа буталж нухаад бэлдмэлийнхээ тунг тааруулдаг аж. Ингээд нунтагласан цогцсоо капсул болгон савлаад хүч тэнхээ сэргээгч хэмээн нэрлэж, худалдаанд гаргадаг байна. 

Өмнөд Солонгосын баримтат киноны баг уг бэлдмэлийг ДНК-ийн шинжилгээнд өгөхөд хариу нь бэлдмэлийн 99,7 хувь нь хүний биеийн хэсэг болох нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ бэлдмэлээс хүүхдийн үс, хумсны хэлтэрхий хүртэл илэрсэн бөгөөд тэдгээрийг дахин шинжилж тухайн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой ажээ.

Энэ тухай баримтат кино Өмнөд Солонгосын SBS телевизээр наймдугаар сарын 6-ны өдөр гарсан бөгөөд баримтат кинонд хүүхдийн цогцосноос эмийн бэлдмэл гарган авч борлуулдаг бизнесийн сүлжээ Хятад, Өмнөд Солонгосын хооронд тавигдаад байгааг үзүүлсэн байна. Үүний хажуугаар Хятадад хатаасан эхэс эмнэлгийн ажилтнуудын дунд түгээмэл бизнес болсон байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж