Шатахууны үнэ нэмэгдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдсэн үү?

Шатахууны үнэ нэмэгдсэн үү?

Шатахууны үнэ нэмэгдсэн, А-92 шатахуун хомсдолтой байгаа талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Үүнтэй холбогдуулан шатахууны үнэ болон нөөцийн талаар сурвалжиллаа.

Шатахууны үнэ нэмэгдээгүй ч А-92 шатахууны нөөц бага байгаа талаар импортлогчид онцолж байлаа. Учир нь ОХУ-ын талаас арваннэгдүгээр сард Монгол Улсад импортлох хэмжээгээ бууруулснаар шатахуун импортлогч компаниуд нөөц багатай байгаа гэдгийг хэлэв. Зарим компани үнээ 20 төгрөгөөр нэмсэн бол зарим компаниуд үнэ нэмэхгүй нөөцдөө тааруулж, борлуулалт хийж байгаа гэлээ.

“Тэс петролиум”-аас бусад нь үнэ нэмээгүй, гэвч

Шатахууны импортлогч гол нэрийн компаниудын зүгээс шатахууны үнэ нэмээгүй байгааг албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Петровис, Жаст ойл, Шунхлай, Содмонгол, Синчи ойл,  Магнай трейд зэрэг компаниуд А-92 шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байна. Бид энэ талаар дээрх компаниудтай холбогдохоос гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим шатахуун түгээх станцуудаар явж, судалсан юм. Баянгол дүүрэг Зурагт руу өгсөх замын хажуугийн “Петровис”-ийн  түгээгчийн хэлснээр А-92 шатахууны үнэ нэмэгдээгүй. Жолооч нар үнэ нэмсэн үү гэж их асууж байна. Манайх шатахууны үнээ нэмээгүй, нөөц ч боломжийн байгаа гэсэн тайлбар өгсөн юм. Бусад шатахуун түгээх станцуудын хувьд ч А-92 шатахууныг 1630 төгрөгөөр худалдаалж байгаа гэдгийг хэлж байлаа. Харин арваннэгдүгээр сард шатахууны импортыг ОХУ-ын талаас багасгасантай холбогдуулан “Магнай трейд” ХХК-ний шатахуун түгээх станцууд өдөрт тодорхой лимиттэй худалдаалж байгаа гэлээ. “Тэс  петролиум” компани А-92 1650 төгрөгөөр худалдаалж байлаа. Энэ талаар тус компанийн Баянбүрд салбараас тодруулахад “Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. “Тэс петролиум” ХХК зарим салбаруудынхаа үйл ажиллагааг зогсоож, цөөхөн салбаруудаараа шатахуун борлуулж байгаа, ингэхдээ үнээ нэмж байгаа гэнэ.

“Тэс петролиум” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Батчулуун:

-Ер нь сүүлийн хэдэн сар шатахуун импортлогч компаниуд үнэ нэмэхгүй байх бодлого баримталж байгаа ч алдагдалтай ажиллаж байна. Тиймээс үнийн зөвлөл хуралдаж, тодорхой шийдвэр гаргах байх. Үнийн зөвлөл шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө. Харин манай компани А- 92 1650 төгрөгөөр худалдаалж байгаа нь бусад шатахуун түгээх станцуудаас 20 төгрөгөөр илүү. Гэхдээ манайхаар үйлчлүүлэгчдийн 95 хувь нь Тэс картаар үйлчлүүлдэг. Тэс картаар үйлчлүүлж байгаа жолооч нар 1600 төгрөгөөр нэг литр шатахуун худалдаж авч байна. Шатахуун түгээж буй компаниудын аль нь хямд үнэтэй байна вэ гэдэг нь тодорхой болох байх. Бусад мэдээллийн үнийн зөвлөлийн шийдвэр гарсны дараа өгнө.

Тайлбар: Шатахууны үнэ /2017.12.27/

№    

Шатахуун импортлогч   компани

Борлуулалтын үнэ

1

“Магнай трейд”

1630

2

“Содмонгол групп”

1630

3

“Шунхлай”

1630

4

“Петровис”

1630

5

“М-Ойл” групп

1630

6

“Жаст ойл”

1630

7

Синчи ойл

1620

8

Тэс петролиум

1650

 

Төр үнэ нэмэхгүй байх бодлого баримтална

Засгийн газар ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард долоон төрлийн татвар нэмэх шийдвэр гарсан. Түүний нэг нь шатахууны онцгой албан татвар нэмэх. Өнгөрсөн долдугаар сарын 1-ээс эхлэн шатахууны онцгой албан татварыг нэмэхээр болсон ч шатахууныг үнийг нэмэхгүй байх бодлогыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Засгийн газраас баримталж буй. Гэвч хамгийн сүүлийн шийдвэрээр шатахууны онцгой албан татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нэмэхээр яригдаж буй. Ингэхдээ шатахууны үнийг огцом нэмэхгүй, иргэдэд дарамт учруулахгүй байхаар хэрхэн зохицуулах вэ шатахууны үнэ тодорхойлох үнийн зөвлөлтэй ярилцаж шийдэх юм байна. Гэхдээ төр үнэ нэмэхгүй байх бодлогоо хадгалж үлдэнэ гэсэн тайлбарыг өглөө.

Үнийн зөвлөл хуралдана

Шатахууны үнэ нэмэх эсэхийг үнийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл гэж бий. Энэ зөвлөл маргааш /2017.12.28/ хуралдах сурагтай байна. Тус зөвлөлөөс  шатахууны үнэ нэмэх, хэдэн төгрөгөөр нэмэхийг тогтоодог юм байна. Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалдаг бол нарийн бичгээр нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг юм байна. Харин гишүүдэд Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж