Пак Гын Хэ шоронд байцаалт өгөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ шоронд байцаалт өгөхөөс татгалзав

Пак Гын Хэ шоронд байцаалт өгөхөөс татгалзав

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ тагнуулын байгууллагаас их хэмжээний мөнгө авсан хэргийн талаар байцаалт өгөхөөс татгалзжээ.

Сөүлийн тойргийн прокурорын газрын ахлах прокурор Ян Сүк-жо гурван мөрдөгчийн хамт байцаалт авахаар өчигдөр /2017.12.26/ өглөө 08.30 цагт Пак Гын Хэгийн саатуулагдаж буй хорих төвд очсон байна. Авлигын хэргээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хоригдож буй экс-ерөнхийлөгч уулзалтын өрөөнд прокурор, мөрдөн байцаагч нартай уулзахыг зөвшөөрсөн ч нэг ч асуултад хариулаагүй аж.

“Бид Пак хатагтайгаас хамтран ажиллахыг нэг бус удаа гуйж, хүссэн. Гэвч тэр байр сууриасаа огтхон ч ганхаагүй. Цаашид ч түүнээс байцаалт авна гэдэг хүнд хэрэг бололтой. Хуулийн дагуу түүнийг хүчлэх эрх бидэнд байхгүй” гэж мөрдөн байцаагч нь хэлжээ. Нэгэнт байцаалт өгөхөөс татгалзаж буй учир байцаалтгүйгээр түүнд ял тулгах бололтой.

Пак Гын Хэг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд буюу 2013-2016 оны дунд үе хүртэлх хугацаанд Үндэсний тагнуулын албанаас нийт дөрвөн тэрбум вон /3.7 сая ам.доллар/ хууль бусаар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулан түүний кабинетэд ажиллаж байсан Ан Бон-гюн, И Жэ-ман нарыг саатуулсан. Тэд хэргийн талаар мэдэхгүй, гагцхүү Пак Гын Хэгийн даалгавраар Үндэсний тагнуулын албанаас өгсөн дугтуйг экс-ерөнхийлөгчид хүргэж өгсөн гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн дугтуй дотор юу байсныг ч мэдээгүй гэжээ.

Хэргийг мөрдөн шалгах явцад Пак Гын Хэ тагнуулын албанаас авсан мөнгөний тодорхой хувийг хувийн хэрэгцээнд зарцуулсныг нотлох баримт олсон байна. Нийтдээ дөрвөн тэрбум воныг “хар төсөв” гэгддэг Үндэсний тагнуулын газрын тусгай үйл ажиллагааны төсвөөс гаргасан аж. Үүнийг тагнуулын албаныхан ямар нэг данс тооцоо хөтлөлгүйгээр тусгай ажиллагаанд шууд зарцуулах эрхтэй байдаг гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж