Улаан асрын зүүд (3-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (3-р бүлэг)

Улаан асрын зүүд (3-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Гуравдугаар бүлэг

ХАДАМ АХДАА РҮ ХАЙ ГЭРИЙН БАГШАА НОТОЛЖ, ХАЛУУН ЭЛГЭНДЭЭ ЖЯ МҮ ӨНЧИН ЗЭЭГЭЭ ТЭВРЭВ

Юй Цүнь яаран эргэж харвал урьд хамт алба хааж яваад адил хэргээр зэрэг жинсээ авахуулсан Жан Рүгуй зогсож байлаа. Энэ бол эндхийн хүн. Ажлаас бууж зэргээ авахуулснаас хойш гэртээ сууж байгаа бөгөөд харин энэ зуур нийслэл хотноо хааны зөвшөөрлөөр хуучин түшмэдийг ажилд эргүүлэн авч болох мэдээ сонсоод, алдсан зэргээ сэргээхээр тал тохой татаж, арга зам эрэн гүйсээр яваад гэнэтхэн Юй Цүньтэй мэндэлсний дараа Жан Рүгуй сонссоноо шууд түүнд хэлэв. Цаадах нь баярлаад, хальт мөлт хэдэн үг солиод гэр рүүгээ явав. Лэн Зишин энэ мэдээг сонсмогц арга сүвэгчилж, Юй Цүнийг Линь Рүхайг эрж олоод түүгээр дамжуулан нийслэлийн зурганы Жя Жэнд хэлж гуйлга гэж зөвлөв. Юй Цүнь ч түүний санааг мэдээд, сургуулийн гэртээ ирээд, ордноос уламжлуулсан хуулбарыг1 эрж олоод лав үнэн болохыг мэдэв. Маргааш нь Линь Рүхайтай уулзан зөвлөлдөхөд түүний хэлсэн нь “Тэнгэр ивээжээ. Гэргий минь өнгөрсөн учир нийслэлд байгаа хадам ээж, бяцхан охинд минь хань түшиг болох хүнгүй болохоор дэргэдээ авъя гээд хоёр онгоц явуулсан юм. Бяцхан охины бие бүрэн илааршаагүй байсан учир одоо хүртэл явж чадаагүй байлаа. Охиноо нийслэлд хүргэе гэж санаж байна. Угаас таны заан сургасан ачийг хариулж чадаагүй байсан тул ийм завшаан тохиолдсон дээр хүчлэн чармайж ач талыг тань хариулахгүй ёс яаж байж болох вэ. Би нэгэнт урьдчилан бэлтгэж, нэг дугтуй өргөн батлах бичиг хийж, хадам ахад эрхбиш харгалзан тэтгэтүгэй хэмээн найдлаа. Ийн болбоос сая дүү чиний төлөө сэтгэл юүгээн гүйцэтгэсэн төдий болно. Таны зардал, хэрэгслийг би бас хадамд бичсэн захидалдаа тодорхой хэлнээ. Тийм учир эрхэм ах та зовох учиргүй” гэв.

Юй Цүнь баярлаад гар атган байж дахин талархаад “Эрхэм садны их хүн, одоо ямар тушаалд байхыг мэдэхгүй тул ядуу би хайш яйш очвол аймшиггүй бараадаж чадахгүй болох байхаа” гэж асуусанд Рүхай инээгээд: “Миний хадмыг хэлбээс эрхэм ахтантай нэг овогтон бөгөөд Рун гүний ач бөлгөө. Их хадам ах болбоос одоо дээд жанжны тушаалд бий. Нэр Шө. Өргөсөн нэр нь Эн Хөү гэнэ. Хоёрдугаар хадам ахын нэр Жэн. Өргөсөн нэр нь Цүнь Жөү. Одоо үйлдэх явдлын яам2-ны туслах түшмэлийн тушаалд бий. Энэ хүн бол өвгийн суртлыг их авсан даруу хичээнгүй, шударга чигч зантай бөгөөд салан задгай, хөнгөн хуумгай хүн биш. Тийм учраас би захидал бичиж найдаж байгаа юмаа. Тийм хүн биш бол эрхэм ахын ариун сурталд гутамшиг болох мөртөө дүү чинь би бас хөнгөн хуумгайд орно оо” гэж хэлэв. Энэ бүхнийг сонсоод Юй Цүнь сая л Лөн Шиний өчигдөр хэлсэн үгийг итгэж, Линь Рүхайд дахиад талархав. Цаадах нь хариу хэлэхдээ “Ирэх сарын Шинийн 2-ныг сонгож бяцхан охиныг нийслэлд хүргэх гэж байгаа. Эрхэм ах та, зам хамтатган явбал хэн алиндаа дөхөм бишүү” гэхэд нь Юй Цүнь дотроо ихэд баярлав. Рүхай бэлэг сэлэг авах,үдэж мордуулах бэлтгэлийг бүрэн базааж өгсөнд Юй Цүнь нэгэд нэгэнгүй гардан авлаа.

Тэдний охин сурагч болбоос эцгээсээ салан ядаж байсан боловч нагац эмээ нь заавал аваачих гэсэн бөгөөд Рүхай бас “Эцэг би чинь нэгэнт тавин нас хэтрээд дахиж айл болох санаагүй. Чиний бие бас өвчин эмгэгтэй, нас бага дээрээ сургаж хүмүүжүүлэх эхгүй, доороо өргөж тэтгэх эгч дүүгүй учир одоо явж нагац эмээ, нагац эгч дүү нараа түшиж суувал миний сэтгэлийн зовлонг нимгэлнэ. Юунд явахгүй гэж байгаа юм бэ” гэж хэлснийг Дай Юй сонсоод баахан нулимс асгаруулав. Түүнээс хойш төдий л удалгүй охин салах ёс гүйцэтгэж хөхүүлэх ба Рун фү-гээс ирүүлсэн хэдэн эмгэний хамт онгоцонд суув. Юй Цүнь өөр онгоцонд сууж, хоёр зарц хүүхдийн хамт Дай Юйг дагаж явав.

Нийслэл хотод очсоны дараа Юй Цүнь малгай дээлээ засаж, зарц хөвгүүнээ дагуулж “Төрлийн хөвгүүний нэрийн бичээсийг”3 авч Рун фүгийн үүдэнд хүрч очив. Жя Жэн нэгэнт дүү хүргэнийхээ захиаг үзсэн тул түүнийг яаран залж оруулан ярилцав. Харваас Юй Цүнь цоглог, үг яриа нь ч эгэл биш байжээ. Энэ Жя Жөн бол бичгийн хүнийг дотночилдог, эрдэм номтой хүнийг хүндэтгэдэг, ядуу хүнийг өргөн тэтгэх талаар өвгийнхөө суртлыг их авсан хүн бөгөөд үүний хажуугаар Юй Цүнийг хүргэн дүү нь захиж найдсан тул бусдаас илүү хүндэтгэн үзэж бүх чадлаараа дэмжиж, хаан эзэнд айлтгаж байгаад угийн тушаалыг нь дахин олгов. Тийнхүү Юй Цүнь арай хоёр сар бололгүй Жин Лингийн Ин Тянь Фүд4 тушаал олж, Жя Жэнтэй салах ёсыг гүйцэтгээд, сайн өдөр сонгож тушаалдаа орохоор явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Тэр өдөр Дай Юй онгоцноос буух үед Рун фүгийн явуулсан сүйх тэрэг, орны хэрэгсэл ачих хасаг тэрэг ирээд хүлээж байв. Түүний нагац эмээгийн гэр бол бусдын гэртэй адилгүй гэдгийг Дай Юй ээжээсээ дуулсан байжээ. Ойрын хэдэн өдөр тэрбээр хэдэн бохицуулын5 идэж, өмсөх, ажиллаж барихыг нь хараад л эгэл бишийг нь мэджээ. Нэгэнт тэднийд ирсэн учраас алхам бүрдээ анхаарч цаг ямагт сэтгэл тавин, илүү дэлүү нэг ч үг хэлэхгүй, илүү нэг ч алхахгүй. Хэрэв тэгэхгүй бол хүний элэг доог болно гэж боджээ. Тэрбээр сүйхэнд сууж хот ороод, сиймхий цонхоор гадагш харвал гудамжны хөгжөөн, хүн амьтны олон нь өөрийн мэдэх газартайгаа адилтгахын аргагүй ажээ. Бас цааш нэлээд яваад харвал, гудамжны хойт үзүүрт гаднаа хоёр чулуун арслантай, үүдэндээ араатны толгойтой гурван жан их хаалга харагдав. Хаалганы гадаа гоё сайхан дээл, малгай өмссөн арваад хүн зэрэгцэн гол хаалгыг дарж суусан учир хоёр талын хаалгаар нь хүн орж гарч байв. Гол хаалганы дээд талд “Өргөмжлөлөөр байгуулсан төр төвшитгөгч ордон Нин фү” гэсэн бичиг өлгөжээ. Түүнийг хараад Дай Юй “Энэ нагац элэнцийн ахмад хөвгүүний салбар” байх нь гэж бодоод цааш баруун тийшээ дэмий хол яваагүй байтал түрүүнийхтэй мөн адилхан гурван жан хаалга харагдав. Энэ бол “Төрийг бадруулагч ордон Рун фү” ажээ. Гол хаалгаар нь оролгүй баруунаар нь оров.

Тэгээд сүйх төдий л хол явсангүй муруй замд хүрч зогссонд, ар талд байсан эмгэд, шивэгчингүүд буув. Нүд хөмсгөөр цэвэрхэн сайхан төрсөн арван долоо найман насны дөрвөн зарц хөвгүүн ирж сүйхийг сольж дамнаад явахад хүмүүс араас нь дагав. Тэд цоморлигийн унжлагат хаалганы өмнө сүйхээ газар тавиад явсны дараа эмгэд сүйхний орхиул уяаг сөхөж, Дай Юйг түшиж буулгав. Тэрбээр шивэгчнээр түшүүлж буугаад цоморлигийн унжлагат хаалгаар орж үзвэл, саравчин хонгилтой, гол дунд нь доголтой байшин, байшингийн голд хүрэн зандан хүрээтэй, гантиг чулуун халхавч тавьжээ. Халхавчийг өнгөрвөл гурван тасалгаатай танхим байна. Түүний ар талд гол байшингийн их хүрээ байна. Таван тасалгаатай тэр байшин нь сийлмэл нуруу, шахмал тоосготой бөгөөд хоёр талын хөндлөн байшинг гол байшингийн хаяанаас эргэх саравчин хонгилоор холбож, түүний дээр уран тоть, улаан цэгцүүхэй зэрэг элдэв өнгийн шувуу, болжморын чингэлгийг өлгөжээ. Саравчинд сууцгааж байсан улаан ногооныг өмссөн шивэгчин охид тэднийг хараад инээлдэн ирээд “Буурай Тайтай саяхан дурсаж байсан билээ. Одоо бүгд хүрээд ирчихлээ” гэж санд мэнд орхиулыг өргөөд “Линь авхай ирлээ” гэцгээв.

Дай Юйг дотогш ортол, хоёр хүн нэгэн мөнгөн буурал гэзэгтэй эмгэнийг түшсээр угтан ирэв. Түүнийг хармагц Дай Юй нагац эмээгээ мөн гэж бодоод, мөргөн золгохыг завдтал эмээ урьтаж, түүнийг элгэндээ тэврээд “Элэг зүрх минь” гэж чанга хэлээд уйлав. Түүнийг түшиж байсан хүмүүс ч уйлтал Дай Юй ч тэсч ядан уйлав. Олон хүн тэднийг аажмаар тайтгаруулсаар байтал Дай Юй нагац эмээтэйгээ золгов. Жя Мү тэр олон хүнийг Дай Юйд танилцуулж “Энэ бол чиний их нагац эх, энэ бол хоёрдох нагац эх, энэ бол чиний талийгч Жя Жу ахын чинь бэргэн Жу” гэж танилцуулсанд9 Дай Юй тус бүрийн амрыг эрж мэндлэв. Жя Мү бас охидыг дуудаад, энэ өдөр холын зочин ирсэн тул сургуульдаа явахгүй байж болно гэсэнд, олон хүн “за” гэсний дараа хоёр хүн гарч одов. Төдөлгүй, гурван хөхүүлэх, тав зургаан шивэгчин охин, гурван хүүхэн ирэв. Түрүүлж ирсэн нэг нь, мариалаг биетэй, булбарайхан хацартай, цэвэрхэн хамартай, амарлингуй дөлгөөн байдал нь, элэгсэг хүний төлөвтэй. Дараачийнх нь өндөр нарийхан биетэй, унжгар шувтан мөртэй, өндгөн хөөрхөн хацартай, жирвийсэн нарийхан хөмсөгтэй, жавхлан төгс нүдний нь тормолзохыг үзвэл, бичиг эрдэм, билиг ухаан бүрдсэн хүний шинжтэй. Гуравдах нь, бие гүйцээгүй, байдал нялхамсаг бөлгөө. Гурвууланг нь засал зүйдэл, дээл хувцас нь цөм адилхан. Дай Юй яаран босож угтан мэндэлж танилцаад суумагц, шивэгчин охин цай авчирч барив. Тэгээд Дай Юйн эх нь ямар өвчтэй болсон, яаж эмч залж ямар эм уулгасан, яаж чандрыг нь оршуулсан зэргийг ярихад Жя Мү бас тэсгэлгүй элэг зүрх нь эмтэрсэн янзтай “Эдгээр охидын дотроос ганцхан чиний эхийг би онцгой хайрладаг байсан. Гэтэл надаас урьтаад нас барж дахиж уулзахгүй болсон тул би яаж зүрх шимшрэхгүй байж чадах вэ” гээд Дай Юйн гарыг атгаад дахин уйлав. Олон хүн тал талаас нь ятган тайвшруулав. Тэр хүмүүс, Дай Юйн нас бага боловч явж суух, хэлж ярих нь ер бус, бие байдал, зүс царай нь цонхигор ядруу боловч бас үзэсгэлэн хээнцрийн шинж бүрдсэнийг үзээд, түүнд төрөлхийн тамир тэнхээ дутагдсан өвчин байхыг мэдэцгээж байнга л “Ямар эм уудаг вэ, яагаад засаж эдгэрүүлээгүй вэ” гэж асуув. Дай Юй өчихдөө, би бүр багаасаа ийм болсон юмаа. Хоолонд орсон цагаасаа л эм ууж, хэчнээн сайн эмчээр үзүүлсэн боловч ердөө илааршихгүй байгаа юм. Миний мэдэж байгаагаар, намайг гурван настай байхад, нэг хожгор хуушаан манайд ирж, намайг аваачъя гэсэнд ээж аав зөвшөөрөөгүй юм. Тэгэхээр тэр хуушаан “Та нар үүнийг өгөхгүй бол өвчин нь энэ насандаа эдгэрэхэд бэрх болно. Сайн болгоё гэвэл, үүнээс хойш уйлах дууг нь огт сонсголгүй, эцэг эхээс өөр төрөл садантай учруулалгүй, хөл цээр чанд тогтоовол, сая энэ насандаа мэнд явж чадна” гэжээ. Түүний хэлснийг дэмий балай үг гээд хэн ч ойшоосонгүй. Одоо бас орхоодойгоор найруулсан биеийн тэжээлийн үрэл ууж байгаа гэсэнд, Жя Мү сонсоод “Энэ яг таарчихжээ. Манайд бас яг ийм үрэл найруулж байна. Илүү нэг хувь найруулбал болноо” гэв. Тэгтэл гэнэт хэн нэгний хөхрөх дуун гарч “Би хожимджээ. Холын зочныг угтаж амжсангүй” гэх сонсогдов. Дай Юй гайхан “Энэ хүмүүс цөм амьсгалаа дарж нам төвлүүн байхад, ирж буй энэ хүн хэн болоод тавьтаргүйтэн ёс бус аашилна вэ” гэж бодож байтал хойд өргөөнөөс барияад6 шивэгчид нэгэн гоо сайхан хүнийг түшсээр оруулж ирэв. Энэ хүний засаж чимсэнийг үзвэл хүүхнүүдтэй адилгүй, өнгө бүрийн засал зүйдлээс нь гэрэл гялбаа цацарч байх нь хувилгаан дагина гэлтэй. Тэр хүн, толгойдоо алтан утсанд сувд, тана найман эрдэнийг хэлхсэн магнайвч зүүж, сувдан унжлагыг амандаа зууж, наранд дүүлсэн таван гардийн хатгуур хатгаад, хүзүүндээ шижир алтан луу ороосон шүр оюун сондор зүүж, алтан эрвээхэй бүжиглэсэн улаан магнаг дээл өмсөөд гадуураа хоргой торгон гадартай хэрмэн арьсан дотортой зувцаа хүрэм давхарлаад, огторгуйн номин өнгөтэй, цацмал цэцэгтэй, дурдан хормойвч бүсэлсэн бөгөөд улаан гардийн гурвалжин нүдтэй, уд модны навчин уран хөмсөгтэй, гуналзсан нарийхан нуруутай, гувай цэвэрхэн биетэй агаад чавган улаан уруул нь хөдлөлгүй инээхэд, цав цагаан царайд нь цуурайлагч шинж нуугджээ. Дай Юй яаран босож угтан авахад, Жя Мү инээж “Чи үүнийг танихгүй. Манай эндхийн нэртэй түшиг тулгуур болох амьтан. Чи үүнийг түрэмгий Фөн гэж дуудсан ч болно гэв. Дай Юй чухам яаж дуудахаа мэдэхгүй түгдрэхэд, олон эгч нар нь түүнд “Энэ бол Лянь бэргэн” гэж танилцуулав. Дай Юй хэдийгээр урьд нь үзээгүй боловч их нагац Жя Шөгийн хөвгүүн Жя Лянь бол хоёрдугаар нагац эх Ван Фү Руний төрхмийн ач охиныг гуйсан бөгөөд тэр охиныг бол багаас нь хөвгүүний янзаар сургаж, нэрийг нь Ван Шифөн гэдэг юм гэж ээжээсээ сонсож байжээ. Тийнхүү Дай Юй санд мэнд ёсолж инээн: “Бэргэн” гэж дуудав. Ши Фөн Дай Юйн гарыг атгаж, оройноос нь өлмийг хүртэл хяламхийн хараад, Жя Му-гийн дэргэд аваачиж суулгаад инээн:

-Дэлхий дээр ийм үнэн сайхан хүн байдаг юмаа. Би ч анх удаа л олж үзлээ. Энэ биеийн төлөв байдлыг үзвэл, эмэг ээжийн зээ биш, харин төрсөн охин нь гэлтэй байна. Буурай эмээ өдөр болгон ам хуурайгүй дурсдаг нь буруу биш юм. Гагцхүү хөөрхийлөлтэй нь, одоо энэ дүү яасан их зовлонтой вэ. Нагац эгч минь яагаад энэ үед үгүй болов доо гээд хадгаар нулимсаа арчив. Жя Мү инээж “за би болилоо, чи ч ирлээ. Охин дүү чинь холоос ядарч ирээд бие нь бас тааруу. Бид бас юм яриулахгүй байгаа. Чи олон юм битгий яриарай” гэсэнд Ши Фөн инээмсэглэж: “би охин дүүгээ үзэн, сэтгэл тийш татагдаад баярлаж бас зовонгуйрсаар байгаад харин буурай эмээгээ хайхарсангүй. Энэ буруу шүү” гэснээ Дай Юйгийн гарыг дахин атгаж: “Охин дүү минь одоо хэд хүрч байна, сургуульд орсон уу, ямар эм ууж байна вэ. Энд ирээд гэрээ битгий санаарай даа. Юу идэх, яаж тоглохоо надад хэлж байгаарай. Шивэгчин охин, зарц эмгэд муу байвал бас хэлээрэй” гэсэнд, Дай Юй толгой дохин зөвшөөрөв. Ши Фөн бас хэн нэгнийг харж: “Линь авхайн юм хумыг оруулсан уу. Хэдэн хүн дагуулж ирсэн юм бэ” гэж асуугаад, та нар явж хоёр өрөө байшин цэвэрлэж эднийг оруулж амсхийлгэ гэж тушаав.

Энэ зуур цай, жимс авчирч ширээнд өрөхөд Ши Фөн гардан авч зочноо хүндлэн дайлав. Энэ үед Ван Фүрэнь, Ши Фөнгээс: “Сарын зоосыг бүрэн тавив уу” гэж асуухад: “Тавьсаан. Сая хүн дагуулж хойт байшинд очиж Тайтайгийн өчигдөр хэлсэн торгыг эрээд олсонгүй. Бодвол Тайтай эндүүрсэн байхаа” гэж хариулав. Ван ФүРэнь: “Байх, байхгүй ямар хамаа байхав” гээд, бэлэн байгаа торгоноосоо охин дүүдээ хувцас хийлгэж өгөөрэй. Орой санаж байгаад авчруул гэсэнд Ши Фөн: “Би харин санаж байсаан. Охин дүүг энэ хоёр өдөрт багтаж ирнэ гээд бэлтгэж байсан юм. Тайтай хариад үзчихвэл даруй эргүүлж авчирна” гэсэнд Ван Фүрэнь инээгээд толгой дохив.

Цай, жимсийг хураасны дараа Жя Мү хоёр хөхүүл эхийг дуудаж: “Дай Юйг аваачиж, хоёр нагацтай нь уулзуул” гэв. Энэ үед Жя Шэгийн эхнэр Шин Фүрэнь босож инээн: “Би зээ охиноо эхлээд гэртээ аваачмаар байна” гэсэнд цаадах нь хариу инээж: “Нээрэн тийм шүү. Ер нь чи яваад, эргэж ирэх хэрэггүй” гэлээ. Тэгээд Шин Фүрэнь, охиныг дагуулан гарахад бүгд гудамд хүртэл гаргаж өгөв. Цоморлиг унжлагат хаалганы өмнө зарц нар, ногоон бүрхүүлтэй өнгөлөн будсан хасаг тэргийг авчраад зэхчихсэн байжээ. Шин Фүрэнь, Дай Юйг аваад тэргэнд суусан хойно олон эмгэн тэрэгний орхиулыг буулгав. Зарц хөвгүүд тэргийг дамнан зайтай газар авчирсны дараа нэгэн сурамгай луусанд хөллөж баруун талын хаалгаар гараад зүүн тийш эргэн Рун фүгийн гол хаалгыг өнгөрөн том хар хаалгаар ороод ёслолын хаалганд тулмагц тэрэгнээсээ бууцгаав. Шин Фүрэнь, Дай Юйгийн гараас хөтлөөд хашаанд оров. Дай Юй орчныг ажиглан хараад, үүнийг лав Рун фүгийн цэцгийн хүрээлэнгээс зааглан тасалж авсан бололтой хэмээн бодсоор гурван давхрын ёслолын хаалгаар орвол голын болон хажуугийн байшин, саравч зэрэг нь тийм сүрлэг биш авсаархан тохилог сайхан санагдана. Хашаан доторх мод чулуу ч үзэмжтэй сайхан харагдана. Голын байшинд орвол, олон өнгийн хувцас, чимэглэлтэй татвар эмс, шивэгчин охид угтан тосов. Шин Фүрэнь, Дай Юйг оруулж суулгаад хүн явуулж гадаах бичгийн өрөөнөөс Жя Шөг залуулав. Тэрбээр төдхөн ирж мэндлээд: “Лао е ингэж хэллээ. Хэдэн өдөр бие муу байна. Охинтой уулзвал аль аль маань элэг эмтэрнэ. Энэ удаад би уулзаж чадахгүй нь ээ. Охиныг гэрээ битгий санаад бай. Эмээ болон нагац эхчүүлтэйгээ хамт байхад гэртээ байгаатай адилаа. Эгч, дүү нар чинь хэдий бүдүүлэг боловч хамтдаа хань болж байвал уйтгар бухимдалгүй байж болноо. Хэрэвзээ, санаанд нийцэхгүй юм байвал, хамаагүй хэлж бай. Битгий эрээл” гэж хэлүүллээ.

Дай Юй ухасхийн босож зогсоод, түүний үгийг хичээнгүйлэн сонсов. Жаахан сууж байгаад “Явъя” гэсэнд Шин Фүрэнь: “Заавал будаа идүүлнэ” гэв. Дай Юй инээж: “Нагац эхийн хайрласан хишгийг чухамдаа хүртэхгүй байх ёсгүй. Гэтэл хоёрдугаар нагацад бараалхах тул оройтвол ёс алдана. Хожим дахин ирэх учир тэгэхдээ л хүртье. Нагац эх уучлах болов уу” гэсэнд Шин Фүрэнь: “За тийм бол яахав” гээд хөхүүлэх хоёр эмгэнийг дуудаж, түрүүчийн тэргээр хүргэж өг гэж хэлэв. Дай Юй салах ёс хийгээд гарч ирэхэд нь Шин Фүрэнь, ёслолын хаалга хүртэл үдээд, дагагсдад нь хэдэн үг захиад, тэрэг хөдөлсөн хойно буцаж оров. Төдөлгүй Дай Юй Рун фүгийн хашаанд орж тэрэгнээс буугаад харвал, нэгэн зурвас цардсан зам шууд хаалганы үүдэнд хүрчээ. Олон эмгэн түүнийг дагуулж, зүүн тийш эргээд, жаахан явснаа баруунш эргэж гудам өнгөрөөд урагш эргэж их танхимын ар талд гарвал ёслолын хаалганы дотор их хорго хашаа харагдана. Дунд нь таван тасалгаатай гол байшин, хоёр талаас нь холбож барьсан хөндлөн байшинтай, хажуугийн үүд, давхар саравч, тал тал тийш нэвтрэх сүр үзэмж нь аль ч газрынхаас бүр өөр. Дай Юй, сая л дотоод гол өрөөнд орсноо мэдэв. Танхимд ороод дээш харвал, эсрэг талд хөх дэвсгэр дээр Есөн шижир алтан луу ороолдсон том бичиг үзэгдэж, дээд талд нь хөгжил баясгалант “Рун Шитан” хэмээх гурван том үсэг бичээстэй бөгөөд тэр жил, сар өдрийн төдөнд төр бадруулагч Рун Гуофү гүнд бичиж шагнав гээд хааны хаш тамга дарсан харагдана. Түүний доорх луу сийлсэн хүрэн зандан ширээн дээр хар ногоон өнгөтэй гурван тохой өндөр зэс бойпор тавьж, луу далайд шумбаж байгаа бэхэн зургийг өлгөөд, хоёр талд нь алтан жийжүү цэцэгтэй цөгц болон болор шилэн таваг байрлуулжээ. Доор нь, арван зургаан нарийн агаруу хувинг хос хосоор нь тавиад хоёр талд нь ум зандан ялтас дээр алтан үсгээр хоёр мөр шүлэг шигтгэн өлгөжээ. Түүнд ийн өгүүлжээ.

Тавиур дээрх сувд тана нар сарыг гийгүүлнэ

Танхимын өмнөх угалзан хээ униар мананг татуулна.

Түүний доод талд, нэг мөрийг жижиг үсгээр бичсэн нь: “Сургаалыг хүлээсэн дүү үе улиран зэрэг залгамжилсан зүүнийг амгуулагч Дүн Ан юань Ван Му ши хичээнгүйлэн бичив” гэжээ.

Ван Фүрэнь ерийн цагт бол энэ гол байранд суудаггүй. Харин зүүн талын гурван өрөөнд суудаг ажээ. Тийн учир эмгэд, Дай Юйг зүүн өрөөнд дагуулан очив. Тэр өрөөнд, цонхны дэргэдэх их ханз дээр гал улаан хивс дэвсэж, дунд нь луугийн дүрстэй улаан магнагаар хийсэн түшлэгтэй дэр тавьж, цайвар шар өнгөтэй зоосон цэцэгтэй магнагаар оёсон урт дэвсгэр дэлгэжээ. Түүний хоёр талд, тэргүүлэгч цэцгийн хэлбэртэй будсан бяцхан ширээ тавьж, зүүн талын ширээн дээр Вэнь вангийн гурван хөлтэй бойпор тавьж хажууд нь халбага, савх, хүж, багварыг зэрэгцүүлэн тавиад, баруун талын ширээнд Жу Жөү газрын дуут шаазан тавьж, түүний дотор өнгө өнгийн сайхан цэцэг хатгажээ. Баруун талаар жагсаасан дөрвөн том сандлыг цэцэг хатгасан улбар шар бүтээлгээр бүтээж, доор нь хөлийн гишгүүр тавьжээ. Хоёр талд нь өндөр ширээ тавиад түүн дээр шаазан, цэцгийн лонх өрсөн байна.

Хөхүүл эмгэн, Дай Юйг ханз дээр суу гэв. Ханзны ирмэг дээр давхар хоргой олбог зэрэгцүүлэн тавьсныг үзээд, өөртөө зохихгүйг мэдээд ханзанд гаралгүй, зүүн талын сандалд суув. Шивэгчид цай авчран барихад нь Дай Юй цай ууж, тэдгээр шивэгчингийн хувцас хунар, засал чимэг, хөдөлж барихыг нь ажиглавал бас л бусад газрынхантай адилгүй ажээ. Цай ууж дуусахаас өмнө алтан утсан хээтэй цээживчийн гадуур тасам эмжээртэй хар дурдан хуниастай уужмаг өмссөн нэг шивэгчин охин орж ирээд: “Тайтай, Линь авхайг тэр өрөөнд урьж байна” гэхэд, хөхүүл эмгэн Дай Юйг дагуулж зүүн саравчны гурван тасалгаатай гол байшинд оруулав. Ханзны голд нэгэн ширээг хөндлөн тавиад дээр нь бичиг цаас, омгор амтай аяга мэтийг тавьжээ. Зүүн туурганд наалдуулж, хуучивтар хар торгон өнгөтэй дэрийг баруун тийш харуулж тавиад Ван Фүрэнь хажуугийн нь хуучивтар хар торгон олбог дээр сууж байв. Дай Юйг орж ирэхийг хараад, зүүн талдаа суу гэж хүндэтгэв. Дай Юй энэ бол лав Жя Жэнгийн суудал байх гэж бодоод ахиулан харвал, ханзыг шахаж, бас хуучивтар хатгамал толбот хээн бүрээстэй, зэрэгцүүлэн тавьсан гурван сандал байхаар нь нэгэн дээр нь очоод суув. Ван Фүрэнь түүнийг ханзан дээр гарч суу гэж хэдэнтээ шаардсанд түүний дэргэд очиж суужээ.

-Нагац чинь, өнөөдөр мацаг барихаар7 явжээ. Дараа уулзана. Чамд хэлэх нэг үг байна. Чиний гурван эгч дүүд харин ч бүр зүгээр. Хожим нэг дор бичиг сурч, утас ороох буюу наадаж наргихад хэн алин ч хүртээмжтэй байж чадна. Харин миний сэтгэл зовох нэг зүйл бол надад нэг хэргийн эзэн, нүглийн хөрөнгө бий. Тэр бол манай гэрийн “Түйвээгч тэнгэр” мөн. Өнөөдөр сүмд мөргөхөөр яваад одоо болтол ирээгүй байна. Орой ирэхээр нь чи үзээд л мэднэ. Чи түүнийг битгий ойшоогоорой. Эгч дүү нар чинь цугаараа түүнээс айгаад ойртдоггүй юм гэж Ван Фүрэнь хэлэв.

Дай Юй дээр үед ээж нь миний нэг төрхэмийн хаш үмхэж төрсөн ач хүү бий. Алиа марзан, зөрүүд сөргүү гэдэг нь хачин. Бичиг номд авьяасгүй, ганцхан охид, хүүхнүүдийн байгаа газраар хэсэж наадах дуртай. Нагац эмээ чинь хэтэрхий хайртай тул түүнээс цөмөөр айгаад, үг хэлэх хүнгүй гэж ярьж байхыг сонссон ажээ. Тэгээд Ван Фүрэний яриаг сонсоод, тэр нагацыг нь хэлснийг мэдээд инээд алдаад: “Нагац эхийн хэлж байгаа нь, тэр хаш үмхэж төрсөн нагац ах мөн үү. Намайг гэртээ байхад ээж маань ярьж байсныг санаж байна. Энэ нагац бол надаас нэг насаар ах, багын нэр нь Бао Юй гэнэ. Хэдийгээр алиа дэгжин боловч эгч, дүү нартаа элэгсэг дотно гэсэн. Тэр ч байтугай намайг ирсний дараа яриангүй эгч дүү нар хамт сууж, ах дүү нартай хашаа, орон байр холондоо тул халдаж зөрөлдөх ёс хэрхэн байж болно” гэсэнд, Ван Фүрэнь инээгээд: “Чи учрыг мэдэхгүй байна. Тэр бол хэн хүнтэй адилгүй. Түүнийг багаас нь настай Тайтай энхрийлэн хайрлаад, эгч дүү нартай нь хамт эрх танхи өсгөсөн юм. Хэрэв эгч дүү нар нь түүнийг тоохгүй байвал тэр харин баахан номхон явна. Заримдаа эгч дүүс нь түүнтэй илүү хэдэн үг хэлэлцвэл тэр даруй элдэв хэрэг үүсгэдэг юм. Тийнхүү би чамайг, түүнийг битгий тоо гэж хэлье. Түүний ам гэнэт уран нялуун үг хэлж ухаан учир нь олдохгүй болоод олиг солио ч юм ярина. Юу ч гэж байсан бүү итгэ” гэж хэлэв. Дай Юй түүний үгийг ихэд анхаарав. Энэ үед нэг шивэгчин орж ирээд: “Буурай Тайтайгийн тэнд оройн хоол ид гэж байна” гэв.

Ван Фүрэнь өндөсхийж, Дай Юйн гараас хөтөлж, өрөөний ар үүдээр гарав. Хойд саравчны тэрүүгээр баруунш эргэж хажуугийн хаалгыг өнгөрөн явсаар цардмал замд ортол урд талд нь гурван тасалгаатай танхим харагдав. Цаашилбал шохойдсон хэрэм байна. Тэр дотор нэг байшин харагдахад Ван Фүрэнь заагаад: “Энэ бол чиний Фөн эгчийнх. Эргэж ирэхдээ чи тэднийд очоорой. Ямар ч юм дутагдсан, түүнд хэлэхэд л болно” гэв. Хүрээ рүү харвал үүдэнд нь хэдэн зарц хөвгүүн, гар дэлгэн зогсож байв. Тэр хоёр цааш явж гудмаар өнгөрөөд Жя Мүгийн хойт хашаанд хүрч байшингийн арын үүдээр оров. Энд тэднийг олон хүн хүлээж байв. Тэднийг ирмэгц ширээ сандлыг засаж тавив. Тэгээд Жя Жугийн эхнэр Ли Вань хундага засаж, Ши Фөн савх тавиад Ван Фүрэнь шөл оруулав. Жя Мү голын ор дээр сууж байна. Шифөн түүний хажуугийн дөрвөн сандлын нэгэн дээр Дай Юйг суулгах гэсэнд тэрбээр ёсорхоод суусангүй. Жя Мү инээж: “Чиний нагац эх, бусад бэрүүд чинь миний энд цай ууж, хоол иддэггүй юм. Чи бол зочин учраас энд суух ёстой” гэсэнд охин суув. Жя Мү, Ван Фүрэнийг бас суу гэв. Дараа нь Ин Чүнь эгч дүү гуравт суудал хайрлав. Шивэгчин охид хажууд нь ялааны цохиур, нялбуур алчуур зэргийг барьж, Ли Вань,Фөн Жө хоёр сөн түшиж зочлон дайлав. Гадаах өрөөнд бэр, шивэгчин хэчнээн олон боловч ханиах дуун ч сонсогдохгүй нам гүм ажээ. Хоолны дараа шивэгчин охид, бяцхан таваг дээр тавьсан цай авчирч барив. Урьдын Линь овогтынхон бол хоол нь шингэг гээд нэлээн удсан хойно цай барьдаг заншилтай байжээ. Ингэх нь, дэлүү, ходоодыг гэмтээхгүй гэж сургадаг байв. Одоо бол эндэхийн олон ёс дүрэм нь өөрчлөгдсөн учир бас аргагүйдэж аяыг дагаж цайг тосон авцгаав. Энэ үед бас нэг хүн, зайлуур авчирч тосоход, Дай Юй сая ухааныг нь олж амаа зайлж гараа угаав. Ингэсний дараа бас цай авчирч барив. Энэ бол жинхэнэ уух цай ажээ. Жя Мү:

-Та нар явцгаа! Бид дангаараа жаахан ярилцъя гэсэнд Ван Фүрэнь даруй босож ёсны хэдэн үг хэлээд Ли, Фөн хоёрыг дагуулан одов. Жя Мү Дай Юйгээс: “Ямар ном үзэв” гэсэнд: “Дөрвөн бичиг үзсээн” гээд эргүүлээд: “Эгч дүү нар ямар ном үзэж байна вэ” гэж асуусанд эмээ нь: “Юуны нь ном үзсэн гэх вэ. Ганц нэг үсэг таних төдий” гэв.

Ийн ярилцаж байтал, гадаа хөлийн чимээ гарч шивэгчин охин орж ирээд: “Бао Юй ирлээ” гэв. Түүнийг сонсоод Дай Юй дотроо: “Ямар гэгч дэгжин хүн ирэх юм бол” гэж бодож байтал нэг залуу агь хөвгүүн байв. Толгойдоо, өсвөр настангуудын өмсдөг эрдэнийн чулуу шигтгэсэн шижир алтан малгай тавьж, магнайдаа хос луу бөмбөг булаалдсан хээтэй, алтан татуурга даруулаад хоёр өнгийн алтан ширхгээр хатгасан эрвээхэй цэцгийн хээтэй суман ханцуйтай улаан дээл өмсөөд таван өнгийн ширхгээр зангидсан баг цэцгийн чимэгтэй урт цацагтай төрийн бүс бүслээд гадуураа найман багц цэцэгт эдээр хийсэн хиймэл чимэгт хүрэм нөмөрч, цардмал ултай, хар торгон түрийтэй ёслолын жижигхэн гутал өмсчээ. Царай зүс нь намрын тэргэл саран, хаврын гоо цэцэг адил, санчиг нь хурц хутгаар өөлсөн мэт, хөмсөг нь заарт бэхээр зурсан адил, хамар нь унжгар сөс мэт, нүд нь гүн бүрд адил, хилэгнэвч инээснээс юун дор, хялайвч хайрласнаас юун өөр. Хүзүүндээ алтан луу, оюу, шүр, өнгөт болор хэлхсэн сондор бас таван өнгийн мяндсан цацагт хэсэг сайхан хашийг хэлхэн зүүжээ.

Дай Юй түүнийг хараад хэрдхийж: “Юутай гайхалтай, хаа нэгэн газар уулзсан мэт танил ч юм шиг харагдаваа” гэж бодож байтал Бао Юй Жя Мугийн амрыг эртэл: “Чи эхтэйгээ уулзаад ир” гэсэнд дорхноо эргээд гарав. Төдөлгүй эргэж ирэхдээ өмсгөл зүүсгэлээ сольсон байв. Толгойн дугуйрсан богино үсээ бяцхан сүлжмэл гэзэг болгож, үзүүрийг нь улаан торгон утсаар ороогоод орой дээрх онгон өрөвлөгтэйгээ нийлүүлэн шанхлаад нэг том гэзэг болгон сүлжсэн нь маажиндсан мэт гөлтгөнөнө. Гэзэгний угаас үзүүр хүртэл нэгэн хэлхээ дөрвөн том сувд уяж бас найман эрдэнэ шигтгэсэн алтан чимэг зүүжээ. Цацарлаг цэцэгтэй хуучивтар улаан тэрлэг өмсөж, хүзүүний чимэг эрдэнийн хаш хутагт оньс, сахиус зэргээ аваагүй байв. Доогуур нь, цэцэгтэй ногоон торгон өмдний шулхнаг харагдаж хар магнаг маягийн оймс, зузаан ултай улаан шаахай өмссөн нь нүүрэндээ оо түрхэж, уруулдаа энгэсэг тавьсан адил. Эргэлдэх харц нь илбэх мэт, өгүүлж хэлэх нь инээх адил. Төрөлхийн нэгэн уран авьяас нь хөмсөгний үзүүрт төвлөрч, туршидын түмэн хурьцлын сэтгэл нь нүдний зовхинд хуржээ. Гадаад байдлыг нь харвал, туйлдаа тулжээ. Харин дотор нь чухам ямрыг мэдэхүйеэ бэрх болой. Үүнийг хожмын хүн зохиосон “Си Жяны сар” хэмээх хоёр дуулалд үнэн онож өгүүлжээ. Уг дуулалд өгүүлсэн нь:

Хэрэггүйгээр уйтгар хорслыг өөрсдөө эрж

Хэзээ магад, зөнөг мунаг мэт аашлан явна

Хэв байдал арилгасан сонгино мэт тэнүүн боловч

Хэвлийн дотор харин ч цөм өвс шороо

Бушниж мухардваас аж төрөхийг мэдэхгүй

Болхи мунхагаар бичиг судраас ширдхийнэ.

Байдал хийдэл нь этгээд, зан ааль нь авцаатай

Байдаг хүнд хараалган зүхүүлэхийг үл ойшооно… гэжээ. Бас өгүүлсэн нь:

Эрхэм баян байхад жаргалыг мэдэхгүй

Элэнгэ ядуу болоход зовиурыг даахгүй

Хайран сайхан мөчийг атаархан өнгөрөөж

Хамаг олон, улс гэртээ зүтгэлгүй

Үхээнц доройгоор энэ дэлхийн тэргүүнд гарч

Өөдгүйгээр эрт эдүгээг дуулан мохоов

Өн сайтан ардаг танхичуудад сануулах нь,

Өнөөх хөвгүүний овор шинжийг битгий дууриагтун.

Жя Мү түүний орж ирэхийг хараад инээн: “Шинэ зочинтой уулзалгүй хувцсаа тайлчихав уу. Охин дүүтэйгээ хурдан уулзахгүй бас юү хүлээнэ вэ” гэв. Бао Юй найган гунхалзсан хүүхнийг хэдийнэ олж хараад, Лав Линь авга эгчийн охин байх гэж багцаалдаад яаран ирж мэндлэн золгов. Суудалд суугаад нарийн ажиглавал, үнэхээр олноос онцгой санагджээ.

Хоёр зурвас зангидсан жирэвгэр нарийхан хөмсөг

Хосоороо мишээсэн хонгор алаг нүдэн

Эхээс төрөхийн л хоёр хундаганд уйтгар дүүрч

Эрх танхи энэ бие өвчинд баригджээ

Зовхины нулимс мэлс мэлс

Зөөлөн амьсгаа сэвс сэвс

Намуун дөлгөөн нь нялх цэцэг уснаа тусах мэт

Найган ганхах нь зөөлөн уд салхинаа хийсэх адил

Санаа нь Бин Гангаас8 нэгэн сүв илүү

Саар муу өвчин нь Си Шигээс9 гурван хувь илүү.

Бао Юй инээмсэглэн: “Би энэ дүүг урьд нь үзсээн” гэв. Жя Мү: “Чи солио донгодож байна. Чи хэзээ үзсэн юм бэ” гэхэд цаадах нь: “Үзээгүй боловч үзсэн шиг танимгайрхах нь сэтгэлийн дотор эрт хол салаад, эргэж уулзсан мэт санагдаж байна” гэв. Бао Юй босож, Дай Юйгийн дэргэд очиж суухдаа дахин нэг шинжээд: “Охин дүү бичиг үзсэн үү” гэж асуув.

-Би бичиг үзээгүй. Ганцхан жил сургуульд яваад хэдэн үсэг таньдаг болсон.

-Охин дүүгийн алдар хэн бэ?

-Дай Юй…

-Өргөсөн нэр чинь?

-Өргөсөн нэр байхгүй.

-Тийм бол охин дүүдээ нэг нэр өгсүгэй. Пинь Пинь /Зангидмал хөмсөгт гэсэн үг/ энэ хоёр үсэг хамгийн сайхан, оносон үг.

Тэр хоёрыг ийнхүү ярилцаж байхыг сонсоод Тань Чүнь: “Энэ чинь ямар үндэстэй юм бэ” гэж асуусанд Бао Юй: “Эрт эдүгээгийн хүмүүсийн ерөнхий лавлахад” өгүүлсэн нь, баруун газар Дай хэмээх нэртэй чулуу бий. Түүнийг хөмсөг зурах бэхний оронд хэрэглэж болно гэсэн нь бий. Нэгэнт охин дүүгийн хөмсөгний үзүүр зангидсан байдалтай тул энэ нэрийг авбал сайхангүй гэхнүү гэв. Тань Чүнь инээгээд: “Энэ ч санаанаасаа зохиосон байж мэднэ” гэсэнд цаадах нь: “Дөрвөн бичигт” бол санаагаараа зохиосон зүйл даанч олон байдаг шүү” гэж хариулав. Тэгээд Дай Юйгээс: “Чамд хаш байна уу” гэж асуув. Хүмүүс энэ асуултын учрыг ойлгосонгүй. Дай Юй ч: “Энэ өөрөө хаштай болоод асууж байна” гэж бодоод: “Над хаш байхгүй. Чамд байгаа хаш чинь нэгэн зүйлийн ховор эд болохоор хүн бүхэнд яаж байхав” гэж хариулав. Энэ үгийг сонсмогцоо Бао Юйн хий солио агшин зуур хөдөлж, зүүсэн хашаа мултлан аваад газарт шидэж, хараал тавин: “Энэ чинь ямар ховор чухаг эд юм бэ. Хүний сайн мууг ялгаж чадахгүй атлаа юуг нь гайхамшигтай гээд байгаа юм бэ. Би энэ мууг дахиж хэрэглэх” гэсэнд, тэрүүгээр байсан хүмүүс тэвдэж цөм зэрэг ухасхийн хашийг шүүрэн авав. Жя Мү сандран Бао Юйг тэврэн авч: “Нүгэлт муу амьтан чи, уурлаад хүнийг харааж зодож ч болно. Харин хашийг ингэж болохгүй. Энэ чиний амь гол” гэсэнд Бао Юй нулимс асгаруулан: “Манай эгч дүү нарт хаш байхгүй. Ганцхан надад л бий. Ганцаараа ийм байгаад урам хугарч байна. Одоо энэ дагина мэт охин дүүд бас хаш байхгүйг үзвэл, энэ лав сайн юм биш гэдгийг мэдэж болно” гэхэд нь Жя Мү түүнийг аргадаж: “Энэ дүү чинь хаштай байсан юмаа. Авга эгч чинь нас барах үед охин дүүгээс чинь салж төвдөхгүй тул бас ч гэж оршуулгын ёсыг бүрдүүлж, дүүгийн чинь ачлах ёсыг бодож, цаашилбал авга эгчийн чинь сүнсэнд хүүхдийг нь оруулж үзүүлэхээр тэр хашийг авсанд нь хийж оршуулсан юм. Тэгээд энэ хүүхэд сая хашгүй гэдгийн учир энэ. Бас өөрийгөө бусдад гайхуулахгүй гэсэн санаа ч байгаа биз. Хэрэв чи наадахаа хурдан зүүхгүй байтал эх чинь мэдвэл гай болно шүү” гэж хэлэв. Тэгээд шивэгчний гараас хашийг авч өөрөө шууд түүнд зүүж өгөв. Бао Юй баахан бодлогошрон дахиж дуугарсангүй.

Энэ үед хөхүүлэх нь ирээд Дай Юйг хаана байлгахыг асуусанд: “Бао Юйг нүүлгээд, миний өрөөний дэргэдэх дулаан өрөөнд суулга. Линь охиныг номин орхиулт өрөөнд түр суулгаж, хавар дулаан орсон хойно байшинг нь цэвэрлэж дахиж тохинуул” гэв. Түүнийг сонсоод Бао Юй: “Буурай дээдэс минь ээ, тэр номин орхиулт өрөөний гадаах тасалгаа сайн санагддаг. Юунд тандаа яршиг удна вэ” гэсэнд Жя Мү бодлогоширсноо: “За болтугай, болтугай” гэв. Энэ үед… Ши Фөн хэдэн хүн зарж, торгон хөнжил, дэвсгэр мэтийг хүргүүлж ирэв.

Дай Юй энд ирэхдээ, өөрийн хөхүүл эх Ван мама болон арван настай бяцхан шивэгчин Шюэ Янь хоёрыг дагуулж иржээ. Жя Мү г харахад Шюэ Янь даанч бага, хүүхэд зангаа орхиогүй бол Ван мама нь өтлөөд Дай Юйгийн санаанд төдий л нийцэхгүй байгаа учир өөрийн шадар байсан бяцхан буурж10 Ин Хи гэгчийг түүнд өгч бас Ин Чүнь нартай адилхнаар хүн бүрт нэг хөхүүл эхээс гадна гэр байшин цэвэрлэж, гарын үзүүрт зарагдах дөрөв таван шивэгчин өгчээ. Үүнээс Ван мама Ин Хи хоёул Дай Юйг сувилж, номин орхиулт өрөөнд сууж хөхүүлэх Ли мамаболон их шивэгчин Ши Рэнь, Бао Юйг дагаж, гадаах тасалгаанд суух болов. Энэ Ши Рэнь гэгч уг нь Жя Мугийн шивэгчин байжээ. Жинхэнэ нэр нь Рүй Жу юм. Жя Мү Бао Юйг хэтэрхий хайрлах учир түүний шивэгчид сайн асарч чадахгүй болов уу гээд санаа сэтгэл сайн, гоолиг цэвэрхэн Рүй Жуг Бао Юйд өгсөн ажээ. Тэрбээр Рүй Жуг цэцгийн овогтойг мэддэгээс гадна эртний нэгэн шүлэгчийн “Цэцгийн үнэр хүнийг аясуулна” гэсэн мөр байдгийг санаж, Жя Мүд айлтгаад, Рүй Жугийн нэрийг халж Ши Рэнь болгосон ажээ. Үнэнийг хэлэхэд Ши Рэнь бол их мэрийлттэй хүн. Жя Муг асарч байхдаа түүнээс өөр хүнийг боддоггүй байсан. Одоо Бао Юйг дагаснаас хойш түүний дотор өөр хүн орохгүй болчихжээ. Гагцхүү Бао Юйгийн ааш этгээд сонин. Удаа дараа ятган сэнхрүүлэвч сонсохыг хүсэхгүй тул сэтгэл нэн шанална. Тэр орой Бао Юй Ли мама нэгэнт унтаад, дотор өрөөнд Дай Юй, Ин Хи хоёр унтаагүй байхыг хараад, өөрийн засал чимэглэлээ авч тавиад сэмхэн орж ирээд инээн: “Охин, яагаад өдий болтол амрахгүй байна” гэж асуусанд Дай Юй инээгээд: “Та суу” гэв. Түүнийг ханз ирмэгдэн суусны дараа Ин Хи инээж, Линь авхай энд сэтгэл уярч нулимс асгаруулж байна. Тэгээд, би энд ирмэгц таны агийн өвчинг хөдөлгөчихлөө. Хэрэв тэр хашийг хагалчихсан бол миний уршиг болох байлаа гэж байна. Би ятгаж байж арай гэж тайвшрууллаа гэв. Ши Рэнь: “Авхай та битгий тэг. Хожим харин үүнээс ч сонин инээдэмтэй юм болж мэднэ. Хэрэв чи, түүнийг ийм зан авиртайд зовж, уярахад хүрвэл уяраад ч барахгүй хэрэг болно. Илүү юм бодох хэрэггүй” гэсэнд Дай Юй: “Эгч нарын хэлснийг би мартахгүй” гэж хэлээд амрах болов.

Маргааш өглөө нь босуут Жя Мүгийн амрыг эрээд Ван Фүрэний дэргэд ирэхэд, Ши Фөн тэр хоёр Жинь Лингээс ирүүлсэн захидлыг задалж, Ван Фүрэний ахын бэргэний тэндээс зарж явуулсан хоёр бэртэй ярилцаж суув. Дай Юй хэдийгээр учир ухааныг нь сайн олоогүй боловч эд нар Жинь Лин хотод сууж байгаа Шюэ овогт нагац эгчийн хөвгүүн, бүл ах Шюэ Пань эд агуурсын эрх сүрдээ эрэмшиж хүн зодож алаад Ин Тяньфү яаманд байцаагдаж байгааг нагац эцэг Ван Зытөн сонсоод, хүн явуулж мэдэгдэн, тэднийг нийслэлд ирүүлэх санаатай байгааг хэлэлцэж байна гэдгийг мэджээ. Чухам ямар юм болохыг дараах бүлэгт үзэгтүн!


Тайлбар:

  1. Эртний зар тараах нэг зүйлийн “АлБань мэдээ”. Бас ордны хуулбар гэнэ.

  2. Үйлдэх явдлын яам-Чин улсын нэг яам. Барилга, уран дархан, ус ашиглалт, зам харилцаа зэргийг эрхэлдэг яам

  3. Нэрийн бичээс-Хуучин нийгмийн албаны хүмүүс харилцан танилцахдаа хэрэглэдэг, нутаг ус, нэршил зэрэг хэргэмээ бичсэн улаан цаасан хуудас

  4. Ин Тяньфү-Нанжинг захирах Фү яам.

  5. Бохицуул-Гуравдугаар зэргийн шивэгчин

  6. Барияад-Энд тусгай эмэгтэй боолыг хэлжээ. Эр эм хоёр нэг айлд боол болж байвал эмийг нь бэр гэнэ.

  7. Мацаг барих-Эртний хүмүүсийн тахих тайхаас өмнөх биеэ ариутган сүсэглэхийг хэлнэ.

  8. Би Ган-Шан улсын Ин Жоу вангийн авга бөгөөд Чэн Шиян уламжлалаар бол, Бин Ган бол Ин Жоу вангийн үйлдсэн хэргийг хориглосон учир амраг хатан Да Жи лүгээ атаа барилдаж, хожим нь Да Жи худал өвчлөн Би Ганы зүрх бол бусад хүний зүрхнээс илүү нэг сүвтэй тул ганц түүний зүрхийг идвээс сая өвчин эдгэж болно хэмээн мэхэлж Ин Жоу вангаар түүнийг алуулжээ.

  9. Сы Ши-Сайхан хүн. Олон улсын үедэх Юэ улсын нэгэн түлээ худалдагчийн охин юм. Уламжлалаараа бол Юэ улсын ван Кү Жян Юй улсад дийлдээд Хүйжи хэмээх газар ухарсаны дараа сонсвол Эү ван өнгөнд тачаамтгай гэсэн тул төрийг нь самууруулахаар шийдэн Сы Шиг Жэнь дань гэдэг газраас олж аваад засаж чимэх, маяглах, загнах зэрэг олон талаар гурван жил боловсруулаад Баньли гэдэг хүнээр ванд хүргүүлсэнд, тэрбээр машид тааламжтай хүлээн авсан боловч хожим нь Сы Шигийн өнгөнд мунхарч Юэ улсад мөхөөгджээ. Түүнээс хойш бичгийн хүмүүс сайхан хүнийг дүрслэхдээ Сы Шитэй харьцуулдаг заншилтай болжээ. Си Ши хэдийгээр өвчингүй боловч эрхлэн наалинхайтаж авирлах нь өвчтэй хүний төлөвтэй гэсэн санааны үүднээс энд Си Шиг өвчтэй гэжээ.

  10. Буурж-хоёрдугаар зэргийн шивэгчин

 

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж