Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг боловсруулсан гэх хоёр хүнд АНУ хориг тавьжээ.
АНУ-ын хориг тавьсан хоёр хүн бол Ким Жон-сик, Ри Пён-чол нар юм. Тэднийг баллистик пуужингийн туршилтыг удирдан явуулсан гэж сэжиглэж байгаа юм.
Өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилтын хариуд эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах тогтоол гаргасан юм.
Аюулгүйн зөвлөлийн дээрх тогтоолыг Пхеньян “дайнд өдөөн хатгаж буй алхам” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Хойд Солонгосын дээрх нэр бүхий хоёр албан тушаалтанд тавьсан хориг нь АНУ дах тэдний хөрөнгийг царцааж, тус улсаар дамжсан санхүүгийн гүйлгээг нь цуцлах агуулгатай юм.
Ким Жон-сик, Ри Пён-чол нар Хойд Солонгосын удирдагчийн хамгийн ойрын үнэнч зүтгэлтнүүд бөгөөд байнга дагалдаж явдаг.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Хойд Солонгос хэд хэдэн удаа пуужингийн туршилт явуулж, Америкийн эрэгт хүрэх тив хоорондын баллистик пуужин бүтээсэн хэмээн мэдэгдсэн.
Тавдугаар сард Ройтерс агентлагийн явуулсан судалгаанд дээрх нэр бүхий хоёр албан тушаалтан болон цөмийн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч Жан Чан-ха нарыг Ким Жон Уны тушаалаар томилсон тухай анх мэдээлсэн юм. Ри Пён-чол хуучин Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн агаарын нисэх хүчний чөлөөнд генерал ажээ. Харин Ким Жон-сик бол цөмийн физикч мэргэжилтэй хүн гэнэ. Баасан гаригт НҮБ Хойд Солонгосын 16 өндөр албан тушаалтанд эдийн засгийн хориг тавьсны дотор тэдний нэр ч бас багтсан билээ.
Эх сурвалж : BBC