2017: Трамп, Хятад, Солонгосын хойг, Биткойн, Fake news

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

2017: Трамп, Хятад, Солонгосын хойг, Биткойн, Fake news

2017: Трамп, Хятад, Солонгосын хойг, Биткойн, Fake news

2017 онд Дэлхийн дахинд улс төр, эдийн засгийн салбарт үйл явдал өрнүүн байлаа. News агентлаг дэлхий дахинд өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна


Трампын НЭГ ЖИЛ: Улс төрийн шинэ эрин

АНУ-ын улс төрийн өнгө төрхийг өөрчилж, эрх мэдлийн хуваарилалтыг ард түмний гарт эргүүлэн авчирна гэж амласнаар ажлаа эхлүүлсэн Доналд Жон Трамп Цагаан ордны индрээс их гүрнийг тэргүүлсээр бараг нэг жилийг үдлээ. Өдгөө ерөнхийлөгч Трамп урьд урьдынхаас илүү хуваагдсан, эрс тэс туйл руу тэмүүлсэн их гүрнийг толгойлж байна.

Өглөөний жиргээ, хэвлэл мэдээллийн эсрэг дайн, эсэргүүцэл тэмцэл, дэлхийн лидерүүдийг дорд үзсэн хоржоонтой үгс, хэт дураараа гэмээр ойворгон мэдэгдэл…

Доналд Трамп АНУ-ыг удирдсан эхний нэг жилийг дээрх хэдэн үгээр товчхон тодорхойлж болно. 

АНУ-д ажилгүйдэл сүүлийн 17 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн, үнэт цаасны зах зээл тасралтгүй өсөлттэй байгаа, сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй татварын томоохон реформ хийсэн, амласан ёсоороо иргэдийн зэвсэг эзэмших, хадгалах эрхийг хамгаалах, үр хөндөлт болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэггүй консерватив үзэлтэй Нил Горсачийг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд томилсон гээд сонгуулийн кампанийн үеэрх түүний амлалтууд ажил хэрэг болж эхэлсэн.

Гэхдээ цухас дурдахад Мексикийн хилийн дагуу ханан хэрэм босгох, Obamacare гэгддэг эрүүл мэндийн хуулийг хүчингүй болгох, АНУ-д үр өгөөжөө өгдөггүй гэх хэд хэдэн худалдааны гэрээнээс татгалзах гээд шийдлээ олж чадаагүй амлалтууд ч бас чамгүй урт жагсаалт болж хөвөрнө. Бас түүнд гадаад бодлогын тал дээр учир дутагдалтай сул тал нэг бус удаа ажиглагдсан. ОХУ сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан жил тойроход намжсангүй. Ойрхи Дорнод, Солонгосын хойгийн байдал хурцдаж, хүчний тэнцвэр хэлбийж эхэлсэн гээд жишээ татах сэдэв хангалттай бий.

Гадаад бодлогын хувьд тэрбээр “Америк бүхний түрүүнд” гэх цор ганц зарчмыг эрхэм болгосон. Эх орноо, ард түмнээ уулсын зөвхөн оргилд байлгах гэсэн түүний эрмэлзэл, батлан хамгаалах болоод үндэсний аюулгүй байдлын асуудлаарх арга барил нь дэлхий нийтэд цочроо болсон юм.

Тааламжгүй харилцаатай Хойд Солонгосоос эхлээд ойрын түнш Британитай ч ам мурийж, олон улсын эсрэг байр суурийг үл тоож, Йерусалемийг Израилийн нийслэл гэж тунхаглав. НАТО-г хэнд ч хэрэггүй байгууллага хэмээн цоллож, Цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс татгалзав. Ираны цөмийн гэрээ, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ ч АНУ-д ашиггүй учир дагаж мөрдөх шаардлагагүй гэж мэдэгдэв.

Гэхдээ энэ мэт Трампын хэлсэн үг, гаргасан шийдвэрийн цаана түүний танхимыг бүрдүүлэгч эрхмүүд тэс хөндлөн байр суурьтай байдаг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон Трампын хамгийн гол аюул гэж шинжээчид дүгнэж байна. Нэг талд ерөнхийлөгчийн хэлсэн үг, нөгөө талд танхимын гишүүдийн байр суурь хоёрын хооронд том ангал гарах болсон юм. 

Бүгд Найрамдах намын дотоод хагарлын эх үүсвэр нь Трамп байгаагүй ч, өдөөгч нь бол байсан. Худалдаа, татвар, төсвийн зардал, гадаад бодлого гээд олон асуудлаар нам дотроо зөрчилтэй байгаа. АНУ-ын Сенат, Конгресс ч мөн Трампын дотоод хүрээллийнхэн болоод тойргийн гаднах гишүүд гэж хуваагдсан. Хэзээнээс “улаан”-ыг сонгож ирсэн Трампыг дэмжигчид болоод түүнийг эсэргүүцэгчдийн туйлшрал гүнзгийрч байна. 

Энэ мэтээр Доналд Трамп АНУ-ын улс төрд шинэ эринийг эхлүүлжээ.

АНУ-ын түүхэн дэх өмнөх 44 ерөнхийлөгч нарын дийлэнх нь өмнө нь мужийн захирагчаар ажилласан байдаг. Тиймдээ ч хууль тогтоогчид болоод сөрөг хүчний эсэргүүцэгч нартай хэрхэн ажиллах тал дээр дөр суучихаад Цагаан ордонд орсон хэрэг. Харин Трампад тийм зүйл байсангүй. 

Доналд Трамп хэзээ ч улстөрч байгаагүй. Бас тэр олон нийтийн алба хашиж яваагүй. Тэр бол Нью-Йоркийн хамгийн чинээлэг, завгүй дүүрэгт өсч өндийсөн үл хөдлөх хөрөнгийн магнат. Зөвхөн өөрөө ашиг шим хүртэх хамгийн боломжит, хамгийн таатай хувилбарын төлөө гэрээ, хэлцэл хийж ирсэн бизнес сэтгэлгээ нь улс төрийн тавцанд төдийлөн оновчтой нүүдэл болж чадсангүй. Бүгдийг нэгэн зүгт чиглүүлж, голыг нь олж залах онцгой чадвар түүнд үгүйлэгдэж байгааг улс төр судлаачид, басхүү Time сэтгүүл, New York Times, ABC, MSNBC гээд АНУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагын тоймчид хүлээн зөвшөөрч байна. 

Доналд Трамп өдгөө 71 настай. Өдийг хүртэлх амьдралдаа ялагдлаас илүү ялалтын сайхныг мэдэрч, амжилттай өсөн дэвжиж ирсэн хижээл эрийн хувьд тэр дадсан дадал, арга барилаа тийм ч амар тавихгүй. Тийм ч учраас ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох Трампын эхний жил тэгтэл анхаарал татаад байгаа хэрэг.  

Амласнаа биелүүлсэн эсэхээр нь түүнийг ямар ерөнхийлөгч байсныг тодорхойлохгүй, түүний шийдвэр, бодлого зөв, буруу алин байсныг түүх харуулна.

С.ЦЭЛМЭГ


Хятадын Коммунист намын Ардын их хурал

Хятадын Коммунист намын XIX Ардын их хурал өнгөрч буй 2017 онд тохиосон онцлох үйл явдлуудын нэг байлаа.

Таван жилд нэг удаа болдог хаалттай хуралд Си Жиньпин хийсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, ирэх таван жилийн эдийн засаг, улс төрийн төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр 2300 төлөөлөгчдийн өмнө 205 минутын илтгэл тавьжээ. Намын хурлаар дээд шийдвэр гаргадаг улс төрийн товчооны байнгын хорооны удирдлагыг сэлбэсэн, Хятадын дарга Си Жиньпин 2022 он хүртэл намын удирдлагыг гартаа авсан хэвээр үлдэв. Өнгөрсөн оны аравдугаар сард намаас Си Жиньпинийг “манлай удирдагч” гэж цоллосон нь түүнийг Хятадын агуу удирдагчид Мао Зөдун, Дэн Сяопин нарын эгнээнд аваачсан юм. Намын их хуралд  Си Жиньпин 2050 он гэхэд Хятад улс дэлхийг тэргүүлэх улс болох ирээдүйн зорилтыг танилцуулжээ. Энэ нь Хятадын өнөө цагийн эрин үе дэх улс төрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм.

Санхүүгийн шинэчлэлт биш эдийн засгийн өөрчлөлт

Си Жиньпин эдийн засгийн инновацийг дэмжиж, хэрэглээний зардлыг нэмэгдүүлж, санхүүгийн эрсдэлийг тооцоолсноор Хятадын эдийн засгийг илүү хүчирхэгжүүлнэ хэмээн мэдэгдэв. Гэхдээ тэрбээр 1980-1990 оны хооронд Хятадын эдийн засгийг огцом өсгөсөн Дэн Сяопиний санхүүгийн шинэчлэлтээс илүү эдийн засгийн өөрчлөлтийг дэмжих гэнэ. Түүний илтгэлд зах зээл гэдэг үг ердөө 19 удаа давтагдсан нь өмнөх дарга нарынхаас хамгийн бага байв. Тэрбээр төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг том, хүчтэй байхаас илүү үр дүнтэй ажиллагааг анхаарч, банкны дүрэм журмыг чангатгах аж. 

Си Жиньпин илтгэлдээ өмнөх удирдагчдын үед дурдагдаж байсан хөгжиж буй эсвэл ядуу буурай гэх хэллэгийг огт дурсаагүй. Харин ч “агуу хүч” эсвэл хүчирхэг гүрэн” гэх үгийг 26 удаа хэлжээ. Си Жиньпин өнгөрсөн таван жилд Хятадын даргаар ажиллах хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юань байснаас 80 их наяд юань болж өссөн аж. Өнгөрсөн таван жилийн дотор 60 сая хүнийг ядуурлаас гаргаж, ажил төрөлтэй болгосон амжилтаа бахархалтайгаар мэдэгджээ. Тэгвэл 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавьсан байна.

Хамтын ажиллагааг дэмжиж, улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлнэ

Си Жиньпин “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд авто зам, төмөр зам барих, дэд бүтцийн төслүүдээр дамжуулан Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөөг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагаа, глобал эдийн засгийн интеграци, дэлхийн хөгжлийг дэмжихээ зарлав. Эртний торгоны замыг дагасан Ази Европыг холбох “бүс-зам” санаачилгыг 2013 онд амжилттай эхлүүлж, 50 гаруй орны дэмжлэгийг аваад байна. 

Бээжин нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Өмнөд  болон Зүүн Хятадын тэнгис дэх ашиг сонирхлоо хамгаалахын тулд хиймэл арал барьж, цэргээ байршуулснаар Азийн хөрш орнууд болон АНУ-ын тэнгисийн цэрэгтэй багагүй зөрчилдсөн юм. Энэ талаар Си Жинпин зайлшгүй зөрчилд бэлтгэлтэй байж, зэвсэглэлээ сайжруулж, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарахаа мэдэгджээ. Олон улсын улс төрийн тавцанд Хятадын оролцоо нэмэгдэж, Ойрхи-Дорнод, Африкт нөлөөгөө нэмэгдүүлсээр байна. 

Б.АНХТУЯА


СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ХЯМРАЛ 

Хойд Солонгос ямар ч хамаагүй аргаар цөмийн зэвсэгтэй улс болохоор зүтгэж Солонгосын хойгт хямрал авчирсан гэж АНУ болон барууныхан үздэг.  Харин дэлхийн улс орнууд, тэр дундаа хөрш орнууд энэ хямралаас муугаар бодоход цөмийн дайн дэгдэж болзошгүй гэж эмээж байгаа билээ.

Дэлхийн хамгийн халуун цэг болоод байгаа Солонгосын хойгийн хямрал 2017 онд хэрхэн хурцадсаныг эргэн сөхье.

хойд солонгос яагаад цөмийн зэвсэгтэй болохоор улайрч байна вэ? 

Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Солонгосын хойг хойд, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, коммунист үзэл баримтлалтай Хойд Солонгост Сталины хэв маягийн дэглэм тогтсон юм.

Зөвлөлт системийн үеийн коммунист дэглэм нуран унахад дэлхийн улс орнуудаас харилцаагаа тасалж, улам бүр ганцаардсан энэ улсын удирдагчид цөмийн зэвсэгтэй болох нь улс орноо батлан хамгаалах цорын ганц найдвартай арга гэж итгэх болсон билээ.

Цөмийн зэвсэгтэй болоход Пхеньян хэр ойрхон очсон бэ?

Хойд Солонгос асар их хөнөөлтэй устөрөгчийн бөмбөгийн туршилт нь тун амжилттай болсон гэж мэдэгдсэн.  Цөмийн бөмбөгөөс хэд дахин хүчтэй, хөнөөлтэй устөрөгчийн бөмбөгөөр алсын тусгалт пуужинг цэнэглэх боломжтой.

Хойд Солонгосын улсын мэдээллийн хэрэгслээр устөрөгчийн бөмбөгийн туршилт гайхалтай амжилттай болсон талаар мэдээлсний дараа олон улсын цөмийн шинжээчид  үүнийг анхааралдаа авахыг эрх баригчдад уриалсан. АНУ-ын тагнуулын ажилтнуудын мэдээ Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгийг ашиглах чадамжтайг баталсан.

Пхеньян АНУ-ыг өөрийн номер нэг дайсанд тооцож, АНУ-ын хэдэн мянган цэрэг байрлаж буй өмнөд Солонгос, Японыг онилон хэд хэдэн пуужин харвасан юм.

Хойд Солонгосын цөмийн хийрхлийг зогсоох ямар хүчин чармайлт гаргасан бэ?

Пхеньяны эрх баригчтай яриа хэлэлцээ хийх удаа дараагийн оролдлогууд ямар ч амжилт олоогүй бөгөөд 2017 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тушаалаар баллистик пуужингийн туршилтууд явагдсан. Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуг НҮБ шат дараатай эдийн засгийн хатуу арга хэмжээгээр барьсан. Пхеньяд хориг тавихыг эсэргүүцэж ирсэн Хятад ч мөн эдийн засгийн хориг тавьж, дипломатын шугамаар шахалт үзүүлж эхэлсэн юм.

Дэлхийн III дайн болох уу?

Солонгосын хойг дахь хямрал олон жил үргэлжилж байгаа боловч 2017 он бол хямралыг туйлд нь хүртэл хурцатгасан жил байлаа.

Хойд Солонгос өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын Гуам арал болон Японы арлын дээгүүр пуужин хөөргөж,  цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгосон нь олон улсын харилцаанд таагүй нөхцөл байдлыг авчирсан юм.

Хойд Солонгосын пуужингийн туршилтыг өдөөн хатгалт гэж үзсэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн улс болон холбоотнуудаа хамгаалахын тулд цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн.

Солонгосын хойгт дайн дэгдэх тухай төсөөлөхөд ч бэрх.  Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриа гарч байгаа юм.  Үнэхээр дайн дэгдвэл дэлхийн дэгийг өөрчилж, олон улсын харилцаанд урьд хожид байгаагүй тодорхойгүй, аймшигтай нөхцөл байдлыг авчирна гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Хамгийн аймшигтай нь олон сая хүний амь насаар үнэлэгдэх аюултай энэ дайны төгсгөл нь зарим орны хувьд төгсгөл ч болж мэдэх юм.

АНУ Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс болохыг яагаад зөвшөөрөхгүй вэ?

АНУ цөмийн зэвсэгтэй байхад бусад улс орон яагаад цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэж хэмээн зарим хүмүүс ярьдаг.  Хойд Солонгос болон бусад улсад цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөх нь амиа хорлохтой адил гэж үздэг АНУ-д ингэж үзэх гурван шалтгаан бий гэнэ.

Нэг дэх шалтгаан бол Хойд Солонгос дэлхийн улс орнуудын нэгдсэн “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай” олон улсын гэрээг зөрчсөн. Нөгөө нэг шалтгаан нь цөмийн зэвсгийн аюул, гамшиг хэмжээлшгүй.  1945 онд Японы Хирошима, Нагасаки хотод хаясан цөмийн бөмбөгийн жишээнээс дэлхий нийтээр хор хөнөөлийг нь харсан. Цөмийн дайн хүн төрөлхтнийг даяар нь хөнөөх аюултай.

Харин гуравдахь шалтгаан бол алан хядагчид цөмийн зэвсэг бүтээхэд ашигладаг материалыг гараас гарт дамжуулан худалдаалах нь өнгөрсөн хугацаанд улам нэмэгдэж, хяналтаас гарсан гэхэд хилсдэхгүй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийн мэдээлснээр тус байгууллага жилд цөмийн түлшний материалын хууль бус худалдааны тухай 150-200 орчим мэдээлэл авдаг байна. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-Гүржийн хилээр баяжуулсан их хэмжээний уран хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилсан билээ.

Солонгосын хойгийн хямралыг дипломат арга замаар арилгах боломжтой юу?

Хойд Солонгосын цөмийн технологи ямар шатанд хүрснийг тодорхойлох боломжгүй юм.

Пхеньянтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар огт яриа хэлэлцээ хийгээгүй гэвэл худлаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн яриа хэлэлцээ болсон ч ихэнх нь мухардлаар дууссан юм. Ганц хоёр хэлэлцээ амжилттай болсон ч хэрэгжээгүй билээ.

Вашингтоны төлөөлөгчид Пхеньяны эрх баригчтай хэлэлцээрийн ширээнд суухыг зөвшөөрлөө гэхэд гол зорилго нь юу байх нь ойлгомжгүй юм. Хойд Солонгосын эдийн засгийг царцаах уу, эсвэл цөмийн хөтөлбөрийг зогсоох юм уу? Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоохыг зөвшөөрсөн тохиолдолд АНУ хариуд нь дипломат ямар арга хэмжээ авах вэ? Харин Хойд Солонгосын удирдагчтай хэл амаа ололцох нь  өөр асуудал билээ.

Н.ЭНХТУЯА


САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЦАХИМ ВАЛЮТ

2017 онд дэлхийн санхүүгийн зах зээлд гарсан том эргэлт бол цахим валют болох биткойн байлаа. Анх нэг ам.долларын үнэлгээтэй байсан биткойн энэ сарын 17-нд 20 мянган ам.долларт хүрсэн ч удалгүй түүний ханш 15 хувиар унасан юм. 

Өдөрт есөн хувиар шахуу унаж байгаа биткойн хэмээх цахим валютын талаар Сингапурын мөнгөний бодлогын удирдах төвөөс цахим валютад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлэв. 

Мөн өнөөдөр цахим валютад наад захын хамгаалалт, зохицуулалт байхгүй байгаа нь хөрөнгө оруулагчид нэг дор бүх хөрөнгөө алдах эрсдэлтэй гэж Сингапурын төв банк мэдэгдэж байна. Биткойны энэ мэт эрсдэл дэлхийн санхүүгийн системийг унагах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ. 

– 2009 оны эргэн саная –

2009 оны нэгдүгээр сард анхны цахим валютууд дэлхийн санхүүгийн зах зээлд бий болсон. Тухайн үед цахим зоос нь нэг ам.долларын үнэлгээтэй байсан ч 2011 онд 10 ам.доллар, 2013 онд 100 ам.долларт хүрч үнэлгээ нь өссөн юм. 

Үүний зэрэгцээ, Америкийн Zynga компани энэ салбарыг дэмжиж эхэлсэн нь биткойн үнэлгээг огцом хэлбэлзүүлжээ. Тодруулбал, биткойны  ханш 1000 ам.долларт хүрсэн ч 2014-2016 оны хооронд түүний үнэлгээ 600 ам.долларт хэлбэлзэж байв. 

Гэхдээ 2017 оны хоёрдугаар сараас цахим валют дэлхийн зах зээлд эргэн ирсэн. Улмаар түүний ханш өсөж, 1235 ам.долларт хүрсэн удаатай. Мөн Япон улс албан ёсоор цахим валютыг гүйлгээндээ нэвтрүүлж эхэлсэн ажээ. 

Япон улсын зах зээл дээрх эрэлт, хөрөнгө оруулагчдын итгэлтэй холбоотойгоор биткойн ханш улам өсөж, 2017 оны наймдугаар сар гэхэд 4000 ам.долларт хүрсэн юм. Тухайн үед шинжээчид биткойны ханш 5000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан удаатай. 

Гэхдээ 2017 оны есдүгээр сарын эхэнд Хятадын ардын банк албан ёсоор цахим валютын биржүүдийн үйл ажиллагааг зогсоов. Улмаар биткойны ханш 35 хувиар буурсан ч удалгүй сэргэж, 10 мянган ам.долларт хүрч, дэлхийн санхүүгийн зах зээлд цахим валют байр сууриа бэхжүүлээд авав.

Дэлхий дээр ердөө 21 сая биткойныг олборлох боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар 16.7 сая биткойн нь олборлогдчихсон байна. Хамгийн сүүлчийн биткойныг 2140 онд олборлоно гэсэн таамаг бий. 

Өнөөдөр биткойн нь дэлхийн топ-5 валютын нэг болсон бөгөөд 291 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа ажээ. 

Э.УРАНЦЭЦЭГ


СОШИАЛ МЕДИА – FAKE NEWS

Бид олон нийтийн анхаарлын төвд байх дуртай болж,  бидний хувийн амьдрал нийгмийн сүлжээнээс шууд хамааралтай болсон. Нийгмийн сүлжээнд бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, мэдээллийг эрэн хайх, хол газар байгаа ойр дотны хүмүүстэйгээ цаг хугацаа, хил хязгаар харгалзахгүйгээр чөлөөтэй харилцаж байна. Нийгмийн сүлжээний ачаар бид мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрээс авч, дамжуулж байна. Улмаар иргэд өөрсдөө мэдээллийн эх сурвалж болж, иргэний сэтгүүл зүй хөгжих нэг үндэс нь болж байлаа. Иргэд мэдээллийг шуурхай түгээж, түүний араас хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж , ‘сошиал медиа сэтгүүл зүйг орлоно’ гэх тренд бий болж байсан үе саяхан. 

Гэхдээ 2017 онд энэ тренд өөрчлөгджээ. Учир нь нийгмийн сүлжээ дэх мэдээлэл тэр болгон үнэн бодит байдаггүй гэдгийг дэлхийн улстөрч, эдийн засагчид, мэргэжилтнүүд нотлох болов. 

Нийгмийн сүлжээнд түгсэн худал мэдээллийг бид ‘Fake news’ хэмээн нэрлэх болсон. Энэ үгийг ашигласан байдлаар нь харах юм бол 365 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд мэдээж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээ болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей болон улстөрч Жереми Корбин нарын мэдэгдэл нөлөөлсөн нь тодорхой. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн гарчиг ‘Fake news’ буюу ‘Хуурамч мэдээ’ гэсэн үг олон байсан гэдэг утгаараа 2017 ОНЫ ҮГЭЭР ‘FAKE NEWS’ тодорчээ. Улмаар нийгмийн сүлжээ дэх бидний авч буй мэдээлэл тэр болгон үнэн байдаггүй бөгөөд сошиал медиа тренд өөрчлөгдснийг гэрчилж байна. Энэ нь сэтгүүл зүйг мэргэжлийн байх ёстой гэсэн ойлголтын нэгэн шалгуур болсон нь 2017 онд дэлхий нийтэд ажиглагдав. Энэ нь сэтгүүл зүйг мэргэжлийн байх ёстой гэсэн ойлголтын нэгэн шалгуур болсон нь 2017 онд дэлхий нийтэд ажиглагдав. 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж