Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос өчигдөр /2017.12.26/ ирэх нэгдүгээр сард Токио хотноо болох Хацү башёгийн банцүкэг гаргалаа.
Хацү башёгийн банцүкэг их аварга Хакүхо М.Даваажаргал магнайлсан. Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлснаар ирэх башё гурван аваргатай үргэлжлэх болов.
Харүмафүжи энэ сард олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байгаа.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёгийн гурав дахь өдрөөс Харүмафүжи барилдаагүй билээ. Тэрбээр башёгийн эхний хоёр өдөр дараалан унаад байсан бөгөөд гурав дахь өдрөөс дэвжээнд гараагүй юм. Удалгүй нутаг нэгт Таканоива А.Баасандоржийг пивоны шилээр цохисон гэх хэрэгт холбогдож, зодог тайлахаар шийдсэн билээ. Тодруулбал, сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанаас хойш дэвжээнд гараагүй.
Хацү башёгийн дээд зиндаад ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил, маэгашира-1 Ичиножёо А.Ичинноров, маэгашира-4 Араваши Б.Дөлгөөн, маэгашира-7 Чиёошома Г.Мөнхсайхан, маэгашира-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын манай долоон бөх барилдана.