Азийн загварын тайзнаа алхсан эрэгтэй модель

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Азийн загварын тайзнаа алхсан эрэгтэй модель

“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийнхаа шинэ зочноор загвар өмсөгч, модель Т.Энхтүвшинг онцолж байна.

Тэрбээр анх 17 насандаа загварын тайзнаа алхаж, “Монгол модель” агентлагаас гараагаа эхэлж байжээ. Загвар өмсөгч Т.Энхтүвшин нь хамгийн сүүлд Тайвань улсад зохион байгуулсан олон улсын “Mister ocean-2017” тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг загварын алхаа” шагналыг хүртсэн байна.  Мөн БНХАУ-д зохион байгуулсан “International super modelco” тэмцээний шилдэг гурав багтаж, цомын эзэн болж, эх орондоо ирээд байгаа аж.

ТӨРМӨНХ ЭНХТҮВШИН: 1993.02.28.

Төгссөн сургууль:

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар дунд сургууль /2010 он/

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн менежментийн анги /2013 он/

Мэргэжил: Маркетингийн менежер

Одоо эрхэлж буй ажил: Загвар өмсөгч

Сошиал хуудас: Tuvshin Enkh  /фэйсбүүк /

АНХНЫ АМЖИЛТ

-Би Сингапурт зохион байгуулсан олон улсын “Star hunk” гэдэг мистер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, маш их урам зориг авч байлаа. Тухайн үед тэр тэмцээнд Азийн 50 гаруй орны моделиуд өрсөлдөж байсан. Миний хувьд “Шилдэг модель”, “Фото модель” болон дэд байр гээд гурван шагналыг авч, Сингапурт гэрээт моделиор ажиллах болсон юм. Тэгээд л би сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур болон БНХАУ, Хонгконг улсын загварын агентлагуудтай гэрээ байгуулж, ажиллах болсон.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН БЭ?

-Би багаасаа хөл бөмбөг, сагсаар хичээллэдэг өндөр хүүхэд байсан. Тэгээд хамаатныхаа эгчийнхээ санал болгосноор загварын ертөнцөд сонирхон орж байлаа. Анх 17 настайдаа “Монгол модель” агентлагаас гараагаа эхлээд одоо долоон жил загвар өмсөгчөөр ажиллаж байна. Тэгээд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Сингапур, БНХАУ, Хонгконг улсын загварын агентлагуудад гэрээт моделиор ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Би гурван жил орчим “Монгол модель” агентлагт ажиллаж байгаад 2012 онд Сингапурын загварын агентлагт ажиллахаар өөрөө зорин очиж байлаа. Би хамгийн анх 18 насандаа загварын ертөнцөд хөл тавиад Монголдоо зохион байгуулсан “Face Of Mongolia” тэмцээнд оролцож байсан.  

БНХАУ-д зохион байгуулсан “International super modelco” тэмцээний шилдэг гурав багтаж, цомын эзэн болсон

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ?

-Би хамгийн сүүлд сарын өмнө олон улсын хоёр ч тэмцээнд дараалан оролцоод ирлээ. Эхнийх нь “Mister ocean-2017” хэмээх дэлхийн 100 гаруй модель оролцсон тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг загварын алхаа” шагналыг хүртсэн. Дараагаар нь  БНХАУ-д зохион байгуулсан “International super modelco” тэмцээний шилдэг гурав багтаж, цомын эзэн болсон.  

ГАДААДЫН ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД МОНГОЛ ЭРЭГТЭЙ МОДЕЛЬ ХЭР ОЛОН БАЙДАГ ВЭ?

-Гадаад орны загварын ертөнцөд Монгол эмэгтэй модель цөөнгүй байдаг ч эрэгтэй модель нь  тун цөөн бий. Тийм учраас бусад орны эрэгтэй моделиуд Монгол орны талаар ойлголт ч тааруухан байдаг. Зарим нь тоглоом шоглоом болгон “Морио унаж ирсэн үү” ч гэж асуудаг. Гэхдээ монгол моделиуд тайзан дээрх алхаагаараа хаана ч гологддоггүй, бусдаас үргэлж давуу байж чаддаг.

МОНГОЛД ЗАГВАР ӨМСӨГЧИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖ МАШ ТААРУУ ГЭДГИЙГ САЛБАРЫНХАН ХЭЛДЭГ. ТА ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХ ҮҮ? 

-Монголын загварын ертөнцийн хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн бусад орнуудтай харьцуулахад тэнгэр, газар шиг өөр л дөө. Монголд сар хөдөлмөрлөсөн цалинг гадаадын загварын ертөнцөд нэг өдөр ч олох нь бий. Гэхдээ Монголын загварын салбарынхан илүү хөгжиж, сайжирна гэдэгт итгэлтэй байдаг.

Сингапурт гэхэд зураг авалт бүр цагийн хуваарьтай, түүгээрээ цалинждаг. Харин Монголд хоёр цагийн зураг авах гэж бүтэн өдрийг зарцуулдаг. Мөн мэргэжлийн багийн зохион байгуулалт, цалин хөлс муу байдаг нь үнэн. Одоохондоо надад гадаадын агентлагаас хамтран хоёр, гурван санал ирсэн. Гэхдээ би нэг хэсэгтээ монголдоо ажиллах болно.

ЭРЭГТЭЙ ЗАГВАР ӨМСӨГЧ АРЬСАА ХЭРХЭН АРЧИЛДАГ ВЭ. МЭДЭЭЖ НҮҮР ЦАРАЙ ЧУХАЛ УЧРААС ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ БАЙХ?

-Загварын салбарынхны 80, 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг учраас эмэгтэй хүний нүдээр загварын салбарыг харах нь бий. Мэдээж эмэгтэй загвар өмсөгчид хувцас сонголтын тал дээр  илүү олон сонголттой байдаг. Мөн миссүүд маань хоолны дэглэм баримталдаг учраас эрэгтэйчүүд нь ч гэсэн барьдаг гэж ойлгодог. Миний хувьд ямар нэгэн хоолны дэглэм баримталж, жингээ барьдаггүй. Арьсаа айхтар арчлаад байхгүй ч чийгшүүлэх үйлчилгээтэй маск тавьдаг.

Олон улсын мистер шалгаруулах тэмцээнд оролцоход мэдээж биеийн өндрийн хэмжээ заана. Бас өмнөх ажиллаж байсан туршлагыг харж үздэг. Мөн бусадтай харилцаж, биеэ авч яваа байдлыг харж, үнэлдэг. 

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх дуртай. Найзуудтайгаа зааланд сагс, хөл бөмбөг тоглоно. Өнгөрсөн хугацаанд фитнессээр идэвхтэй хичээллэж байсан ч нэг жил завсарласан. Одоо дахин фитнессээр хичээллэж байгаа. 

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Сүүлд би БНХАУ-ын Шанхай хотын уран бүтээлчдээс уран сайхны киноны туслах дүрд тоглох санал хүлээн авсан. Эдгээр уран бүтээлчид маань Холливудын уран бүтээлчидтэй хамтран ажиллах гэж байгаа юм билээ. Уг киноны маань зураг авалт нь ирэх оны зургадугаар сард эхэлнэ. Миний хувьд одоохондоо киноны зохиолтойгоо танилцаж байгаа.

Өмнө нь монголын уран бүтээлчдээс хэд хэдэн уран сайхны кинонд тоглох санал тавьж байсан ч зөвшөөрөөгүй. Учир нь ихэнх дүр нь сээтэгнүүр залуугийн дүр байсан л даа. Цаашдаа би өөрийн карьераа кино урлагаар үргэлжлүүлж, энэ чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа. 

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Мэдээж би цаашдаа өөрийн суралцсан мэргэжлээрээ ажиллана. Мөн загварын карьеараа орхихгүй ээ. Одоогоос 10 жилийн дараа Азийн загварын ертөнцөд нэрээ гаргахыг хүсэж, мөрөөдөж явна даа. 

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Миний бодлоор залуу хүн зоригтой л байх хэрэгтэй. Алдаанаас айхгүй, алдсан ч шантрахгүйгээр хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна. Мөн өөр өөртөө үнэнч, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай тэмцэх хэрэгтэй шүү.

Монголын маань хойч үе болсон залуус боловсролдоо их анхаарч, ном их уншдаг болсон байна. Зарим хүмүүс залуусыг сошиалд “амьдардаг” болсон гэж шүүмжилдэг ч одоо цахим орчинд ч ном уншиж, мэдлэг мэдээлэл олж авах бүрэн боломжтой болсон. Миний хувьд алдартай хүмүүсийн намтар түүх, амжилтын оргилд хэрхэн хүрсэн талаар уншиж, судлах дуртай.

Гэрэл зургийг Ц.Ариунболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж