"Нарантуул" -ын чингэлэгт гарсан галыг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

"Нарантуул" -ын чингэлэгт гарсан галыг унтраалаа

"Нарантуул" -ын чингэлэгт гарсан галыг унтраалаа

 

Баянзүрх дүүргийн 14-р хороо "Нарантуул" захын хашаан дотор орших, ‘Баялаг ундраа’ төвийн хойно цахилгаан барааны 4-5 лангуу шатсан байна. Энэ талаарх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:53 минутын үед иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажилласан юм.

Биднийг 14:30 минутын үед "Нарантуул" захад очиход сэтгүүлч, зураглаач нарыг оруулахгүй, зураг авахыг зөвшөөрөхгүй байв. Гал гарсан павилоныг түймэр унтраах том машинаар хааж зогссон байлаа. Гал унтраах ангийнхан 14.50 цагийн орчимд галыг унтраасан.

Цахилгаан бараа, хүмүүсийн хайрцаг хураадаг тээш зэрэг галд автсан байсан бөгөөд бараа нь шатсан хүмүүс яриа өгөхөөс татгалзав.  

“Баялаг ундраа” төвд худалдагч хийдэг иргэн “Б” хэлэхдээ “Өглөө 10:00 цагийн үед гал уугиж эхэлсэн.  Гал унтраах дуудлага хэзээ өгснийг сайн мэдэхгүй байна. Дөнгөж сая л гал унтрааж дуусах шиг боллоо” гэж байв. Онцгойгийнхон гал гарсан газарт ажиллаж, хохирлын хэмжээг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Цахилгаан бараанууд үнэ өндөртэй байдаг тул хохирлын хэмжээ томоор яригдах бололтой. 

Сануулахад, 2015 онд "Нарантуул"-ын 00-д гал гарч байсан бол түүнээс өмнө хүнсний зах нь шатсан. Тус худалдааны төвийн босс, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хүнсний захад гарсан галыг санаатай тавьсан гэх асуудлыг тавьж ирсэн. Гэвч хууль хүчний байгууллагууд шалгалт хийгээд дээрх хардлагыг нотолж чадаагүй юм. 

Харин өнөөдөр гарсан гал нь цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэж иргэд хэллээ. Онцгой байдлын газраас шалгалтыг бүрэн хийж дууссанаар галын шалтгаан тодорхой болох юм. 

Гэрэл зургийн Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж