БНХАУ-ын Манжуур хотод энэ сарын 23-нд “Гоо сайхны элч” миссийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын нийт 60 гоо бүсгүй оролцсон юм. ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 бүсгүй оролцов.
ОХУ-аас Чита, Улаан-Үд, Новосибирск, Уфа, Владивосток, Красноярск гэх зэрэг олон хотоос шалгарсан 30 гоо бүсгүй ирсэн бол Монголоос 15 бүсгүй оролцов. Монголчуудын хувьд 200 гаруй охидоос 15-ыг нь шалгаруулж, дээрх тэмцээнд оролцуулсан байна. Ингэхдээ Улаанбаатар, Баянхонгор, Дундговь, Увс, Өмнөговь, Баянхонгор зэрэг аймгийг төлөөлсөн гоо бүсгүйчүүд байсан юм.
Уралдааны тэргүүн миссээр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас оролцсон Си Бинь тодорсон бол дэд байруудад ОХУ-ын гоо бүсгүй Искендерова Алия, удаах байранд Андрусова Светлана нар шалгарав.
Энэхүү миссийн тэмцээнд шилдэг гурван гоо бүсгүй шалгаруулахаас гадна үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинз, бэлтгэл сургуулилт хийх явцад шилдэг байж чадсан 10 миссийг тодруулж шагнал гардуулсан. Ингээд үндэсний хувцасны төрлөөр Монгол Улсын загвар өмсөгч Ч.Өлзийдэлгэр, усны хувцасны төрөл буюу хамгийн сайхан биетэй бүсгүйгээр БНХАУ-ын загвар өмсөгч Си бинь, шилдэг гоёлын даашинз төрлөөр ОХУ-ын гоо бүсгүй шалгарсан юм. Харин бэлтгэл сургуулилтын хугацаанд шилдэг байж чадсан 10 миссийн эхний тавд монгол бүсгүйчүүд шалгарсан юм.
Энэхүү тэмцээнд монголоо төлөөлж оролцсон гоо бүсгүйчүүдийг “Анунгоо-Үжин” ТББ-ын тэргүүн Б.Сувд сонгон шалгаруулсан бөгөөд 200 гаруй гоо охидоос 15-ыг нь сонгожээ.
Загвар өмсөгч Ч.Өлзийдэлгэр:
-Би Улаанбаатар хотоос ирж оролцож байна. Загвар өмсөөд ганцхан жил болж байна. Манжуурын миссийн тэмцээний шилдэг 10 гоо бүсгүйн нэгээр шалгарсан. Мөн Үндэсний хувцасны төрлөөр шилдэг гоо бүсгүй боллоо. Хоёр шагнал авсандаа баяртай байна. Өмнө нь хоёр тэмцээнд орсон. ‘New face’ тэмцээний тэргүүн мисс, ‘Face Off’ тэмцээний гуравдугаар байранд шалгарсан.
Сануулахад, 2016 оны Манжуурын гоо бүсгүй тэмцээний ялагчаар Монгол Улсын оролцогч Н.Мишээлт тодорч байсан билээ.
Т.НОМИН