Автотээврийн үндэсний төвөөс Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдод үйлчлэх улс хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, Булган сумаас Такашикен боомтоор Такашикен тосгон хүртэл 300 орчим метр газар автобусаар үйлчилж эхэлсэн байна. Урьд нь иргэд энэ зайд өөрсдийн ачаа, тээшээ өргөн алхаж хил нэвтэрдэг байсан бол одоо энэ байдал зогсчээ. Энэхүү тээвэрлэлийн үйлчилгээг долоо хоног бүрийн Даваа-Баасан гаригт 09.00-18.00 цагийн хооронд хийж байгаа аж. Үүнд Монголын талаас 45, 57 хүний суудалтай хоёр том оврын автобус гарч байгаа бол Хятадын талаас 16 хүний суудалтай бага оврын дөрвөн автобусаар үйлчилж эхэлсэн байна.
Улс хооронд нийтийн зорчигч тээврийн тогтмол тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгүүлэх гэрээг Ховд аймгийн “Байшинт ямаан ус хоршоо” ХХК -тай хийжээ.
Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бол дулааны улиралд энэ тоо 200 орчим хүртэл өсдөг байна.
Ч.БОЛОР