Перугийн экс удирдагч Алберто Фужиморид өршөөл үзүүлж, шоронгоос сулласныг эсэргүүцэн жагссан иргэдийг тараахаар цагдаа нар нулимс асгаруулагч, цахилгаан бороохой хэрэглэсэн байна.
Алберто Фужимориг шоронгоос сулласныг эсэргүүцсэн иргэд “Фужиморид өршөөл байхгүй” гэсэн лоозон барьж, нийслэл Лима хотод хоёр дахь өдрөө жагсч байна.
Перугийн ерөнхийлөгч Педро Пабло Кучински Зул сарын баярын өмнөх өдөр экс удирдагчид эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзэж, өршөөл үзүүлсэн.
1990-2000 оны хооронд Перугийн ерөнхийлөгч байх хугацаандаа хүний эрхийг зөрчсөн, хээл хахууль авсан хэргээр 25 жилийн хорих ял авсан Алберто Фужимориг өнгөрсөн долоо хоногт шоронгоос суллаж, эмнэлэгт хүргэсэн юм.
Жагсагчид Фужиморигийн хэвтэж байсан эмнэлгийн гадна эсэргүүцлээ илэрхийлэхээр цугласан боловч цагдаа нар хүчээр тараажээ.
Перугийн хэвлэлүүд Педро Пабло Кучинскид итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентад саналт хураалт явуулахыг болиулсны хариуд экс удирдагчийг сулласан гэж бичиж байгаа юм. Харин Педро Пабло Кучински үүнийг үгүйсгэж байгаа юм.
Перугийн конгресс дахь Кучинскийн намын хоёр гишүүн Фужиморид өршөөл үзүүлэхийг эсэргүүцсэний улмаас огцорсон билээ.
Алберто Фужимори ерөнхийлөгч байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэргээр 2007 онд зургаан жилийн хорих ял авсан юм. Мөн бүрэн эрх хэрэгжүүлж байх хугацаандаа хүний эрхийг зөрчсөн хэргийн улмаас 2009 онд 25 жилийн хорих ял хүлээсэн юм.
Алберто Фужимориг тусгай салааныханд тушаал өгч, аймшигтай аллагууд үйлдсэн гэж буруутгадаг.
Эх сурвалж: BBC