Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2017.12.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, уушгины хатгалгаа болон хүндэрч байгаа тул Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Вакциныг харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийх юм.
Мөн ирэх 2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх хүүхдүүдэд хийхээр болжээ. Санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргах аж. Нийт дүнгээрээ нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийжээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурсан үр дүнг үзүүлсэн аж. Мөн вакцин хийлгэсэн хүүхдүүдээс уушгины хатгалгаа өвчнөөр эндээгүй үр дүн гарсан тул нийт хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргажээ.
Дархлаажуулалтыг харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хийх бөгөөд хүүхдүүдээ дархлаажуулалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
Томуугийн хүндрэлээс болж эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь уушгины хүнд хэлбэрийн хатгаагаар өвчилж байгаа тул дархлаажуулалтад хамруулах нь эрсдэлээс хамгаалах боломжтой болгох юм.
Г.ХОРОЛ