Иран байгалийн хийн томоохон орд илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Иран байгалийн хийн томоохон орд илрүүллээ

Ираны өмнөд хэсэгт орших Ассалоейх мужаас 133 тэрбум ам.долларын үнэд хүрэхүйц 495 тэрбум м3 байгалийн хий, 658 сая баррель шингэрүүлсэн хийн ордыг илрүүлсэн талаар даваа гаригт мэдээлжээ. Уг ордоос өдөрт 60 сая куб метр байгалийн хий, 88 мянган баррель шингэрүүлсэн хийг олборлох боломжтой юм.

Ираны Үндэсний газрын тосны компани өнгөрсөн онд байгалийн хийн дөрвөн ордыг нээж илрүүлсэн бөгөөд уг дөрвөн ордод судалгаа хийж үзэхэд нийт 336 тэрбум куб метр байгалийн хий, 213 сая шингэрүүлсэн хийн нөөцтэй байгаа нь тогтоогджээ.

Өнгөрсөн долдугаар сард Ираны Газрын тосны яамны сайдын мэдэгдэлд тус улс жилд 217 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тос, байгалийн хийг олборлодог бөгөөд ирэх жилүүдэд уг тоо улам өсөх хандлагатай байгаа талаар дурьдсан байна. 2010 оны байдлаар Иран улс өдөрт дунджаар 4,2 сая баррель газрын тос, 600 сая куб метр байгалийн хий, 400,000 баррель шингэрүүлсэн хийг олборлодог байжээ.

Иран сая шинээр нээсэн Өмнөд Парсын байгалийн хийн ашиглагдаагүй ордыг ашиглалтанд оруулахад 15,8 тэрбум ам.долларыг төсөвлөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Өмнөд Парс болон Умард Домын ордууд нь Персийн буланд оршдог байгалийн шингэрүүлсэн хийн орд газрууд бөгөөд Иран, Катарын хамтын эзэмшилд харьяалагдаж, дэлхийд хамгийн том байгалийн хийн нөөцөд тооцогддог. Хоёр орд нийтдээ 9,700 хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамарч байгаагаас Өмнөд Парсын орд газар Ираны нутаг дэвсгэрт харьяалагдах 3,700 км2, Умард Домын орд Катарын газар нутагт харьяалагдах дээрх 6,000 км2 газрыг тус тус эзлэн оршиж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж