УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.12.26/ хуралдаж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын бүтэц болон цалингийн асуудалтай холбоотой УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Тогтоолын төсөл батлах саналыг АТГ-аас 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба АТГ-ын харьяалалд очсон. Мөрдөн байцаах алба нь 47 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд АТГ нийт 172 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Одоо ч энэ орон тоо хэвээр байгаа бөгөөд УИХ-ын тогтоол нь албажин гараагүй өдий хүрсэн байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор төсөвтр нэмэлт орохгүй бөгөөд цалин нэмэхгүй, харин тус байгууллагын цалингийн нэмэгдлийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтад нийцүүлэхээр хэлэлцэж байгаа юм байна. АТГ-ын албан хаагчид 795 мянгаас 1,8 сая хүртэлх төгрөгийн цалинг одоо ч авч байгаа юм байна.
Дээрх хоёр тогтоолын төсөл нь одоо хэрэгжиж байгаа ч УИХ-ын тогтоол нь гараагүй учраас ийнхүү хэлэлцэж байгаа гэдгийг байнгын хорооны дарга онцолсон юм. Байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын бүтэц болон цалингийн нэмэгдэлтэй холбоотой тогтоолын төслүүдийг байнгын хороо дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Тогтоолын төслүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр тогтоолд тусгажээ.
Ш.ЧИМЭГ