БНХАУ-ын Манжуур хотын Засгийн газраас санаачлан “Нэг бүс нэг зам” хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд Манжуурт зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон юм.
Сануулахад, БНХАУ-ын Нэг бүс, нэг зам санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замын бүсэд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм.
Тэгвэл Манжуур хоттой хил залгаа оршиж байгаа Дорнод аймаг аялал жуулчлал, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор ямар ажил хийж байгааг тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлоос тодрууллаа. Тэрбээр “Дорнод аймгийн хувьд Манжуур хоттой эдийн засаг, аялал жуулчлалын байнгын харилцаатай байдаг. Хятадын талаас Баянхошууны боомтоор гараад Буйр нуурт аялал жуулчлал хөгжүүлэх санал тавьдаг. Бидэнд ч Буйр нуурыг түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж бий. Гэвч дэд бүтцийн асуудал, шороон замтай байгаа нь бэрхшээл болж байна. Энэ асуудлаа Засгийн газар уламжилдаг ч хараахан ажил хэрэг болдоггүй. Гэхдээ бид өөрсдөөс хамаарах асуудлаа шийдвэрлэж байгаа. Жишээ нь ариун цэврийн байгууламж, гэр хоолны газрын нөхцөлийг сайжруулах гэх мэт ажлууд хийж байна” гэв.
Т.НОМИН